Цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэхээр Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши болон Сангийн сайд Б.Жавхлан нар буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих 883 сая иений “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Энэхүү тусламжийн зорилго нь шинэ төрлийн коронавирусийн тархалтын нөлөөнд өртөөд буй Монгол Улсад мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд оршино.

Япон Улс нь НҮБ-ын хүүхдийн сантай хамтран 2,35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож 200 сая ам долларын санхүүжилт олгосон. Мөн дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна.

Монгол Улсад үзүүлж буй энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулж буй тус улсын шинэ төрлийн коронавирустэй тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болох юм.

Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

+ There are no comments

Add yours