БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.

БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.

Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.

Тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцсонд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль талархал илэрхийллээ. БНСУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

+ There are no comments

Add yours