Шарил тээвэрлэх нэрээр хөлжигсдийн дунд Яаралтай түргэн тусламжийн удирдлага байгаа нь зүгээр л тохиолдол уу, дарга нар аа

Өмнөх дугаартаа бид Яаралтай түргэн тусламжийн төвийн хариуцлагатай албан тушаалтнууд болон зарим иргэдээс авсан тодруулгаа оруулсан. Энэ удаад бид буяны компаниуд, тус төвийн хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн харилцдаг талаар үүний ард ямар төлбөр төлөгддөг байж болохыг үзүүлэхийг хичээлээ.

Анх 2021 оны долдугаар сарын 3-нд эмнэлгийн гадна ирчхээд эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй нас барсан харамсалтай хэргээс үүдэж иргэдэд хамгийн шуурхай, шударга үйлчлэх ёстой Яаралтай түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа, тус төвийн удирдлагуудын талаар сурвалжилж яваад хэн хүний анхаарал татахгүй атлаа хэзээ ч тасрахгүй, олон удаагийн үйлдлээр арвин орлого олох үйлчилгээний ард ямар бохир “тоглолт” явагдаж байгаагийн мөрөөр орчихсон. Тийм учраас нэгэнт бодит байдал дээр үүсээд байгаа асуудлыг эрэн сурвалжилж, иргэд болон төрийн алба хашиж байгаа удирдах албан тушаалтнуудад мэдээлэл хүргэхээр зорин ажиллаж байгаа болно.

Үхдэггүй мөнх амьдрал үгүй учир өрх гэр бүхэнд тохиож байдаг энэ уй гашууны нөгөө талд төрийн нэрийг барьсан удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдүүд болон талийгаачийн хойчийн буяны ажил хийдэг компаниудын үгсэн тохирч, хамтарч хийдэг, ашиг олдог бизнес ҮХЭЛ байгааг олж мэдэх үнэндээ амаргүй санагдаж байлаа. Тэр ч утгаараа зогсохгүй урагшилж, багагүй мэдээлэл цуглуулснаа сурвалжилж, уншигчиддаа хүргэж байгаа юм. Энэ бүхнийг нуршиж байгаа нь хэн нэгний захиалга гэхээс илүү хэтэрхий ил атлаа далдын далд ямар олон бохир зүйл явагдаж байдаг нийгэмд амьдарч байдгийн нэгээхэн хөшгийг ярсан маань юм…

Даргатай муудалцаж, протоколд тэмдэглэгдэхийг ямар ч эмч хүсдэггүй

Энэ бол нэрийг нь ил зарлахад хэцүү эх сурвалж байлаа. Учир нь тэр одоо ч ажлаа хийж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгч байгаа нэгэн. Тиймээс мөрдөн байцаалтын нууцад хэт халдахгүйгээр асуудлыг олон нийтэд хүргэхийн тулд энэхүү эх сурвалжийн ажлыг нь болон өөрийг нь гаргахгүйгээр хэдхэн асуултад хариулт авсан юм.

-Та эмч үү?

-Тийм, их эмч. 15 жил ажиллаж байгаа.

-Ээлжинд гарч ажиллаж байсан гэсэн ?

-Ээлжийн ахлагч байсан. Дуудлага хүлээн авч, жолооч нарт хуваарилна.

-Та тэгэхээр шарил тээвэрлэх үйлчилгээг мэднэ гэсэн үг үү?

-Эхлээд өөрөө ч мэдээгүй л дээ. Ажлаа хүлээж авахад нас барсан дуудлага ирэхээр Түмэнбуянт компаний 8510.. дугаарыг зөвлөдөг. Эдний машиныг нь тээвэрлэлтэд явуулаарай гэж хэлсэн. Тэгдэг ёстой юм байх даа гэж бодоод тухайн ээлжтэй өдөр нас барсан хоёр дуудлага ирэхэд Түмэнбуянт компанийг зөвлөсөн.  

-Яагаад гэж асуугаагүй шууд л гүйцэтгэдэг албан хаагч байсан байх нь ээ?

-Дөнгөж ажилд орж байгаа хүн тэгэх ёстой юм байх л гэж ойлгоод элдэв асуулт асуугаагүй, шууд л гүйцэтгэсэн.

-Асуух ёстой байсан юм биш үү?

-Уг нь бол тийм байсныг сүүлд нь ойлгосон.

-Хэдэн онд юм бол?

-2018 онд санагдаж байна.

-Та тэр үйлчилгээг шилжүүлснээр урамшуулал авсан уу?

-Маргааш нь ээлжээс буух гэж байхад Түмэнбуянтаас гээд 60.000 төгрөг дансанд орж ирсэн.

Гайхсан уу?

-Мэдээж, тэгээд даргад хэлсэн.

Энэ асуудал ЯТТТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдод хамааралтайг яаж мэдсэн бэ?

-Нотлох боломжгүй ч бүх л эмч нар мэддэг. Ерөнхийд нь ээлжийн ахлагч нарт мэдээлэл, чиглэл өгдөг. 

-Ээлжийн ахлагч нарт бас урамшуулал өгдөг гэж ойлгож болох уу?

-Тийм.

-Хэчнээн ээлжийн ахлагч ажилладаг вэ?

-Гурав.

-Та 2018 онд ЯТТТ-д ажиллаж байсан учир асууж байгаа юм шүү. Эмч М-ийг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд зодсон шалтгаан энэ шарил тээвэрлэх үйлчилгээтэй хамааралтай юу?

-Тэгэхэд байсан болохоор мэднэ л дээ. Эмч нарын сургалтыг зохион байгуулаад сургалтад хэрэг болох бал, дэвтэр зэрэг жижиг хэрэглээний санхүүжилт дутагдаад хаанаас олох вэ гэж ярилцаж байгаад хамтын ажиллагаатай байдаг Түмэнбуянт компанид хандаад үзвэл яах бол гээд би менежертэй нь холбогдоход “болно оо” гээд бидэнд тусалсан. Тэрийг бид нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагаатай байгууллагаас үзүүлж байгаа тусламж гэж ойлгосон. Гэтэл С.Ариунболд захирал мэдээд маш их уурласан. Та нар миний зөвшөөрөлгүй, намайг давж Түмэнбуянт компанитай харилцах хэн бэ гээд биднийг доромжилсон, хэл амаараа. Хэт их доромжилж байсан учир манай чанарын менежер М тэсэлгүй үг сөрсөн чинь зодчихсон. Ингээд М Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан ч хэл чимээгүй дарагдчихсан. Гэтэл Нийслэлийн Эрүүл мэндийн төвд С.Ариунболд даргын эгч нь ажилладаг байсан. Ингээд гомдол газар авалгүй, М хохироод л үлдсэн.

Түмэнбуянт ямар үйлчилгээ үзүүлдэг компани вэ ?

-Оршуулгын зан үйл, буяны үйлчилгээтэй компани. Ганц Түмэнбуянт биш олон компани байдаг. Тухайн үед дарга аль компанитай аман гэрээ байгуулсан тэрийгээ ээлжийн ахлагч нарт чиглэл маягаар хэлээд ээлжийн ахлагч нар дуудлага өгсөн иргэдэд тухайн компанийг нь санал болгодог байсан.

Яаралтай түргэн тусламжийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ээлжийн ахлагч, дуудлагад явж байгаа эмч нараа удирдлага, арга зүйгээр хангах үүрэгтэй. Та нарт энэ чиглэлд сургалт хийж, нэг бүрчлэн ажилладаг байсан уу?

-Өглөө бүрийн хурлыг л удирдлага, арга зүйгээр хангах гэж ойлгодог байсан. Тэгээд ямар нэгэн санал, гомдол гаргавал та нарыг үгийг протоколдож байгаа шүү гэж айлгадаг байсан. Тиймээс протоколд тэмдэглэгдэж үлдэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Арга заль ихтэй хүн л дээ.

Хамтарсан бизнесийн хамгийн гол нийлүүлэгч нь хэн бэ…

Энэ бол төрийн үйлчилгээ үзүүлдэг алба хаагчийн өчил. Хэдийгээр шарил тээвэрлэх үйлчилгээг 50.000 төгрөгөөр иргэдэд үзүүлдэг гэж Яаралтай түргэн тусламжийн төвөөс баталж байгаа боловч яг иргэдэд энэ төрлийн үйлчилгээг 80.000-85.000 төгрөгөөр бэлэн тооцож авдаг нь бичигдээгүй хууль болчихсон “чулуу болсон бизнес” аж.

Мөн 2019 оноос энэ чиглэлийн үйлчилгээ бизнес болон өргөжиж, буяны компаниуд, төрийн байгууллагын дунд аман гэрээ байгуулан хамтарч ажиллах болсон. Ингэснээр үйл ажиллагаа нь өргөжиж, магадгүй бизнес чиглэл рүү хэт ханаруулах болсон учир хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөж, мэдээлэл гарч эхэлсэн учир дахин нууц байдалд орсон бололтой. Харин 2020 оны тавдугаар сараас Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвөөс албан ёсоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд гэртээ болон эмнэлгийн бус газар нас барсан иргэдийн цогцсыг морг руу зөөвөрлөх үйлчилгээг албан ёсоор үзүүлэх болсноор зөвхөн үйлчилгээ эхлүүлсэн 2020 оны тавдугаар сард хоёр сая гаруй төгрөгийг Яаралтай түргэн тусламжийн төвийн санхүүд төвлөрүүлж байсан аж. Гэтэл 2021 оноос энэ үйлчилгээнээс орж ирэх төлбөр эрс багасаж 1-7 сарын хугацаанд 17 удаагийн үйлчилгээний 850 мянган төгрөгийг Яаралтай түргэн тусламжийн төвийн санхүүд тушаасан байгаа юм. Эндээс харахад л маш бага зүйлээс ч ашиг гаргаж байгаа мэт боловч маш их мөнгө төрийн нэрээр бусдын халаас руу урсаж байгааг энэ сурвалжилгаараа хөндөж гаргаж ирж байна. Магадгүй үүгээр С.Ариунболд гэгч энэ хүн Яаралтай түргэн тусламжийн төвд яагаад 15 жил Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилласны учиг тайлагдах нь гэсэн бодол төрснийг өгүүлэх юун.

Энд би маш энгийн хоёр жишээг харьцуулъя. 2018 онд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нас барсан хүний шарил тээвэрлүүлэх хүсэлт Яаралтай түргэн тусламжийн төвд хоногт 3-12 дуудлагаар  бүртгэгддэг байж. Хамгийн багаар бодоход хоногт гурван удаа шарил тээвэрлэхэд 150.000 төгрөг. Сард 1.5 сая, жилд 18 сая  төгрөг болж байна. Энэ бол хамгийн доод тоогоор бодсон үзүүлэлт. Харин шарил тээвэрлэлт нийслэлд  2021 онд 4-17 болж нэмэгдсэн гэж байгаа. Гэтэл Яаралтай түргэн тусламжийн санхүүд 2021 оны 1- 7 сард нийтдээ 17 дуудлага л бүртгэгдэж, 850 мянган төгрөг орлого болж орж ирсэн байна. Ингэхэд гурван жилийн өмнө гурав байсан бусад дуудлагын төлбөр хэний халаасанд ордог юм бол?

Нэг шарил тээвэрлэхэд 50.000 төгрөг авдаг гээд байгаа… яг үнэндээ 80-85.000 төгрөг бэлнээр авдгийг үйлчилгээ авсан иргэд баталж байгаа. Тэр бүү хэл энэ сурвалжилгыг бэлтгэсэн сэтгүүлч миний бие ч гэсэн оны өмнө хоёронтоо энэхүү төлбөртэй үйлчилгээг авахдаа 65.000, 85.000 төгрөгийг тус тус бэлнээр ирсэн жолоочид төлж байсан.

Яаралтай түргэн тусламжийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга асан С.Ариунболд, өдөрт 38 эмч дуудлаганд явдаг. 38 эмч дуудлаганд явж байх үед ээлж ахлагч нэг хүн, тухайн дүүрэгт явж байгаа эмч нарт нь зориулаад дөрвөн хүн гардаг. Энэ ээлжийн ахлагч нартай зүүмээр холбогдож, мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг. Мэргэжил, арга зүйгээр хангахаас гадна ковидын үеийн ЭМ-ийн сайдын 2021 оны 227 тоот тушаалыг мөрдөж ажиллахыг бас сануулдаг. ЭМГ-ын даргын А-37 тушаал дээр түргэн тусламжийн төв юу хийхийг зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой 387 тоот тушаалыг эмч нартаа өдөр болгон сануулж, мөн ээлж ахлагч нартаа гарын авлага болгож өгөөд ажилд гарахад нь гарын үсэг зуруулж хүлээлцдэг. Өдөр болгон хурал хийнэ, хурлын протокол хөтөлнө, тэнд эмч өөрөө энэ тушаалуудтай танилцлаа гэдэг гарын үсэг зуруулсан тэмдэглэл байна хэмээгээд зузаан тэмдэглэлийн дэвтэр харуулсан.

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар өдөрт нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1000-1200 дуудлаганд явдаг юм байна. 24 цаг, өдөр шөнөгүй дуудлаганд явдаг болохоор 1200 айлд ороод, эмч ямар үзлэг хийгээд яаж, явж байгааг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хянах боломжгүй гэж өөрийгөө өмөөрсөн С.Ариунболд дуудлагын эмчид хяналт тавьж ажиллах нь ээлж ахлагчийн үүрэг хэмээн хариуцлагаас өөрийгөө мултлах гэж оролдож байсан.

 Харин тэрбээр ЭМГ-ын даргын тушаалд ковидын сэжигтэй болон батлагдсан дуудлаганд очсон эмч харьяалал харгалзахгүй шуурхай үйлчлэх журам байдгийг өгүүлсэн мөртлөө талийгаач 35 настай залууд яагаад харьяалал харгалзахгүй үйлчилгээ, тусламж үзүүлээгүйгээ тайлбарлаж чадаагүй юм. Харин “эмнэлгийн гадаа нас барсан явдал бол маш харамсалтай, өөрөө зурагаа бариад, өөрөө тусламж авах гэж очоод эмнэлэгт орж чадахгүйгээр гадаа нь нас барна гэдэг харамсалтай. Гэхдээ олон удаа эмнэлгийн гадаа нас барсан тохиолдол манайд байхгүй…” гэсэн тэнэг гэхэд багадах зүйлийг ярьж, бачимдаж байсан юм.

Буяны үйлчилгээ дагасан бохир сэтгэлгээ

Харин одоо та бүхэнд нэгэн утасны дуудлагаар яригдсан зүйлийг хүргэх гэж байна. Манай улсад талийгаачийн хойчийн буяны үйлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг нэр бүхий буяны компаниудын менежерүүдийн утсаар ярилцсан яриа юм. А гэдэг нь эрэгтэй менежер, харин Б гэдэг нь эмэгтэй менежер байгаа. Энэ яриаг энд оруулсан нь Үхлийг хүртэл бизнес болгож хөлждөг бүлэглэл дотор иргэд бидний хамгийн ойр байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, дарга сэтэр зүүсэн нөхдүүд ноход болчихсон явж байдгийг ямар нэгэн нэмэлт хачир тайлбаргүйгээр хүргэхэд баримт болно хэмээн үзсэнээс үүдэлтэй юм.

А: Ингээд дуудлага гарахаар л утсаа авахгүй юм

Б: Ёстой уучлаарай. Өглөө ёстой нам унтчихжээ

А: Хүний мэдрэлээр наадаад байдаг юм уу, яадаг юм

Б: \инээв\ Сонин юу байна? Хаанаас гарсан юм? 

А: Цаана бас нэг, Дүүхээ төвийн тэндээс нэг гарсан. \хэлсэн нэр нь ойлгомжгүй байв\

Б: Дуудлага нь төв 103-аас ирсэн юм уу?

А: Тийн, 103-аас л ирсэн. 

Б: За за, би харин унтчихжээ. Унтаад сая л ажил дээрээ орж ирлээ

А: Аан, дуудлагууд арай гайгүй гарч л байна. Явж л байна шдэ, хө

Б: Яасан чи нөгөө 103-тай хийсэн гэрээгээ? Хийсэн юм уу, хийгээгүй юм уу?

А:Хийлгүй дээ, хөгшөөн. Хийгээгүй байж би одоо ингээд явж байх уу

Б: Уг нь хийчихсэн гээд би ганц, нэг хүнээс сонссон л доо. 103-ын Ариунболдтой хийсэн юм биш үү, тээ?

А: 103-тай л хийсэн шдэ. Ариунболд гэж тусад нь мэддэг хүн байдаг юм уу?

Б: Үгүй ээ, харин 103-ын Ариунболдтой хийсэн юм биш үү чи тэр гэрээгээ?

А: Үгүй ээ,  Ариунболд гэрээ хийхгүй шдэ. Ариунболд чинь дэд нь биз дээ

Б: Би яаж мэдэх вэ дээ. 

А: Танайх тэгээд наад юманд хүрэхгүй бол Би угаасаа 11 дүгээр сарын 19-нд Солонгос руу явахаар болсон. Өөрөө болохгүй бол явж машин авъя гэж бодоод. Наана нь болохгүй бол бас Амарсайхан даргатай нь орж уулзахаас. Тэгэхдээ бас юу, мугаа танилцуулаад наана цаана гээд юу гэх нь үү, тусламж юу болох нь уу гээд л. Тэгээд л байж байна. Танайхад яах уу би хар машинаа өгчхөөд эмнэлгийн чинь машиныг дуудлаганд нь өгье гээд л… ингээд байгаа ш дээ хө. 

Б: Би чамайг хэлсэн шдэ, гэрээгээ аваад ир ээ гээд. Чи өөрөө авч ирэхгүй байгаа биз дээ? Гэрээг чинь харж байж би чамайг юу яана гэж хэлсэн шдэ, дээрээс хойш хоёулаа тийм л юм яриад байгаа шдэ. 

А: 103-ын гэрээг үү?

Б: Тийм.

А: Чи 103-ийн гэрээгээр яадаг юм?

Б: Тэгж байж л хоёулаа баталгаажна биз дээ, итгэнэ биз дээ би?

А: Хоорондоо гэрээ хийчхэж болдоггүй юм уу?

Б: Үгүй ээ, хоорондоо ч хоёулаа гэрээ хийнэ. Гэхдээ би төв 103-тай хийсэн гэрээг чинь заавал харна шдэ. 

А: 103-тай хийсэн гэрээг харин харж яах юм л гээд байна шдэ?

Б: Баталгаатай яг 103-тай гэрээ хийсэн байна уу, үгүй байна уу гэдгийг чинь л мэднэ шдэ. 

А: Хэцүү байна шдэ, ер нь одоо тэгээд л. 

Б: Яасан юм? 

А: Үгүй ээ, тэгээд яахав дээ. Чи ч гэсэн өөрөө мэдэж л байгаа шдэ. Гэрээ мэрээ наана цаана гээд үзүүлээд явах чинь хэцүү шдэ. 

Б: Засс, тэнэгтээд байгаарай, чи. 

А: Зүгээр л нэг юм ярингуут наана цаана гэчихдэг хүмүүс чинь хэцүү байгаа биз дээ. 

Б: Мэдэхгүй, надад лав асуудал биш л юм шиг санагдаад байх юм. Тэгээд тэр дундаа бүр даргатай нь гэрээ хийсэн бол бүр асуудалгүй л баймаар юм, гэрээ чинь. 

А: Яахав улсын байгууллага хувийн хэвшилтэй гэрээ хийдэггүй л гэж байна л даа. 

Б: Тэгээд? 

А: Зүгээр гэрээ биш, аман тохиролцоогоор энэ ажлыг цааш нь ингээд явуулчихна аа гэсэн байхгүй юу. Дээрээс нь Төмөрбаатар даргад хэлээд, Зэндмаа дарга бас ийшээ хэлж өгсөн байхгүй юу. Тэгээд л явчихсан байхгүй юу. Түүнээс биш яг албан ёсоор улсын байгууллага хувийн хэвшилтэй гэрээ мэрээ хийдэггүй. 

Б: Одоо тэгээд чи 103-аасаа дуудлага аваад л байгаа юу? 

А: Тийн, авч байгаа. 

Б: За, за

А: Сүүлд нь бас Пүрэвдаш дарга орж бүх газруудад өгөхгүй энэ тэр гэж хэлсэн гэсэн. Тэгээд би дахиад Төмөрбаатар даргаар хэлүүлээд тэгээд л явж байгаа. Манайхтай яахаар бол ямар ч иймээ тиймээ асуудал гарахгүй. Яагаад гэх юм бол эхнээс нь эхлээд ном журмынх нь дагуу бүгдийг нь тайлагнаад … юу му өгчихсөн явж байгаа шдэ, бид нар чинь.

Б: Төмөрбаатар нь юу хийдэг юм?

А: Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга. Зэндмаа нь дэд дарга. 

Б: Тэгээд чи өглөө над руу 8010….-өөсөө залгасан уу, тэ? Харин найм өнгөрч байхад залгасан байсан, би нам унтчихаж. 

А: Хорооллоос нэг дуудлага гарчихсан байна. Би энийг одоо өөрөө л юугаа авчихдаг юм уу, гэж бодоод. Өөрөө аваад явъя гэж бодоод л байж байна. 

Б: Зөөз. 

А: Танай машин чинь байгаа юм уу? 

Б: Машин байхгүй, дуудлаганд явчихсан байна. 

А: За за. 

Б. За за, тэгээд яриарай за юу

А: За, тэгье.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

2Comments

Add yours

Leave a Reply to zochin Cancel reply