УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд 2.3 тэрбум төгрөг төсөвлөжээ

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр УИХ-д тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.

Ийнхүү УИХ-ын гишүүний орон тоо гарсан тул УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, тухайн тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах, сонгуульд техник хэрэгсэл хэрэглэхийг УИХ-аас тогтоож өгөх нөхцөл үүссэн.

Иймд СЕХ-ны саналын үндэслэн УИХ-ын тогтоолуудын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан байна.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоохоор уг төслийг боловсруулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжлээ.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг УИХ тухай бүрт нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг.

Энэ үндсэн дээр Монгол УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2 тэрбум 287 сая төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын тухай” Улсын Их Хурлын 2020 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн 58.3 хувь нь төслийг дэмжив.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн юм.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэхээр товлосон байсан ч гишүүний гаргасан горимын саналын дагуу түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

+ There are no comments

Add yours