Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулгыг Ардчилсан намын даргад нэр дэвших үед Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн

Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн юм.

Тэрбээр, “Х.Баттулга гэдэг хүн Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөгдсөн. Зөвлөх болсон шалтгаан нь олимптой холбоотой. Өөрөөр хэлбэл, спортыг дэмжих зорилгоор хамтарч ажиллая гэдэг зүйл яригдсан. Дараа нь Ардчилсан Намын даргад нэр дэвших ч юм уу иймэрхүү асуудал үүсэх үед чөлөөлөх шийдвэр гаргасан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулахтай холбоотойгоор сумын Иргэдийн хурлын дарга БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгснөөр энэ асуудал амаргүй нөхцөл байдал руу орсон. Сумын Иргэдийн хурлын дарга шууд гадаад харилцаа хийх албан тушаалтан биш. Манайд ийм замбараагүй байдал нэлээд хавтгайрсан. Ерөнхий сайдын хувиар энэ асуудалд арга хэмжээ авна.Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхаасаа эхлээд сонгодог парламенттай байх нь зөв гэдэг байр суурьтай байсан. Сонгодог парламент нь гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоотой болно гэсэн үг. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно гэсэн үг. Бид тэг дундуур нь 30 жил явлаа. Бид ОХУ-тай рублиэр своп хийх асуудлыг тавьсан. Хэрэв энэ хэлцэл амжилттай болбол урсан гарч байгаа валютын нөөцөө тодорхой хэмжээнд барих боломжтой болно.

Хоёр шинэ яамны сайдтай холбоотой асуудлын тухайд сайд нь олдохгүй болохоор томилохгүй яваад байгаа юм биш. Энэ хоёр яам хоёулаа өмнө нь агентлаг байсан. Өмнө нь Эдийн засаг хөгжлийн яам яагаад татан буугдсан бэ гэхээр Сангийн яамтай үл ойлголцол бий болгосон. Ерөнхийдөө хоёр дахь Сангийн яам болоод улсын төсвийн 2-3 хуваасан. Тиймээс тодорхой хэмжээнд энэ яам бэхжиж, Сангийн яамтай ойлголцох хүртэл Сангийн сайд хариуцна. Хөгжлийн бодлогоо Эдийн засаг, хөгжлийн яам, сангийн бодлогоо Сангийн яам барьж хоорондоо өрсөлдөөнгүй байх ёстой.

Цахим хөгжлийн яамны хувьд томоохон эрх зүйн шилжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байгаа. Энэхүү багц хуулийн асуудал шийдэгдэх хүртэл ийм байдалтай явах нь зөв юм. Засгийн газрын бүтцийн бүхэлд нь эргэж харна. Зарим хэсэг нь ЗХУ-ын хуучин бүтцээр, зарим нь барууныг хуулбарласан бүтцээр явж байгаа. Ирэх жилээс төрийн бүтцийн чиг үүргийг давхцуулахгүй байхаар зохион байгуулна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн 11 11 төв Ерөнхий сайдын дэргэд ирж байгаа. Маргааш нээлтээ хийнэ. Ингэснээр Ерөнхий сайдад ирж байгаа бүх гомдол мэдээллийг цахимаар бүртгэдэг болно. Тус төвийг Ерөнхий сайдын ажлын алба удирдана” гэжээ.

+ There are no comments

Add yours