2.2 тэрбумын нөхөн сонгуулийн ирц 50 хувийн босго давсангүй

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т боллоо.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны сонгогчид оролцож, саналаа өгөв. 22 цаг санал хураалт дуусахад сонгуулийн ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 34 хувь, харин 28 дугаар тойрог буюу СХД 39 хувьтай байв. Ингэснээр энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйл.

78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

Урьдчилсан байдлаар
Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороог хамрах нөхөн сонгуульд найман нам, нэг эвсэл, хоёр бие даан нэр дэвшигч оролцсон юм.
Одоогийн байдлаар 18 дугаар буюу Хэнтий аймгийн тойргийн 89 хэсгийн хорооны 79 хэсгийн хорооны мэдээлэл ирсэн бөгөөд

Ц.Идэрбат 12,923
Б.Гарамгайбаатар 3544
М.Чингисхаан 545
А.Бархүү 258
Д.Баатаржав 174
Д.Чулуунбат 149 санал аваад байна.


Харин Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооны 58 хэсгийн хорооны мэдээлэл ирээд буй. Тус дүүрэгт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 113 мянга бөгөөд өчигдрийн нөхөн сонгуульд 45,151 сонгогч саналаа өгчээ.


НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН


УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар УИХ-ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсноор УИХ дахь тэдний суудал эзэнгүй байгаа билээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй. Мөн Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан байдаг.
Ийнхүү 18, 28 гэсэн хоёр тойрогт УИХ-ын хоёр гишүүний орон тоо гарсан тул тус тойргуудад нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүссэн.


НӨХӨН СОНГУУЛЬД 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ


Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг УИХ тухай бүрд нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг.
Энэ үндсэн дээр Монгол УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2 тэрбум 287 сая төгрөгөөр баталсан. Түүнчлэн 148 сонгуулийн хороонд, 2500 төрийн албан хаагч ажиллаж иргэдээс санал хураах ажлыг зохион байгуулжээ.
Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувийн босгыг даваагүй учир нэмэлт санал хураалт явуулах болсонтой холбогдуулан төсвөөс дахин мөнгө зарцуулах нөхцөл байдал үүсээд буй юм.

+ There are no comments

Add yours