МАН-ы Төв байрнаас иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж сонгуульд ашигладаг байсан уу???

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ


2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/583
 
                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Б.Амармөрөн (томилолтоор);
хохирогч: Г.Номин-Эрдэнэ;
шүүгдэгч: Э.Г, Э.Ч, М.Ж, Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
 
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.Г, Э.Ч, Б.Т, М.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, системийн аюулгүй байдлын мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт  , урьд ял шийтгэлгүй, Э.Г
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн  хамт  , урьд ял шийтгэлгүй, Э.Ч;
3. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт  , урьд ял шийтгэлгүй, Б.Т;
4. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт  , урьд ял шийтгэлгүй, М.Ж.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Г, Б.Билгүүндалай, Б.Т нар нь бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны 4 давхар 411 тоотоос Фишинг төрлийн үйлдлийн программыг ашиглан   фэйсбүүк  хэрэглэгч  Ж.Бадамхандын   “Мөрөөдөл   биелдэг”   нэртэй фэйсбүүк хаяг руу хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөн нэвтрэх нэрийг мэдэгдэлгүйгээр авч нууц үгийг өөрчлөх буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрч танилцсан,
яллагдагч Б.Т, Э.Ч, Э.Г, М.Ж нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны 4 давхар 411 тоотоос Z Shadow.online веб сайт болон Фишинг төрлийн үйлдлийн программыг ашиглан Г.Номин-Эрдэнэ, Ц.Мөнхжаргал, Ө.Айсаул, Б.Маралмаа, Г.Батцэцэг, Ц.Хулан, Ж.Гансүх, Н.Бүжинлхам, Р.Удвал, Э.Солонго, Б.Уянга, Г.Цэрэнсамбуу, Д.Наранбаатар, Б.Хонгорзул нарын болон фэйсбүүк хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг мэдэгдэлгүйгээр авч нууц үгийг өөрчлөх буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрч, танилцсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: “…Бусдын цахим мэдээллийн хэрэгсэлд халдсан гэж улсын яллагчаас буруутгаж байна. Миний хувьд цахим мэдээллийн системд тавьж байсан заруудаа мэдэж байгаа. “1072 хувьцаа зарна, ажилд авна, мөн судалгаа бөглөөд 10.000 төгрөг аваарай” гэх мэт зарууд тавьж байгаагүй. Бид хэдтэй адилхан фэйсбүүкээр зар явуулж байсан хүмүүс зөндөө байгаа. Миний хувьд тухайн 1.500.000 төгрөгийг хувьдаа авсан зүйл байхгүй.  “Мөрөөдөл биелдэг” гэх фэйсбүүк хуудсыг зарсан мөнгө нь Б.Тийн данс руу орж ирээд тус мөнгийг Билгүүндалай авсан. Миний Б.Тт өгсөн 300.000 төгрөг “Мөрөөдөл биелдэг” гэх фэйсбүүк хуудсыг зарсан мөнгөнөөс өгсөн зүйл байхгүй. Би өөрийнхөө хувийн мөнгөнөөс өгсөн. Бид нарын хувьд “Мөрөөдөл биелдэг” гэх фэйсбүүк хуудсыг олзолж аваад тухайн хуудсыг телевизийн хуудас гэдгийг мэдээд тус хуудсыг зарах саналыг Билгүүндалай  анх гаргаж, Б.Т тухайн фэйсбүүк хуудсыг зарах зүйл яригдаж байсан. Миний хувьд “Мөрөөдөл биелдэг” гэх хуудсыг зарах үед оролцсон оролцоо байхгүй. Хүмүүсийн фэйсбүүк хаяг руу нэвтэрдэггүй байсан зөвхөн Э.Ч, Б.Т, М.Ж нарт фэйсбүүк олзолж авах аргыг зааж өгч байсан. Э.Ч, Б.Т, М.Ж нар орж ирсэн фэйсбүүк хаягийг Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн ажилтан Содмагнай гэх хүнд өгдөг байсан. Тухайн олзолсон фэйсбүүк хаягуудыг Содмагнай нь сонгуулиар ашиглах гэж бид нараас фэйсбүүкийн мэдээллүүдийг авдаг байсан. Бид нарт анх ажлын санал тавих үедээ “олон тооны фэйсбүүк аккаунт авна” гэж санал тавьж Содмагнай нь  “фэйсбүүк аккаунт хөгжүүлэх ямар ч боломжгүй байна” гэж хэлэхээр нь “Z shadow” гэдэг программыг танилцуулахад “тухайн программаар фэйсбүүк аккаунт нийлүүл” гэж хэлсэн. Миний хувьд тухайн ажлын саналыг М.Жд эхлээд санал болгоод дараа нь Б.Т, Э.Ч нарт санал болгож хоорондоо ярьж тохиролцоод хамтран ажиллахаар болсон. Прокуророос намайг хүмүүсийн мэдээллийн хэрэгсэлд халдсан гэж буруутгаж байгаа. Миний хувьд холбоос болон “Z shadow” программыг ашигладаггүй байсан. Би Э.Ч, Б.Т, М.Ж нараас ирүүлсэн хүмүүсийн фэйсбүүк хаягийн мэдээллийг цааш нь Содмагнай гэх хүнд дамжуулдаг байсан” гэв.  
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: “…Анх Э.Г тус ажлын саналыг тавьж хамтран ажиллахаар болсон. Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсээс бид нарт 1000 гаруй утасны дугаар өгсөн байсан тул хохирогч нарын фэйсбүүк хаягийн утасны дугаарыг арилгаж шинэ утасны дугаар бүртгэдэг байсан. Тус олзолсон фэйсбүүк хаягийнхаа паспортыг сольсон зүйл байхгүй. Бид нарын хувьд нэвтрэх нэрийг солиод Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн Алтантуул гэх хүнд өгөөд тухайн хэлтэс нь нууц үгийг сольдог байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “…Хохирогч нарын фэйсбүүк аккаунт руу нэвтэрч ороод хүмүүсийн мэдээллийг цааш Монгол Ардын намын  цахим бодлогын хэлтэс хариуцсан багт өгөөд тухайн хүмүүс нууц үгийг сольдог байсан. Э.Ч бид хоёрын хувьд Э.Гоос 700.000 төгрөг хувааж аваад тус ажлаас гарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “…Бид нарын хувьд тус хохирогч нарын фэйсбүүк аккаунтыг хувьдаа ашиглах гэж аваагүй. Миний хувьд тус ажлыг хийж гүйцэтгэх үедээ цалин хөлс авна гэж ойлгож тус ажлыг хийдэг байсан. Хохирогч нарын хаяг руу нэвтэрч ороод мэдээллийг авдаг, хариуцсан хүнд хүлээлгэж өгч цалингаа авдаг байсан” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 11-16, 4хх-ийн 157-166, 222-226/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 17-20/, Z shadow хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 21-81, 82-107, 4хх-ийн 70-71, 5хх-ийн 44-46/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1хх-ийн 108-111, 4хх-ийн 73-76, 5хх-ийн 47-50/, фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 213-217/гэрч П.Эрдэнэчимэг /1хх-ийн 114-115/, гэрч Г.Энхзул /1хх-ийн 118-119/ нарын мэдүүлэг, эд зүйл болон веб сайтад үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 121-137, 140-142/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 13, 67, 144, 215-216, 3хх-ийн 12-13, 56-57, 97-98, 137-138, 173-174, 250, 4хх-ийн 1, 60-61, 103-104, 145-146, 201-202, 5хх-ийн 36/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 19-21, 85-87, 158-160, 3хх-ийн 20-22, 104-106, 4хх-ийн 110-112, 154-156/, хохирогч Б.Хонгорзулын мэдүүлэг /2хх-ийн 28-29/, цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 76-84, 156-157, 223-224, 3хх-ийн 64-65, 146-147, 180-182/, хохирогч Д.Наранбаатарын мэдүүлэг /2хх-ийн 91-92, 93-94/, хохирогч Г.Цэрэнсамбуугийн мэдүүлэг /2хх-ийн 163-164/, хохирогч Б.Маралмаагийн мэдүүлэг /2хх-ийн 228-230, 231-232, 233-234/, хохирогч Р.Удвалын мэдүүлэг /3хх-ийн 31-32/, хохирогч Ө.Айсаулен мэдүүлэг /3хх-ийн 73-74/, хохирогч Н.Бүжинлхамын мэдүүлэг /3хх-ийн 115-116/, хохирогч Ж.Гансүхийн мэдүүлэг /3хх-ийн 153-154/, хохирогч Э.Солонгын мэдүүлэг /3хх-ийн 185-186/, хохирогч Ц.Хулангийн мэдүүлэг /4хх-ийн 14-15/, хохирогч Ц.Мөнхжаргалын мэдүүлэг /4хх-ийн 79-80/, хохирогч Б.Уянгын мэдүүлэг /4хх-ийн 117-118/, хохирогч Г.Номин-Эрдэнийн мэдүүлэг /4хх-ийн 177-178/, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /4хх-ийн 231-238/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 241/, хохирогч Ж.Бадамханд /5хх-ийн 8/, гэрч Б.Билгүүндалай /5хх-ийн 10-11/, гэрч С.Мөнх-Эрдэнэ /5хх-ийн 14/, гэрч Л.Гантулга /5хх-ийн 16/, хохирогч Г.Батцэцэг /5хх-ийн 53-54/, хохирогч Ц.Хулан /5хх-ийн 95-96/ нарын мэдүүлэг, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 97-98, 106-107, 114-115, 122-123, 131-132, 227-228, 236-237, 245-246, 6хх-ийн 4-5/, Э.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 220-224, 2хх-ийн 48-52, 120-124, 176-180, 236-240, 5хх-ийн 101-105, 6хх-ийн 1-2/, М.Жы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 230-234, 2хх-ийн 127-131, 197-201, 3хх-ийн 6-10, 93-95, 227-231, 4хх-ийн 93-97, 195-199, 5хх-ийн 69-73, 126-130, 6хх-ийн 8-11/, Б.Билгүүндалайн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 136-140/, зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 183-184/, Э.Чий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 241-243, 2хх-ийн 61-64, 112-115, 190-193, 245-248, 4хх-ийн 133-136, 5хх-ийн 110-113, 231-234/, Б.Тийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 1-2, 136-139, 207-210, 3хх-ийн 51-54, 132-135, 168-171, 219-222, 4хх-ийн 55-58, 5хх-ийн 27-28, 117-121, 240-243/, Э.Чий хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 162-165, 167/, Э.Чий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 168-170/, М.Жы хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 171-179, 181/, М.Жы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 182-185/, Б.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 186-188, 196/, Б.Тийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 189-195, 4хх-ийн 243-250, 5хх-ийн 1-4/, Э.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 197, 200-202/, Э.Гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 203-212/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г, Б.Т (Б.Билгүүндалайн хэргийг нь тусгаарласан) нар нь бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны 4 давхарын 411 тоотоос “Фишинг” төрлийн үйлдлийн программыг ашиглан   иргэн Ж.Бадамхандын “Мөрөөдөл   биелдэг” нэртэй фэйсбүүк нийгмийн цахим сүлжээний нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг хууль бусаар олзлон авч нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилсөн, мэдээллийг засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж “Мөрөөдөл   биелдэг” нэртэй фэйсбүүк хаягийг бусдад зарж борлуулсан,
мөн шүүгдэгч Б.Т, Э.Ч, Э.Г, М.Ж нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны 4 давхарын 411 тоотоос “Z Shadow” веб сайт болон “Фишинг” төрлийн үйлдлийн хортой программыг ашиглан иргэн Г.Номин-Эрдэнэ, Ц.Мөнхжаргал, Ө.Айсаул, Б.Маралмаа, Г.Батцэцэг, Ц.Хулан, Ж.Гансүх, Н.Бүжинлхам, Р.Удвал, Э.Солонго, Б.Уянга, Г.Цэрэнсамбуу, Д.Наранбаатар, Б.Хонгорзул нарын фэйсбүүк нийгмийн цахим сүлжээний нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг хууль бусаар олзлон авч, нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилсөн, мэдээллийг устгасан, ашиглах боломжгүй болгосон үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Хонгорзулын /2хх-ийн 28-29/: “…Би өөрийн Б.Хонгорзул гэх нэртэй фэйсбүүк хаягийг бусдад алдаад одоо орж чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. …2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш орж чадахгүй байгаа. Хэрхэн алдсанаа мэдэхгүй байна. …Фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг, бүртгэлтэй утасны дугаар, миний постуудыг устгасан байсан. ..фэйсбүүкээс мэдээлэл авч ойр дотны хүмүүстэйгээ харилцаж чадаагүй…” гэх мэдүүлгээр,  
хохирогч Д.Наранбаатарын /2хх-ийн 92-94/: “…Миний бие нь 2012 оны “Naraa Dashdorj” нэртэй фэйсбүүк хаяг нээж өөрийн зураг хөргийг хийж, найз нар болон ажлын хүмүүстэй чатаар мэдээлэл солилцож, фэйсбүүкийг ашиглаж ирсэн. Тэгтэл 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10-74 тоотод байж байхад миний ашигладаг фэйсбүүк орж болохгүй болсон. Тухайн үед би гайхаад нууц үгийг сэргээх тохиргоог ашигласан боловч нэвтэрч орж болохгүй байсан. Тэгээд өөрийн фэйсбүүк хаягийг бусдад алдсанаа мэдсэн. Түүнээс хойш хаягтаа нэвтэрч орж чадахгүй байсаар өдийг хүрсэн бөгөөд миний фэйсбүүк хаягийн зургийг устгасан байсан. …Би өөрийн фэйсбүүк хаягт нэвтэрч орж чадаагүй нууц үгийг өөрчилсөн ба бүртгэлтэй имэйл хаягийг устгасан байсан. …Хувь хүний захидал харилцааны нууц алдагдсан. …бодит хохирол учраагүй, ажил хэргийн шугамаар фэйсбүүк хаягаа янз бүрээр ашиглах шаардлага гардаг. Гомдолтой байна…” гэх мэдүүлгээр,
хохирогч Г.Цэрэнсамбуугийн /2хх-ийн 164/: “…Би 2014 онд 9 дүгээр ангид байхдаа Г.Цэрэнсамбуу нэртэй фэйсбүүк хаяг найзынхаа мэйл хаягаар нээж байсан.  …2020 оны 02 дугаар сарын эхээр фэйсбүүк дээр “гар утасны хар зах …зарын групп дээр онлайн ажилд бүртгэж байна” гэсэн зар байхаар нь ороод мэдээлэл авъя гэж бичтэл над руу чатаар линк явуулсан. Линкрүү нь ороод …буцаад фэйсбүүктээ орох гэтэл орж болохоо больсон. Линкрүү нь ороход уншаад л байсан. …Нэвтрэх нэр, нууц үг солигдсон гэсэн хариу өгөөд фейсүүктээ орж болохгүй байсан. …Нэвтрэх нэр, нууц үг өөрчилсөн, миний зурагнуудыг устгасан, нүүр зургийг өөрчлөөд танихгүй эмэгтэй хүний гар утас барьчихсан зураг тавьсан байсан. …Гэр бүлийн дурсгалтай зураг байсан. Охины минь бүх л зураг байсан, гомдолтой байна…” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.Маралмаагийн /2хх-ийн 231-234/: “…Би өөрийн Маралмаа Б. гэх нэртэй фэйсбүүк хаягийг бусдад алдаад одоо орж чадахгүй байгаа …2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш орж чадахгүй байгаа. Би тухайн өдөр ажилд орохоор …фэйсбүүк хаягаар явуулсан линк хаяг руу нь бүртгүүлсэн. Түүнээс хойш миний фэйсбүүк хаяг орохгүй байгаа. …Фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг, бүртгэлтэй утасны дугаар, миний постуудыг устгасан байсан…” гэх мэдүүлгээр,
хохирогч Р.Удвалын /3хх-ийн 31-32/: “…би өөрийн Р.Учка гэх нэртэй фэйсбүүк хаягийг бусдад алдаад одоо орж чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орж чадахгүй болсон. Хэрхэн алдсанаа мэдэхгүй байна. …86860034 гэсэн утасны дугаар бүртгүүлсэн байсан. И- мэйл бол бүртгүүлээгүй байсан. Би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах гэртээ байж байгаад алдсан. …Фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг, бүртгэлтэй утасны дугаар, миний постуудыг устгасан байсан. Фэйсбүүкээс мэдээлэл авч ойр дотны хүмүүстэйгээ харилцаж чадаагүй…” гэх мэдүүлгээр,
хохирогч Ө.Айсаулегийн /3хх-ийн 73-74/: “…Би Өмирбек Айсуле нэртэй фэйсбүүк хаягаа 4-5 жилийн өмнө нээсэн. 2020 оны 02 дугаар сарын дундуур нэг хүн чатаар судалгаа бөглөөд өгөөч гэхээр нь чатаар ирсэн судалгаа руу нь ороход миний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг бичүүлсэн. Тэгээд фэйсбүүк хаяг руу дахиж орохоо больсон. Тэгээд эргэж фэйсбүүкээ авч чадаагүй. Шинэ фэйсбүүк хаяг нээсэн. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй. Ямар хүн чатаар судалгаа явуулсныг санахгүй байна. Огт танихгүй хүн байсан. Ямар судалгаа байсныг ч одоо санахгүй байна. …Буцаад фэйсбүүк хаяг руугаа орох гэтэл нэвтрэх нэр, нууц үг буруу байна гээд нэвтэрч болохгүй байсан. Тэгээд л би фэйсбүүк хаягаа алдсан. Миний бодлоор над руу судалгаа гэж явуулаад миний нэвтрэх нэр, нууц үгийг авч солиод намайг орох боломжгүй болгосон байсан. Миний алдсан фэйсбүүк хаяг нэрээр хайхаар гарч ирээд идэвхитэй, устаагүй байсан. …Миний 20 гаран зураг байсан. Найз нөхөд, оюутны ангийнхан, гэр бүлтэйгээ, багш нартайгаа харилцсан чатууд байснаа алдагдсан. Миний найз нөхөдтэйгөө харилцсан чатны нууц алдагдсан гэж бодож байна…” гэх мэдүүлгээр,
хохирогч Н.Бүжинлхамын /3хх-ийн 115-116/: “…би 2012 онд Бүжээ Бүжинлхам нэртэй фэйсбүүк хаяг нээж түүнээс хойш идэвхитэй ашиглаж, ойр дотны найз нөхөдтэйгөө чатаар харилцаж, өөрийн зураг зэрэг хувийнн мэдээллийг хийж ашиглаж ирсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын дундуур гэртээ буюу Баянгол дүүргийн 12 дугаар хоpoo 5Б байрны 27 тоотод байж байгаад өөрийн фэйсбүүк хаягаа бусдад алдсанаа мэдсэн. …Би өөрийн алдсан фэйсбүүкийг имэйл хаягаар үүсгэж байсан. Тухайн үед бүртгүүлж байсан имэйл хаяг ашиглахгүй удсан болохоор хаагдсан. …ямар ч байсан миний фeйcбүүк хаягийн нууц үгийг өөрчилсөн бөгөөд хувийн чатыг устгасан эсэхийг нэвтэрч орж болохгүй болохоор сайн мэдэхгүй байна. …захидал харилцааны нууц алдагдсан бөгөөд ажил төрлийн холбоотой зүйлс чатаар бичиж байсан болохоор ажлын холбогдолтой мэдээлэл байсан мөн миний фэйсбүүк хаягт нэвтэрсэн нь надад хохиролтой байна…” гэх мэдүүлгээр,
 
хохирогч Ж.Гансүхийн /3хх-ийн 153-154/: “…Надад Ж.С.Гансүх нэртэй фэйсбүүк хаяг байсан. Анх 2012 онд gansuh_1221@yahоо.com нэртэй хаягаар нээж байсан. Энэ фэйсбүүк хаягаа 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр алдсан. Жаргал Аавын Охин нэртэй фэйсбүүк хаягтай хүн …ажлын зар байрлуулдаг пейж хуудаст “судалгаа бөглөөд 10.000 төгрөг аваарай” гэсэн зар байрлуулсан байхаар нь чатаар холбогдоод над руу линк явуулсан. Тэр линк рүү нь ороход миний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хийлгэж авсан. Тэгээд тэр линк рүү нь ороход учир нь ойлгогдохгүй их олон үсэг тоо байсан. Орос үгнүүд байсан. Тэгээд би гараад буцаад өөрийнхөө фэйсбүүк хаяг руу орох гэтэл орж болохгүй байсан. …Миний Ж.С.Гансүх нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг сольсон бас морьны зураг нэмээд оруулчихсан, сонгуулийн сурталчилгаа бололтой Болдын Жавхлан Улсын Их хурлын гишүүн гэсэн мэдээлэл шэйр хийсэн, Цэвэгдоржийн Туваан гэдэг хүний цагаан сарын мэндчилгээ шэйр хийсэн байсан. …миний өөрийн зарим зургийг устгасан байсан. …Их олон жил хэрэглэсэн 3000 гаран найзтай байсан. Миний ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэй харилцсан бүх чат байгаа бас миний найз нөхөдтэйгөө харилцаж дансны дугаар явуулсан мессеж, дотны эмэгтэй хүнтэй харилцсан чат гээд зөндөө зүйл байсан. Би маш их гомдолтой байна. Энийг өөр байдлаар ашиглах, мэдээлэл цацагдахаас санаа зовж байна…” гэх мэдүүлгээр,
хохирогч Э.Солонгын /3хх-ийн 185-186/: “…Би Еrdenebat Solongo нэртэй фэйсбүүк хаягаа 2012 онд анх нээж байсан.  …2020 оны 02 дугаар capын 15-ны өдөр фэйсбүүк дээр зарын группт “судалгаа бөглөөд 10.000 төгрөг өгнө” гэсэн зар байсан.  Тухайн зарын дагуу чат бичихэд над руу танихгүй хүн линк явуулсан. Тэр линкэнд нэвтрэх нэр, нууц үг хийгээд миний Erdenebat Solongo нэртэй фэйсбүүк хаяг буцаж орохоо больсон. Би сандраад дахин дахин хийгээд орохгүй байсан. Би одоо шинэ фэйсбүүк хаяг нээсэн байгаа. …“Таны нууц үг солигдсон байна” гэсэн анхааруулга ирээд орж болохгүй байсан. Утасны дугаарыг өөрчилсөн байсан. ******37 гэсэн утасны дугаар болгож өөрчилсөн байсан.  Утасны дугаарыг бүтнээр нь харуулдаггүй * тэмдгээр нууцалдаг. Нэвтрэх нэр өөрчилсөн, нууц үг өөрчилсөн, миний зурагнуудыг устгасан, нүүр зургийг өөрчлөөд танихгүй эмэгтэй хүний зураг тавьсан, мөн миний хаягийг ашиглаад Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан гэдэг хүний Наурызын баярын мэндчилгээг шэйр хийж тараасан байсан. Тэгэхээр миний хаягийг ашиглаад байна гэсэн үг. …2012 оноос ашиглаж байгаа фэйсбүүк хаяг болохоор найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хамаатан садан гээд бүхий л хүмүүстэй харилцсан чат байгаа. Чатаар харилцаж байсан мэдээлэл байгаа. Гэр бүлийн дурсгалтай зураг байсан. Дандаа хүүхдүүдийн маань зураг байсан. Гомдолтой байна…” гэх мэдүүлгээр,
хохирогч Ц.Хулангийн /4хх-ийн 14-15/: “…Би “Chamin Songolt” нэртэй фэйсбүүк хуудсыг нээж хөтөлж хэдэн жил ашиглаж ирсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо Багшийн сургуулийн байранд байж байхад миний хөтөлдөг пейж хуудас болохгүй байсан бөгөөд би өөрийн эрхээр нэвтэрч орж чадахгүй байсан. Тэгээд фэйсбүүк хуудсаа алдсанаа мэдсэн. …би өөрөө онлайнаар хувцас загвар, оёдлын чиглэлээр сургалт явуулдаг. Фэйсбүүк хуудас бол миний ажлын чухал хэсэг байсан. …миний алдсан фэйсбүүк хуудсыг онлайн хувцас захиалгаар ашиглаж байсан. Одоо идэвхитэй байсан…” гэх мэдүүлгээр,
хохирогч Ц.Мөнхжаргалын /4хх-ийн 79-80/: “…Би 2016 онд “Мөнхжаргал Ц.” нэртэй фэйсбүүк хаягаа 96150282 гэсэн дугаараар нээж байсан. Одоо хүртэл энэ дугаараа барьдаг. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр фэйсбүүк дээр “1072 хувьцаа худалдаж авна, зарах хүсэлтэй хүмүүс холбогдоно уу, чат бичнэ үү” гэсэн утгатай зар байхаар нь хаягаар нь ороод “1072 хувьцаагаа зарах бол ийшээ дарна уу” гэсэн байхаар нь дартал нэвтрэх нэр, нууц код нэхсэн. Тэгэхээр нь өөрийнхөө “Мөнхжаргал Ц.” нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хийтэл секунт гүйгээд байсан. Тэгэхээр нь гараад буцаад үйлдлээ давтсан. Үйлдлээ давтаад ч болохгүй болохоор нь гарчихсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр фэйсбүүк рүүгээ орох гэтэл болохоо байчихсан. Уг нь 1072 хувьцаа зарна гэж бодтол фэйсбүүкээ алдчихсан. Миний фэйсбүүк хаяг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тэр линк рүү орсноос хойш ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орж болохоо больсон. Манай аав, ээж 2 бас адилхан фэйсбүүкээ алдсан…” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.Уянгын /4хх-ийн 117-118/: “…2013 онд би “Б.Уянга” нэртэй фэйсбүүк хаяг нээж түүнээс хойш идэвхитэй ашиглаж ирсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47-12 тоотод байж байхад миний ашигладаг “Б.Уянга” нэртэй фэйсбүүк хаягт нэвтэрч болохгүй хэн нэгэн этгээд хууль бусаар нэвтэрч нэвтрэх нэр, нууц үгийг сольсон байсан. Түүнээс хойш өөрийн фэйсбүүк хаягтаа нэвтэрч чадахгүй өдийг хүрсэн. …миний фэйсбүүк хаягт бүртгэлтэй байсан имэйл болон утасны дугаар устгасан, мөн нууц үг сольсон ба дотор нь байсан зурагнууд устсан байсан…” гэх мэдүүлгээр,
хохирогч Г.Номин-Эрдэнийн /4хх-ийн 177-178/: “…би өөрийн Г.Номин-Эрдэнэ гэх нэртэй фэйсбүүк хаягийг бусдад алдаад орж чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орж чадахгүй байгаа. Хэрхэн алдсанаа мэдэхгүй байна. …би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны газар нутагт байрлах гэртээ байж байгаад алдсан. …Фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг бүртгэлтэй утасны дугаар, миний постуудыг устгасан байсан. Фэйсбүүкээс мэдээлэл авч ойр дотны хүмүүстэйгээ харилцаж чадаагүй…” гэх мэдүүлгээр,
хохирогч Ж.Бадамхандын /5хх-ийн 8/: “…2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “BabuBabu” rэx нэртэй фэйсбүүк хаягаас “Мөрөөдөл биелдэг” нэртэй фэйсбүүк пейж хуудас нээсэн. Тухайн фэйсбүүк пейж хуудсыг нээсэн зорилго нь “Мөрөөдөл биелдэг” нэртэй нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх зорилгоор нээсэн. Манай хуудас надаас гадна хоёр хөгжүүлэгч админ эрхтэй байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тухайн хуудасны админ хэрэглэгчдийг бүгдийг өөрчилсөн байсан. Тэгээд би одоо харахад намайг бас админ хэрэглэгчээс хассан байсан. Ийм учир тухайн фэйсбүүк хуудасны админ эрхийг хууль бусаар олж авсан хүнийг олж холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна…” гэх мэдүүлгээр,
хохирогч Г.Батцэцэгийн /5хх-ийн 53-54/: “…Би 2017 онд “Ganbaatar Battsetseg” нэртэй фэйсбүүк хаяг 91454244 гэсэн дугаараар нээж байсан. Тухайн үед би ийм дугаар барьдаг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр фэйсбүүк дээр “1072 хувьцаа худалдаж авна, зарах хүсэлтэй хүмүүс холбогдоно уу, чат бичнэ үү” гэсэн утгатай зар байхаар нь хаягаар нь ороод 1072 хувьцаагаа зарах бол ийшээ дарна уу гэсэн байхаар нь дартал нэвтрэх нэр, нууц код нэхсэн. Тэгэхээр нь өөрийнхөө фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хийтэл Instal гээд гарч ирээд секунд гүйгээд байхаар нь гараад буцаад фэйсбүүк рүүгээ орох гэтэл болохоо байчихсан. Уг нь би “юм бөглөнө, овог нэр ч юм уу, нэг юм бөглөнө” гэж ойлготол тийм юм огт гарч ирээгүй. Тэр зар тавьсан хүний фэйсбүүк хаягийг огт санахгүй байна. …нэвтрэх нэр өөрчилсөн, нууц үг өөрчилсөн, миний зурагнуудыг устгасан, нүүр зургийг өөрчлөөд цэнхэр хүрээтэй одтой зурган дээр миний зургийг тавьж өөрчилсөн байсан. Дотор нь байсан дурсгалтай бүх гэр бүлийн зургийг устгасан байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч П.Эрдэнэчимэгийн /1хх-ийн 114-115/: “…Би 4 дүгээр сарын эхээр ажлаасаа гарсан. Би Э.Г гэх хүний доор Тусгаар тогтнолын ордонд ажиллаж байсан. Би тэр газрыг ямар нэртэй байгууллага гэдгийг бол мэдээгүй. 2020 оны 02 дугаар сарын сүүлээр фэйсбүүк дээр Э.Г гэх хүний “Сайн шивдэг хүн ажилд авна” гэсэн зарын дагуу холбогдож ажилд орсон. Намайг ажилд ороход М.Ж, Э.Г хоёр байдаг байсан. 3 дугаар сарын сүүлээр Энхзул ажилд орсон. Би Э.Гийн өгсөн фэйсбүүк хаягуудаар орж, өгсөн бичлэгүүдийг share хийдэг байсан. Дараа нь 9714 эхэлсэн ойролцоогоор 40 утасны дугаар өгч gmail, yahoo, mail.ru-гийн цахим шуудангийн хаяг нээдэг байсан. Энхзулыг ажилд орсны дараа бид хоёроор фэйсбүүк хаягуудын зураг сэтгэгдэл усггуулдаг байсан. Цэвэрлэх фэйсбүүк хаягуудын нэвтрэх нэр, нууц үгүүдийг gmail-ийн дээр байрлуулдаг байсан. …М.Ж excel-ийн файлуудыг гаргаж өгч тэр доторхыг цэгцэлдэг байсан. Share хийсэн gmail хаяг бол Э.Гийн хаяг байсан. …Би фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг сольж байгаагүй. Тухайн хаягуудыг цэвэрлэх ажил хийдэг байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Энхзулын /1хх-ийн 118-119/: “…Миний найз Очирсайхан “надаа оффисын ажил байна, чи хийх юм уу” гэхээр нь зөвшөөрсөн. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс Тусгаар тогтнолын ордонд байрлах 411 тоотод очиж Э.Г гэх залуугийн доор ажиллах болсон. Намайг очиход Э.Г, М.Ж, П.Эрдэнэчимэг гээд 3 хүн ажилладаг байсан. П.Эрдэнэчимэг бид хоёр фэйсбүүк хаягуудын зураг, сэтгэгдлийг нь устгадаг байсан. Э.Г, М.Ж хоёр фэйсбүүк хаяг гаргаж өгдөг байсан. Хаанаас өгдөг байсныг нь мэдэхгүй. Хүмүүсийн хэрэглэж байсан жинхэнэ фэйсбүүк хаяг байсан. Хүмүүсийн хоорондоо харилцаж байсан чат, тухайн хүний зураг, сэтгэгдэл гээд харахад бол илт жинхэнэ байсан. …ехсеl-ийн файлуудыг gmail хаягт байршуулан хүмүүс рүү share хийдэг байсан. М.Ж Excel-ийн файлуудыг гаргаж өгч тэр доторхыг цэгцэлдэг байсан. Share хийсэн gmail хаяг бол Э.Гийн хаяг байсан…” гэх мэдүүлгээр,
Э.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /101-105/: “…Би 2020 оны 02 дугаар сард фэйсбүүк сайтад 200 орчим фэйсбүүк хэрэглэгч нэгэн зэрэг олон давтамжтайгаар мэдээллийг зэрэг шэйрлэх буюу түгээх, лайк дарах, коммент бичих зориулалттай программыг өөрөө бүтээж хөгжүүлсэн. Энэ программыг хөгжүүлэхэд надад М.Ж, Энхболд нар тусалж байсан. Программыг бүтээсний дараа Энхболд надтай хамтарч ажиллахаа больсон. Ингээд би уг программаа зарахаар болж зарах гэсэн боловч хүн сонирхохгүй байсан тул фэйсбүүк хуурамч хаяг шинээр үүсгэж холбох ажлыг хийж эхэлсэн. Ойролцоогоор 80 орчим хаяг шинээр үүсгэсэн боловч хангалттай биш байсан тул “аккаунт авна” гэсэн зарыг фэйсбүүкт тавьсан. Тэгтэл манай найзууд болох Б.Т, Э.Ч нар фэйсбүүк аккаунт байгаа гэсэн ба уг аккаунтыг авч мөн цалинтайгаар хамтарч ажиллахаар болсон. Ингээд эхлээд байсан 100 аккаунтыг нь өөрийн хөгжүүлж байсан программ руу оруулсан. Энэ хаягууд нь хуурамч биш байсан. Ингээд 100 аккаунтны нууц үгийг М.Ж бид 2 хийж, тухайн хэрэглэгчдийн пост зургийг устгаж, нууц үгийг шинээр Hidden1212, ganzokaze123 гэх мэтээр өөрчилсөн. Дахиад аккаунт хэрэгтэй байсан тул Б.Т, Э.Ч, М.Ж бид нар хамтарч ажилласан. Тухайн үед миний байрлаж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын ордны 411 тоот өрөөнд ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллах хугацаандаа дахин 100 орчим хаяг олж авсан. Тоог нь нарийн сайн мэдэхгүй байна. Ингэж ажиллах үедээ Э.Ч, Б.Т хоёр хүмүүсийн фэйсбүүкийн хаягийг “Z Shadow” гэдэг программ ашиглаж хортой холбоос явуулдаг байсан. Ингээд нууц үг өөрчлөгдсөний дараа М.Ж уг хаягийн доторх мэдээллийг устгаж цэвэрлэдэг байсан. Би бэлэн болсон аккаунтуудыг нь программ руу суулгадаг байсан. …Б.Т, Э.Ч хоёрт 100 аккаунтынх нь төлбөрт 700.000 төгрөг өгсөн. Дараа нь ажлын хөлс өгнө гэж хоорондоо тохирсон байсан. М.Жд 350.000 төгрөг ажлын хөлс гэж нэг удаа өгсөн. …энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид маш олон хүмүүсийн фэйсбүүк хаягт хортой холбоос явуулдаг байсан ба уг холбоосыг нээж нэвтрэх нууц үг хийснээр тухайн хэрэглэгчийн нууц үг хаяг нь ил болж бид тухайн ил болсон хаягаар нь нэвтрэн орж нууц үг нэрийг сольж өөрийн болгодог байсан. Олон хүмүүсийн хаягийг өөрчилсөн учраас яг нэр усыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид нарын хэрэглэж байсан “Z Shadow” веб сайтын архив хэсгээс дээрхи хүмүүсийн мэдээлэл гарсан учраас уг хүмүүсийн фэйсбүүкийн нэр хаягийг бид нар өөрчилсөн болно. …Сонгуулийн үед бид МАН-ын сошиал сувгуудыг хөгжүүлж ажиллах гэж байсан. Ингээд би тухайн намын байранд байрлаж ажилласан ба өөрийн IP хаягаас олон тооны фэйсбүүк хаяг нээхээд цаанаас нь устгаад байсан. Ингээд би Б.Т, Э.Ч, М.Ж нартай нийлж бусдын фэйсбүүк хаягийг өөрийн болгож олзлох санаатай ажиллаж эхэлсэн…” гэх мэдүүлгээр,
Э.Чийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 110-113, 231-234/: “…2020 сны 01 дүгээр сард Э.Г Б.Тт “бусдын фэйсбүүк хаягийн нууц үгийг олзолж өөрийн болгох ажил байна” гэж ярьсан. Тухайн үед нь Б.Т бид хоёр хамт байсан. Э.Г “сард 700.000 төгрөг өгнө” гэхээр нь Б.Т бид хоёр зөвшөөрч урьдчилгаа болгож 700.000 төгрөг аваад Б.Т бид хоёр хувааж авсан. Ингээд Тусгаар тогтнолын ордон дээр байрлах Э.Гийн ажил дээр очсон. Э.Г өөрөө Б.Т бид хоёрт хүний фэйсбүүк рүү нэвтэрч нууц үг, дугаарыг нь сольж өөрийн болгох аргыг зааж өгсөн. Ингээд Б.Т бид хоёр бусдын фэйсбүүкийг “Фишинг” буюу хортой линк ашиглан өөрийн болгож эхэлсэн ба тухайн үед М.Ж мөн уг ажпыг хийж байсан. …энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид маш олон хүмүүсийн фэйсбүүк хаягт хортой холбоос явуулдаг байсан ба уг холбоосыг нээж нэвтрэх нууц үг хийснээр тухайн хэрэглэгчийн нууц үг, хаяг нь ил болж бид тухайн ил болсон хаягаар нь нэвтрэн орж нууц үг, нэрийг сольж өөрийн болгодог байсан. Олон хүмүүсийн хаягийг өөрчилсөн учраас яг нэр усыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид нарын хэрэглэж байсан “Z Shadow” веб сайтын архив хэсгээс дээрхи хүмүүсийн мэдээлэл гарсан учраас уг хүмүүсийн фэйсбүүкийн нэр хаягийг бид нар өөрчилсөн болно…” гэх мэдүүлгээр,
Б.Тийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 117-121/: “…2019 оны 10 сард байх Э.Г над руу залгаад “пейж хөгжүүлэх ажил байна, хамтарч ажиллах уу” гэж байсан. Ингээд тухайн үедээ зовшөөрч хамтарч ажиллахаар болсон. Э.Гтой уулзаж Тусгаар тогтнолын ордны 4 давхарт ахиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа Билгүүндалайд хамтарч ажиллах санал тавьсан. Билгүүндалай ч зөвшөөрсөн ба гурвуулаа хамтарч ажиллаж эхэлсэн. Эхний үед фэйсбүүк аккаунтыг олноор үүсгэхээр болохгүй устаад байсан. Ингээд “Z Shadow” веб сайт ашиглаж хүмүүсийн аккаунтыг олзолж авахаар болсон. Би Билгүүндалайд “Z shadow” программ ашиглаж хортой “Фишинг” явуулах аргыг зааж өгч гурвуулаа ажиллаж эхэлсэн. Эхний үед сайн болохгүй цөөхөн хүний аккаунтыг авч байсан. Ингэж ажиллах хугацаандаа “Мөрөөдөл биелдэг” нэртэй пейж хуудсыг олзолж авсан ба Э.Г “энэ хуудсыг заръя” гэдэг юм санаачилж 2-3 хоногийн дараа пейж хуудас авдаг хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг миний Голомт банкны 1105229295 тоот дансаар авсан. Мөнгийг Э.Г авсан. 1.500.000 төгрөгийг өрөндөө өгнө гэж байсан. Үлдсэн мөнгө нь хоол цайнд орж байгаад Билгүүндалай бид хоёр хувааж авсан. Би барагцаагаар 300.000 төгрөг авсан шиг санаж байна. Ингээд ажил хэсэг зогсож байгаад 2020 оны 01 дүгээр сард Э.Г над руу утсаар залгаад “ажил хийх үү” гэхээр нь “пейж хуудас хөгжүүлэх ажил юм болов уу” гэж бодоод очиж уулзахаар болсон. Тухайн үед Э.Ч бид 2 хамт очиж  Э.Гтой уулзсан. Э.Г сард 700.000 төгрөг өгнө гэхээр нь Э.Ч бид 2 зөвшөөрч урьдчилгаа болгож 700.000 төгрөг аваад Э.Ч бид хоёр хувааж авсан. Тусгаар тогтнолын ордон дээр байрлах Э.Гийн ажил дээр ажиллаж эхэлсэн. Э.Г өөрөө Э.Ч бид хоёрт хүний фэйсбүүк рүү нэвтэрч, нууц үг дугаарыг нь сольж өөрийн болгох аргыг зааж өгсөн. Э.Ч бид хоёр бусдын фэйсбүүкийг “Фишинг” буюу хортой линк ашиглаж өөрийн болгож эхэлсэн. Тухайн үед М.Ж мөн уг ажлыг хийж байсан. Тухайн үед хууль бус үйлдэл хийж байгаагаа ойлгож мэдэж байсан. Ингээд олзолж авсан аккаунтыг Э.Гт өгдөг байсан. Э.Г цаашаа өгдөг байсан. Энэ мэтээр би 50 орчим хаягийг нууц үг дугаарыг нь сольж Э.Гт өгсөн. …энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч оайна. Тухайн үед бид маш олон хүмүүсийн фэйсбүүк хаягт хортой холбоос явуулдаг байсан. Уг холбоосыг нээж нэвтрэх нэр, нууц үг хийснээр тухайн хэрэглэгчийн нууц үг хаяг нь ил болж бид тухайн ил болсон хаягаар нь нэвтрэн орж нууц үг, нэрийг сольж өөрийн болгодог байсан. Олон хүмүүсийн хаягийг өөрчилсөн учраас яг нэр утсыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид нарын хэрэглэж байсан “Z Shadow” веб сайтын архив хэсгээс дээрх хүмүүсийн мэдээлэл гарсан учраас уг хүмүүсийн фэйсбүүкийн нэр, хаягийг бид нар өөрчилсөн болно…” гэх мэдүүлгээр,
М.Жы яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 69-73, 126-130, 6хх-ийн 8-11/: “…анх 2019 оны 09 дүгээр сарын орчимд би Тусгаар тогтнолын ордон дээр ажилладаг Содоо гэх хүнд пейж хуудас зарах гэж очсон. Тэгээд зарж чадаагүй. Тухайн үед миний зарах гэж байсан пейж хуудас бага зэрэг асуудалтай байсан. Э.Г гэх залуугаар янзлуулах гэж дуудсан. Э.Г бид хоёр тэгж анх танилцаж байсан. Энэ асуудлаас хойш бид хоёр холбоотой байдаг байсан. Э.Г надад “олон дагагчтай нээлттэй группууд цуглуулчих, хоёулаа сонгуулийн үеэр их хэмжээний ашиг олно” гэж хэлсэн. Үүний дагуу 8 сая орчим төгрөг олж бүгдэнгээр нь 11 орчим групп худалдаж авсан. Энэ худалдаж авсан группээ Э.Гт өгсөн. Э.Г тухайн группын админ болж авсан. Миний мөнгийг өгөхгүй байсан тул 12 сард би өөрийн мөнгөө эсхүл группүүдээ эргүүлж авахаар хөөцөлдсөн боловч авч чадахгүй байсан. Э.Г ингээд 2020 оны 01 дүгээр сард надад “1-2 сард 4.000.000 төгрөг, 3 дугаар сараас сонгууль дуустал сарын 7.000.000 төгрөг өгнө гэж амлаж хамтарч ажиллая” гэхэд нь зөвшөөрсөн. Эхэндээ би юу хийхээ мэдэхгүй байсан. Э.Г надад хүний фэйсбүүк рүү нэвтэрч нууц үг, дугаарыг нь сольж өөрийн болгох аргыг зааж өгсөн. Би бусдын фэйсбүүкийг “Фишинг” буюу “хортой линк” ашиглаж өөрийн болгож эхэлсэн. Тухайн үед хууль бус үйлдэл хийж байгаагаа ойлгож мэдэж байсан. Олзолж авсан аккаунтыг Э.Гт өгдөг байсан.  Э.Г цаашаа өгдөг байсан. Энэ мэтээр би 300 орчим хаягиин нууц үг, дугаарыг нь сольж Э.Гт өгсөн. …2020 оны 01 дүгээр сарын сүүл орчимд байх Э.Г “манай 2 найз ирнэ, тэгээд хамт ажиллана” гэж байсан. Б.Т, Э.Ч хоёр ирж хамт ажиллаж эхэлсэн…” гэх мэдүүлгээр,
 Б.Билгүүндалайгийн /5хх-ийн 136-140/: “…Би Э.Г, Б.Т нарыг сайн таньдаггүй байсан. Анх 2019 оны 09 дүгээр сард Б.Т нь манай найзтай хамт явж байхад нь танилцаж байсан. Үүнээс хойш холбоотой байсан. 2019 оны 10 дугаар сард Б.Т “цалинтай гайгүй ажил байна, чи хийх үү” гэхээр нь зөвшөөрсөн. Тусгаар тогтнолын ордны 4 давхарт очсон. Тэнд очоод Э.Гтой танилцаж байсан. …Уг байранд Б.Т, Э.Г нартай уулзаж ярилцахад “пэйж хуудас хөгжүүлэх ажил байна, сард 1.000.000 төгрөгийн цалин өгнө” гэж ярьсан. Би саналыг хүлээж авсан. Би тухайн өдөртөө анкет өгөөд 4-5 пейж хуудасны албан ёсны эрх авах цэнхэр тэмдэг авах хүсэлт явуулж өгсөн. Ажилд орсноос хойш 4-5 хоног ямар ч ажилгүй суусан. Тэгэж байгаад Б.Т надад “Z shadow” веб сайт ашиглан бусдын фэйсбүүк аккаунтыг олж авах аргыг зааж өгсөн. Ингээд би өөрөө “Z shadow” веб сайт дээр “bilging” гэх нэртэй “Lesiris1207” нууц үгтэй хаяг нээсэн. Энэ хаягнаасаа “Фишинг” бусдын хаяг руу явуулж эхэлсэн. Хүмүүсийн мэдээлэл ирж эхэлсэн. Би тухайн мэдээллийг Э.Гт өгдөг байсан. Тухайн фэйсбүүк аккаунтуудыг нээж доторхыг нь харж байгаагүй. Ийм маягаар мэдээлэл Э.Гт өгч байсан. Миний өгсөн мэдээллүүд дотор “Мөрөөдөл биелдэг” гэх пейж хуудас байсныг Э.Г, Б.Т хоёр мэдээд “олон дагагчтай юм байна, зарчихъя” гэж ярилцаж байсан. Тухайн хуудсыг хэнд, хэдэн төгрөгөөр яаж зарсныг бол мэдэхгүй. Э.Г ямар ч байсан мөнгөтэй болсон байсан. Тухайн өдөр …би “цалингаа урьдчилаад авчихъя хүнээс мөнгө зээлсэн байгаа юм” гэхэд Э.Г эхлээд дургүй байснаа сүүлдээ миний дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн. Б.Т мөнгө авсан үгүйг мэдэхгүй байна. Би тэгээд Э.Гтой 16-17 хоног л хамтарч ажилласан. Цалингаа өгөхгүй болохоор нь гарсан…” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь иргэдийн FACEBOOK (фэйсбүүк)  нийгмийн цахим сүлжээнд бүртгэлтэй хаягт “Z shadow” веб сайт болон “Фишинг” гэх хортой холбоосыг явуулах аргаар хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, улмаар тухайн иргэдийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж, фэйсбүүк нийгмийн сүлжээн доторх зураг, нийтлэлүүдийг нь устгасан, мөн мэдээллийг нь өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсныг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль зөрүүгүй мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж  байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нар нь иргэдийн цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар “Z shadow” веб сайт болон “фишинг” төрлийн хортой программ ашиглан интернэтээр дамжуулан иргэдийн хувийн мэдээлэлд хууль бусаар халдан олж авч, фэйсбүүк  нийгмийн цахим сүлжээнд бүртгэлтэй хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг нь өөрчилж дахин ашиглах боломжгүй болгосон, нийгмийн сүлжээ хэрэглэгчийн олон дагагчтай хаягийг бусдад зарж борлуулж буй Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нарын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-д “…хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно…” гэж үзэж Б.Билгүүндалайд холбогдох хэргээс Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн прокурорын тогтоол үндэслэлтэй байх бөгөөд тусгаарласан 2109000000149 дугаартай Б.Билгүүндалайд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учрыг дурдах нь зүйтэй.
 
Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нар үйлдсэн цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.
 
Шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нар нь бүлэглэн  иргэдийн фэйсбүүк  нийгмийн цахим сүлжээнд бүртгэлтэй хаягт “Z shadow” веб сайт болон “Фишинг” гэх хортой холбоосыг явуулах аргаар хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, улмаар тухайн иргэдийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж, фэйсбүүк нийгмийн сүлжээн доторх зураг, нийтлэлүүдийг нь устгасан, мөн мэдээллийг нь өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж улмаар тэдний ашиглаж байсан “Z shadow” хаягт үзлэг хийсэн болон мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэргээр тэдний өмнө өгсөн мэдүүлгийг эргэлзээгүй баталсан байна.
 
Иймээс шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т  нар нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах  гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд үүнд эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй байх тул “…Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн ажилтнуудыг хэрэгт холбогдуулан шалгах тухай” хүсэлт, гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нараас бодитой гаргуулах хохирол төлбөр байхгүй тул хохирогч нарт төлөх төлбөргүй болно.
Харин хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч Ж.Бадамхандын “Мөрөөдөл биелдэг” нэртэй цахим хуудсыг бусдад зарж борлуулсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.500.000 төгрөгийг Э.Г, Б.Т (Б.Билгүүндалай) нараас хувь тэнцүүлж тус бүрээс 833.333 төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.
 
Шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нар нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй;
 
гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй;
 
шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нарын үйлдэл нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулсан, шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлийн аргаар гэмт хэргийг үйлдсэн, зэрэг болно.
 
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
 
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Э.Ч, Б.Т, М.Ж нарыг тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
 
Шүүгдэгч Э.Г, Э.Ч, Б.Т, М.Ж нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Dell маркийн цэнэглэгчтэй зөөврийн компьютер, Xero, Dell, Acer, Lenovo маркийн компьютерын процессоруудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  улсын төсөвт шилжүүлэх, 5 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
                                                                                                                                 ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Э.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч М.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Э.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
 шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч М.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Э.Ч, Б.Т, М.Ж нар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Г, Э.Ч, Б.Т, М.Ж нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Г, Э.Ч, Б.Т, М.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Б.Т нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос тус бүр 833.333 төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Dell маркийн цэнэглэгчтэй зөөврийн компьютер, Xero, Dell, Acer, Lenovo маркийн компьютерын процессоруудыг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, Э.Ч, Б.Т, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
 
 
                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ЭХ Cурвалж: https://shuukh.mn/single_case/59694?daterange=2021%2F01%2F01+-+2021%2F12%2F27+&id=1&court_cat=2&bb=1

+ There are no comments

Add yours