Т.Доржханд: Бид цахим үндэстэн болохыг зорьж буй л юм бол гар утсаараа саналаа өгч болдог, иргэдийнхээ нэг ч саналыг гээдэггүй байх ёстой

ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.1 хувийн санал авсан билээ. Гадаададаас сонгуульдаа оролцсон сонгогчдын 75.4 хувь нь Д.Энхбатад саналаа өгсөн юм. Мөн Хан-Уул дүүргийн нийт сонгогчдын 38 хувь нь Д.Энхбатыг сонгожээ.

ХҮН-ын дарга Т.Доржханд: “Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Өмнөх 30 жилээс маш их ялгаатай сонгууль боллоо. Бие биеэ харлуулж гүтгэсэн зүйл болоогүй. Хамгийн бага зардалтай сонгууль боллоо. Ковидын энэ үед ХҮН-аас зар сурталчилгааны самбар, ухуулагч ажиллуулах зэргээр өндөр зардал гаргахгүй байхыг МАН, АН-д уриалсан. Нийгмийн хүлээлтийг хүлээн авч хамгийн их санал авсан, МАН-ын дарга У.Хүрэлсүх Танд баяр хүргэе. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ танд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь сайн сайхныг хүсье.

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад 246.955 сонгогч саналаа өгсөнд дэвшигчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Зөв хүн электорат эвслийг 209 мянган иргэн дэмжиж саналаа өгсөн бол Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган иргэн саналаа өглөө. Өнөөдрийн байдлаар 250 мянган дэмжигч гишүүнтэй болсныг энэ сонгууль хоёр дахь удаагаа батлан харууллаа.

Манай эвслээс энэ сонгуульд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Мөнгөгүйгээр ийм богино хугацаанд сонгууль хийж болдгийг бид харууллаа. Энэ хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд маань шилжүүлж, нөлөөлөл үзүүлж, идэвхтэй оролцсон. Та нартаа баярлалаа. Нэр дэвшигч Д.Энхбат, түүний гэргий Д.Оюунцэцэг эгчдээ маш их баярлалаа. Монгол хүний зүрхэнд гэрэл асааж чадсан эгэл жирийн инженер, доктор Д.Энхбат ХҮН-ын хамт олноос дахин талархлаа илэрхийлье.

-ХҮН шинэ нам. Бид хатуу гишүүнчлэлийг эсэргүүцдэг. Засгийн эрхийг авахын тулд гишүүнчлэлээрээ татдаг нам биш ээ. Сонгуулийг санхүүжилтийг нэмэгдсүүлснээр өөр үр дүн гарах байсныг үгүйсгэхгүй.

-Мэтгэлцээн бол улс төрийн сонгуульд байх ёстой зүйл. Анх бид таван мэтггэлцээн хийе гэсэн санал гаргасан. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийх шаардлагатай гэсэн тул сүүлдээ нэг мэтгэлцээнийг маш өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөсөн. Харамсалтай нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан мэтгэлцээн болсонгүй. Үүнийг бид давтахгүй байх ёстой. Манайд нэг ч удаа мэтгэлцээн болж чадаагүй нь маш том алдаа.

Мэдээж бид өрсөлдөөнд ялна л гэж орсон. Бидэнд саналаа өгсөн сонгогчиддоо талархлаа илэрхийлэх гэж энэ хурлыг зохион байгуулж байна. Өөрийн намын том даргыг биш, хэн нэгэн эрх мэдэлтэй хүнийг биш эгэл жирийн инженер, эрдэмтэн хүнийг дэвшүүлсэнээр Монголын улс төрийн түүхэнд тодорхой өөрсдийнхөө хувь нэмрийг орууллаа гэж бодож байна. Бид ялагдсан биш Монголын улс төрд тодорхой ахиц дэвшлийг оруулж ирлээ.

Монголын 3.2 сая монголчууд дийлэнх нь гар утас барьдаг, интернэтийг олуулаа хэрэглэдэг. Сонгуулийг цаашдаа блокчэйн дээр хийе гэдэг санал, санаачилгыг гаргаж, гар утсан дээрээ сонгуулиа явуулах бүрэн боломжтой технологийн эрин үед хар машинтай байгаа нь цаг үеэ мэдрээгүй, хөгжил дэвшлээс хоцорсон сонгууль байна даа л гэж дүгнэж байна. Маш олон оюутан залуус өөрийнхөө бүртгэлтэй гэр орон дээрээ очиж сонгуулиа өгч чадсангүй. Гадаадад байгаа маш олон монголчууд саналаа өгч чадсангүй. Яагаад гэвэл санал өгөх байр нь зөвхөн элчин сайдын яаманд байгаа. АНУ гэхэд Чикагогоос Вашингтон орох хүртэл нэг хүний 1500 ам.долларын зардал гарч байхад бид цаашид яаж ийм байдлаар иргэдийнхээ саналыг авах юм бэ. Үнэхээр бид цахим үндэстэн болохоор зорьж байгаа юм бол гар утсан дээр сонгуулиа зохион байгуулдаг, иргэдийнхээ нэг ч саналыг гээдэггүй ийм л байдлаар явах нь зүйтэй. Үүний төлөө ХҮН бол шахаж ажиллана.

Шулуухан хэлэхэд Монголын улс төрд нэг том нам, тойрсон бусад нам боллоо. Монгол Улс 1990 оны өмнөх үе рүүгээ ухарчихлаа гэж харагдаж байна. Энэ хүчний харьцааг тэнцвэржүүлэх нь Монголын улс төрийн намуудын үүрэг. ХҮН ардчиллынхаа талд зогсох болно. Шаардлагатай бол АН-тай зарим зүйл дээр хамтарч ажиллах болно. Нийгэмдээ гэрэл асааж, Монголчууддаа дэлхийг нээж өгөх, эдийн засгийг нэмэх, иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх аливаа бодлого дээр бид хамтарч ажиллана. Шаардлагатай бол сөрөг хүчнийхээ байр суурь дээр хатуу зогсоно. Саналаа өгсөн иргэд, хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэндээ баярлалаа” гэв.

+ There are no comments

Add yours