“Хазгар” засгийн “хазгай” сайд

Ингэхэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хариуцлага тооцвол Ерөнхий сайдын суудал ганхахын шалтгаан юу вэ? Аминаасаа үнэтэй шахам албан тушаалыг нь аль байдгаар “хараар будаад” байгаа хариуцлагагүй сайддаа хариуцлага тооцож, албанаас нь буулгаж чадахгүй байгаа Л.Оюун-Эрдэнэ сайдын “гилбэлзээн” юунд байна. Л.Халтарыг албанаас нь буулгавал Засгийн газар ганхах уу, унах уу? Аль нь болоод айж эмээгээд байгаа юм бол?

Өндөр албан тушаал хашиж байгаа бол “хамгаалалт” хэмээх хүн бүхний нүдэнд илт харагдах ч гарт баригддаггүй нэгэн “бүс-д орчихдог нь гэм биш зан болсон. Ийм ямбыг эдэлж яваа хүн бол Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар юм. Л.Оюун-Эрдэнэ өөрийн удирдах Засгийн газраа байгуулаад Зам тээврийн яамыг өргөтгөж Хөгжлийн гэдэг үг нэмээд зогсохгүй хэн бүхний анхаарлыг үт татах нэгэн эрхмийг сайдаар томилсон нь өнөөгийн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гэгч байв.

 Л.Халтарыг олон нийт танихгүй. Харин улс төрийн хамааралтай албан тушаалд өнө удаан жил тогтвортой ажиллаж, сүүлийн жилүүдэд онц хурдтайгаар өгсөж шинэхэн засгийн газарт зам тээвэр гэх их асуудалтай том яамны сайдаар томилогдоход ихээхэн нөлөө үзүүлсэн “нөхөр” бол МАКС Ганбаатар гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлэх. Ямартай ч ардаа “асаалттай танк” шиг татаастай учир Л.Халтар энэ засгийг бүрэн бүрэлдэхүүнээр буугаагүй байхад сондгойрч “татагдахгүй” нь тодорхой гэлцэх. Гэвч “авилга авсан сайд…” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “эхнэр нь Монголын төмөр замд вагон хариуцдаг. Эхнэрээрээ дамжуулан 600 сая төгрөг авсан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хатуухан хэлсэн , саяхан.

 “Ачигчаас ажлын гараагаа эхлүүлсэн, салбарын ажлаа мэддэг сайдтай боллоо” хэмээн пялайтал магтуулж бичүүлээд байсан Л.Халтар сайдыг  “Instant Trans” гэж компаниар дамжуулан гацсан чингэлгүүдийг явуулах эрх олгох бизнес хийдэг. “Cosco” гэж компанид монголын далайн тээвэрлэлтийн монопол эрхийг олгосон. Энэ нь тээвэрлэлтийн түгжрэл үүсгэх гол шалтгаан гэдгийг маш тодорхой гаргаж ирээд буй учир аливаад хүлээцтэй ханддаг монголчуудын ч ТЭВЧЭЭР тасрахдаа тулж бухимдаж эхэллээ. Сайд биш саад болсон Л.Халтартаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан шаардлага энэ мэтчилэн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудаар дамжин хэвлэлээр цацагдаж эхлэв.

Энэ засгийн газар багаа бүрдүүлж, бүх сайд нар албандаа томилогдож байхад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын өөрийн орлого нь 264 сая төгрөг, гэр бүлийнх нь 7.2 сая төгрөг байж. Түүнд амины орон сууц нэг, нийтийн орон сууц гурав байгаа бөгөөд 98 сая төгрөгний үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 201.4 сая төгрөгтэй, авлага нь 315.6 сая төгрөгтэй хэмээн АТГ-т өгсөн ХОМ-д бүртгүүлж. Түүнд бүртгэлд орохоор зээл болон хурдан адуу, сүрэг хонь байхгүй аж.

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон цагаас хойш сайн нэр зүүгээгүй Л.Халтар сайдын хувьд ОХУ-д Төмөр замын хоёр ч сургууль дүүргэсэн мэргэжлийн төмөр замчин гэлцэх. Ачигчаас ажлын гараагаа эхлүүлж, захирал, дарга, дэд сайд, сайд хүртэл дэвшин ажилласан тэрбээр өнөөдөр САЙД-ын албан тушаалыг харин “зүдүүхэн” үүрч явна. Зарим хүмүүс түүнийг өмөөрч, “цар тахлын амаргүй үед хил гааль, зам тээврийн асуудал бол Л.Халтар сайд бүү хэл Монгол Улсын Засгийн газрын зангаргаас ч давсан хэрэг болоод байна” гэлцэж буй. Тэр бүү хэл “улс төрд элбэг байх албан тушаалд санаархагчдын “бууны сум”-нд өртөөд байгаа…” хэмээн өмөөрөгчид ч цөөнгүй. Улс төрийн хатуу зам мөрийн дагуу САЙД хэмээх эрхэм албанд санаархагч “дараагийн ээлж”-ийн нэгдүгээр эгнээнд Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаал “цойлж” буй нь үнэн.  Энэ ч утгаараа сайд, даргын суудалд санаархаж байгаа хэдэн арван намчин намын дарга, эрх мэдэл бүхий эрх баригчдын үүдийг сахиж, өмдний шороог нь гөвөн хэлээрээ гутлыг нь арчиж, хүзүүгээ гэлжийтэл “нэрээ хүлээж” буй нь бас л нэг хоржоонтой үнэн.

 Энэ дашрамд дурдахад, Л.Халтар сайдын алдаа болгоныг тодруулж, аль болох олны сонорт шууд хүргэх ажлыг хариуцаж байгаа нөхдийн ард Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ байгаа гэх цуу үг газар аваад буй. Ж.Бат-Эрдэнэ бол монголчуудын дунд “шударга тав” хэмээн алдаршсан ч албан тушаалаар амаа таглуулж, ард олондоо “хэн бэ” хэмээн танигдсан ичгүүргүй таван гишүүний нэг Ж.Батзандангийн ах юм. АН-ын гишүүн атлаа МАН-ын гишүүдтэй нийлэн шударга үнэний дүрд тоглосон Ж.Батзандан “дипломат албаны хугацаа” нь дуусаж байгаа тухай өдөр алгасахгүй постолж, өөрийгөө “улс төрийн хоригдол” мэтээр ээлжит шоугаа эхэлсэн ч ард түмэн бүү хэл ах намаасаа дэмжлэг авахгүй тэгсгээд дарагдаад буй. Гэсэн ч өөрийн хийгээд ах дүүсийнхээ төлөө хэзээ ч шантарч байгаагүй “шударга” гишүүн асан маань ээлжит “тэмцэл”-ээ эрхэм ахынхаа цаашдын улс төрийн замыг засахаар зориулаад буй гэлцэх, олны үг ортой болж харагдсан нь Зам, тээврийн хөгжлийн сайдын суудлын ганхаан юм.  

 Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эргүүлэн татагдах сайд нарын нэрсийг “өнгөлж” буй Л.Халтарыг, “Японоос ирэх дөрөвдүгээр сард ирэхээр ачуулсан чингэлэг Хятадын Тяньжин боомтод саатаж хэзээ ирэх нь тодорхойгүй”. “Барилгын материалын импорт, экспорт зогсож Улаанбаатарын бөөний худалдаачдын агуулахууд бүгд хоосорсон”. “Эдийн засгийн эргэлтэд хурд чухал. Импортын тээврийн зардал гурав дахин өсөж, Эрээн-Замын-Үүдийн ачааны  бөөгнөрөл дээд цэгтээ тулсан”. “Наймаачид, иргэдийн бухимдал тэсрэхэд бэлэн болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 10-25 хувьд хүрсэнээс гурил 10, өндөг 25, элсэн чихэр 24, цөцгийн тос 25, бяслаг 24, жимсний чанамал 20, махан бүтээгдэхүүн 22, сав баглаа боодол 15 хувиар тус тус үнэ нь өссөн…” гэх мэтээр олон шалтгаанаар буруутгах буруутгал улам ихэссээр буй.

 САЙД-ын суудлын гэрэл нь УЛААНаар асаад удаж буй. Ассан гэрлээ унтраахгүй юм бол Засгийн газар гэж байгаад яах юм. “Зам угаагдсан”, “галт тэрэг замаас гарсан”, “ачиж явсан шатахуун асгарсан”, “ачаа их хэмжээгээр саатсан” … энэ бүхнээс үүдсэн алдагдлаа хэнээс нэхэх вэ, МОНГОЛЧУУД?

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

3Comments

Add yours
  1. 2
    Иргэн

    Ажилаа хийж байгаа хүнийг буулгаж дийлэхгүй болохоор одоо голд нь яс хаяж үзэж байгаа юм биз дээ. Дэмий биз дээ хө, Жингийн цуваа явдагаараа явна, жингэр ноход хуцалдаад л үлдэнэ дээ. Халтар сайд шиг эрх ашиг сонирхолын зөрчилгүй, шударга зарчимч, ажил хийвэл дуустал хийдэг жинхэнэ төрийн албан хаагчийг та нар хаанаас ч олохгүй дээ . Яг одоо ийм үед. Харин ч нэг баттай хэлж чадна шүү

+ Leave a Comment