“Элсэн чихрийг урдаас татдаг, 90 орчим вагон цагаан будаа захиалсан ч хилийн цаанаас авч чадаагүй байна”

Хил гааль хааснаас үүдэн хүнсний бүтээгдэхүүний татан авалтад үүсэж буй асуудлын талаар Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн онд Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон элсэн чихэр, будааг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр дөрөвдүгээр сараас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн. Үүний үр дүнд бид үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдсэн байв.

Гэвч зургаадугаар сараас олон улсын тээвэрлэлт саатсантай холбоотойгоор гаднаас захиалаад татахад блээн болсон байсан бүтээгдэхүүнүүд хилийн цаана буюу импортлогч оронд хадгалагдаж байна.

Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд ороогүй. Гол нь Эрээний хил гааль хаагдсантай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтийн асуудалд “шок” үүсэх эрсдэл харагдаж байна. Учир нь Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Харин цагаан будаа, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүн 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой түвшинд байгаа.

Бид богино хугацаанд арга хэмжээ авч чадвал дээрх бүтээгдэхүүний нөөцөд цаашид асуудал үүсэхгүй гэсэн дүгнэлттэй байна. Ажлын хэсэг ойрын хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг тусгай горимоор нэвтрүүлэх боломжуудыг судалж, хамтын шийдэл гаргахаар ажиллаж байна. Бид хилийн цаана 90 орчим вагон цагаан будаа захиалсан ч авч чадаагүй байна. Мөн элсэн чихрийг урдаас татдаг. Энэ мэт гол нэрийн бүтээгдэхүүнийг яаралтай татаж авахаар тээвэр зохион байгуулалтыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана” гэв.

+ There are no comments

Add yours