Хилийн цэргийн офицер эхнэрээ хөнөөсөн үү?

-Нөхөртөө тэврүүлж, хүүгээ тэвэрч унтсан эхнэр, ээж хүн өөрийгөө боомилж, амиа хөнөөх үү???-

Цуврал сурвалжилга-1

 Утас дуугарав… цаг хартал нэлээд орой болсон байсан ч хэд хэд дуудаад байсан учир авахаас аргагүй болов.

-Байна уу?

-Байна, байна. Говь-Алтай аймгаас холбогдож байна. Миний охиныг нөхөр нь алчихаад боож үхсэн болгоод хэргийг нь хаах гээд байна… туслаач миний дүү… /уйлах чимээ сонсогдов/

-За та тайвширч байгаад ярих уу?

-Гайгүй боллоо. Одоо эгч нь уйлахгүй ээ.

Хэцүү байгааг тань ойлгож байна аа эгчээ. Гэхдээ би танд яаж туслахаа мэдэхгүй байна?

-Чи бичдэг хүн гэсэн биз дээ. Сэтгүүлч мөн биз дээ, хүмүүст миний охины тухай мэдээллийг хүргээд өгөөч. Миний охины талаар бичээд хэргийг дахин шалгаж, тэр дундаа нөхрийг нь шалгаад өгөх тал дээр ажиллаад өгөөч гэж гуйх гэсэн юм.

-Эгчээ,та сайн сонсож байгаарай. Би таны хэлснийг, бас энэ ямар хэрэг хаана  юу болов гээд сурвалжлаад бичээд нийтлээд хүмүүст хүргээд өгч болно. Харин ингэж бичээд тэр хэргийг задалж чадах эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс амлалт өгч чадахгүй, ойлгоорой?

-Ямартай ч миний охин амиа хорлох хүн биш… /уйлав/ миний охин нас барахаасаа хоёрхон цагийн өмнө ээжтэйгээ яриад инээж байсан, бас цаашид яаж амьдрах юу хийх талаараа ярьж байсан, нялх жаахан хүүхдүүдтэй, ухаантай, хүмүүжилтэй хүүхэд. Миний хүүхэд амиа хорлох хүн биш. Гэтэл ийм охиныг минь алчихаад амиа хорлосон гээд хэргийг нь хаах гээд байна. Эгч нь хөдөөний хүн. Хүн танихгүй, хэнд хандахаа мэдэхгүй. Охиныг маань муу хүн болгож, амиа хөнөөсөн болгох гээд байна, энэ хорвоогоос явуулчихсан хүмүүс. Ингэж болохгүй биз дээ.

-Ойлголоо, эгчээ. Би таны охины хэргийг судалъя, асууж суръя. Тэгээд таньтай эргээд холбогдъё. Та харин тайвшраад цаашид миний асуух асуултад хариулахдаа уйлахгүй, сэтгэлээ чанга барьж ярихад бэлдээд байж байгаарай, чадна биз дээ…

-Тэгье. Эгчид нь үнэндээ туслах хэн ч алга. Ганцхан үнэн л байгаа. Миний охин амиа хорлоогүй. Харин хүмүүс алчихлаа… Үүний учрыг л олмоор байна…

-За эхлээд би сайн сураадхая. Тэгээд тань руу ирэх долоо хоногоос холбогдоод дахиад ярилцья?

-Тэгээрэй, эгч нь хүлээж байя.

Тэр өдөр юу болов?

Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангид шуурхай жижүүрээр ажилладаг ахлах дэслэгч Д.Сүхболдын эхнэр гэртээ боомилогдсон байдалтай нас барсан хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 10-11-нд шилжих шөнө гарчээ. Талийгаач 28 настай ШУТИС-ийг инженерийн мэргэжлээр төгссөн. Англи, япон, хятад хэлтэй, хүний нөөц, тогооч, нарийн боовчны дамжаанд суралцаж, мэргэшсэн, гэрээрээ япон, хятад хэл сурсан, 3-6 насны хоёр хүүхдийн ээж байжээ.

Тэрбээр, “нэг л өдөр энэ хүний гарт би амиа алдаж магадгүй бололтой, архи уух дуртай, уухаараа ухаанаа алдчихдаг боллоо. Удам гэж үнэхээр чухал юм байна шүү. Хадам аав их муухай ааш гаргадаг хүүгээ өмөөрч үглэж загнах юм… Хааяа нэг мод түлээ хагалах ус авах зэргээр тусалж байхыг харах юм бол миний хүүг зарлаа гээд л загнаж аашлаад байх… ээж минь охин нь гэртээ гүйгээд очмоор их санаж байна аа. Хоёр хүүхдээ хөтлөөд нутагтаа, та нартаа очиж, энэ олон сурсан зүйлээ ашиглаад хэнээс ч дутахгүй амьдрах чадал охинд нь байгаа гэж бодох боллоо. Би одоо ч гүйгээд очмоор байна гэж ярих болсон. Харин нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө “нөхөр ирэх гурван сард амралтаа аваад хамтдаа Алтай явъя гэсэн” гэж яриад удахгүй очно оо” хэмээн нулимсаа залгин ээждээ өгүүлж байж…

Хэрэг гардаг өдрийн орой 22.00 цагийн орчим талийгаач Говь-Алтайд амьдардаг ээжийнхээ гар утас руу залгаж, тэгэхдээ “нөхрийнхөө ажлын газрын залуугийнд бууз хийж байна. Одоо бууз чимхэх гэж байгаа болохоор завгүй болохоосоо өмнө залгаж, таныгаа сайхан амраарай гэж хэлж байна аа” гээд “маргааш өглөө ярья” хэмээн утсаа тасалж…  Талийгчийн хувьд ээж рүүгээ өдөрт 1-2 удаа заавал залгаж ярьдаг байж. Энэ л заншлаараа ярьж байна хэмээн ойлгосон ээжийг өглөөний 06.00 цагт утасны дуудлага сэрээсэн нь Увс аймгаас залгасан худ нь байв. Худ нь “сэтгэлээ бариарай, хэцүү юм сонсгох болчихлоо, охин чинь өөрийгөө боогоод нас барчихлаа” гэж хэлсэн аж

Харин “миний охин яахаараа өөрийгөө боодог юм бэ” гэж уйлан хашгирсан ээжид “хурдан ирээрэй, цогцост задлан шинжилгээ хийх гэж байна” гэсэн хариу өгчээ. Сандарсан, мэгдсэн ээж нь тухайн үед Баян-Уул суманд малаа хариулж байсан аав руу нь залгаж хэл дуулгаад ах дүү нартаа хэлж, Увс уруу явахаар бэлтгэж. Ах дүүсээрээ сандарч, хол ойроос цугларсаар нар жаргах үед Говь-Алтайгаас Увс уруу гарахад битүүний өдөр таарсан байна. Тэд шинийн нэгний өглөө Увс аймагт очиход охиных нь цогцост хэдийнээ задлан шинжилгээ хийчихсэн байжээ…

Талийгаач хэн байв?

Говь-Алтай аймагт 1989 онд төрсөн. М.Маамхүү гэдэг байж. ШУТИС-ийг инженерийн мэргэжлээр төгссөн. Англи хэлтэй. Эмэгтэй хүн олон мэргэжилтэй байж, хэний ч доор орохгүй амьдрах ёстой, гэр бүлээ сайхан авч явахад олон талын авьяастай байх нь чухал хэмээн ярьдаг. Дуу, хөгжимд дуртай. Уртын дуу сайн дуулдаг байсан учир баруун бүсийн  цэргийн урлагийн наадамд өнгөрсөн жил мөнгөн медаль авч байсан.

Мөн хилийн цэргийн хүнтэй гэр бүл болсон учир хаана ч очсон газардахгүй байх ёстой хэмээн хүний нөөц, тогооч, нарийн боовчны дамжаанд суралцаж, мэргэшсэн гэнэ. Мөн гэрээрээ япон, хятад хэл сурсан, 3-6 насны хоёр хүүхэдтэй, Ховд аймагт барилгын компанид ХАБ-аар ажилладаг байжээ.

 Тэрбээр нөхөртэйгээ фэйсбүүкээр танилцаж байжээ. Тэднийг танилцах үед нөхөр нь ОХУ-д сурч байсан бөгөөд төгсөж ирээд уулзаж, гэр бүл болсон гэнэ. Хэдийгээр нөхөр нь гэр бүл болсноос хойш ааш нь хувирч, архи байнга уух болж, үүнээсээ болж ажлаасаа сануулга авч, халагдахад хүрч байсан ч нөхрөө нэг л өдөр өөрчлөгдөнө хэмээн хүлээж, амьдралд дэндүү хайртай ханддаг байж.

 Харин тэр өнөөдөр энэ амьдралаас буцчихсан. Гагцхүү түүнийг амьдралд ийм хайртай, гараас гараагүй нялх хүүхдүүдээ орхиод өөрийгөө хөнөөх хүн биш гэдэгт ээж нь болон гэрийнхэн нь огт эргэлзэхгүй байгаа. Учир нь… нөхөр Д.Сүхболд нь, “найзындаа очиж бууз хийж байгаад ирсэн. Найз архи гаргаад ууцгаасан. Хэр их ууснаа мэдэхгүй байна. Гэртээ ирээд би эхнэрээ тэврээд, эхнэр хүүгээ тэврээд хамтдаа унтсан. Гэнэт дүү орилоод, “эгч үхчихэж” гэхээр нь сэрэхэд орны толгойноос боогоод үхчихсэн байсан. Цаг харахад гурав болж байсан…” гэсэн байгаа юм. Энд нэг зүйл гайхал төрүүлж буй юм. Нөхөртөө тэврүүлж, хүүгээ тэвэрч унтсан эхнэр, ээж хүн өөрийгөө боомилж, амиа хөнөөх үү?

Хэн, юу хэлэв?

Талийгаачийн ээж Т.Цэдэвхорол,

– 2017 оны намар Баян-Өлгий аймгийн Цагааннуурын тавдугаар заставт ажиллаж байгаад архи ууж, асуудал гаргаад халагдсан юм шиг байна лээ, Д.Сүхболд. Тэгээд Увсад нутагтаа очиж, ажилд орсон байсан. Аймгийн төвд Хилийн цэргийн 0245 дугаар ангид шуурхай жижүүрээр ажиллаж байгаа, ахлах дэслэгч цолтой. Архи хэрэглэхээрээ хэтрүүлдэг, авир муутай, охиныг маань багагүй зовоож байсан.

Охин маань хааяа нэг л нөхрөө зодсоныг хэлнэ. Тэр бүхэнд нь би юм санахгүй сонсоод өнгөрдөг байсандаа үнэхээр харамсаж байна. 2019 оны зургадугаар сард хүүтэй болоод арай гайгүй болж байна гэж ярьж байсан. Хоёр хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ өнчрүүлээд яахав, аль болох ая эвийг нь хараад засаад авна даа гэж хичээсэн байх. Увсад хүргэн Д.Сүхболдын аавын хашаанд амьдарч байсан. Нэг хашаанд болохоор хадам аав нь ч бас их зовоодог байсан юм билээ. Миний охин аливаад хүлээцтэй, болгох гэж зүтгэдэг зангаараа л тэвчээд байсан юм байх. Тиймдээ ч хүүгээ хоёр нас хүрэнгүүт 2020 оны дөрөвдүгээр сараас мэргэжлээрээ ажиллахаар боллоо гэж ярьж байсан юм. Тэгээд Ховдод барилгын компанид ХАБ-аар ажиллаж байсан.

-Та охиноо эргэж очиж байгаагүй юу. Увсад ямархуу амьдарч байсан бэ?

-Өдөр тутмын ажилдаа түүртээд л охиноо эргэж очиж чадаагүй ээ. Харин охин маань ирэх гуравдугаар сарын сүүлээр нөхрөө амралтаа аваад хамт очъё гээд байна гэж ярьж байсан юм. Нөхрөө архи уухаараа ааш нь улам хэцүү болоод ухаан мэдрэлээ алдаад байх юм. Сүүлд нь юу ч санахгүй байна гэх юм. Хадам аав ч их хэцүү ааштай, тэрийг л дуурайсан юм шиг байна гэж ярьж байсан. Бас том охин нь таван настай. Зээ маань “эмээ аав ээжийг аймар зоддог. Архи уухаараа яг галзуу хүн шиг болчихдог. Хаалга цөм өшиглөөд гараад явчихдаг. Би ааваас айж байна” гэж ярьдаг. Үнэхээр охин маань гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдарч байсан болохоор амиа алдчихлаа гэж бодож байна.

-Гадны нөлөөтэй амиа алдсан гэж үү?

-Тиймээ, миний охин амиа хөнөөх тэр дундаа боож амиа хөнөөх хүн биш. Сэргэлэн, хүнтэй эе эвээ маш сайн олдог хүүхэд. Тэгээд ч би энэ хэрэгт нөхрийг нь хардаад байгаа юм. Алдсан хүн арван тамтай гэж үнэн юм байна. Миний охин хэзээ ч амиа хорлохгүй. Үгүй ядаж эхнэрээ тэврээд унтаж байсан гэсэн атлаа дүү нь шөнө гэрт нь орж ирээд миний охиныг уньнаасаа дүүжлэгдэн амиа хорлосон байсныг олсон гээд байгаа. Мөн нөхөр нь орны толгойноос боож үхсэн байсан гээд байгаа. Ямар ч байсан бид битүүний өглөө охиныхоо өнгөрсөнийг сонсоод ах дүү нараа цуглуулаад орой нь хөдлөөд шөнөжин давхиад өглөө очиход хэдийнээ задлан шинжилгээнд оруулчихсан гээд охины маань цогцсыг баахан хүүчээд хаячихсан байсан.

-Цогцсыг нь хүүчсэн гэдгээ тодруулаач?

-Миний охиныг боож амиа хөнөөсөн гэж гэчихээд задлан шинжилгээ хийж байна гээд гэдсийг нь, бөөрийг нь хүзүү хоолойг нь завсаргүй зүссэн байсан. Яг л боож амиа хөнөөсөн болгох гэж байгаа юм шиг. Бас хоолойнд нь бүдүүн, нарийн хоёр ором байсан. Гэтэл хүүгийнхээ бүсээр хоолойгоо боож амиа хөнөөсөн гээд байгаа юм шүү дээ. Амь шигээ хайрладаг байсан хүүгийнхээ бүсээр амиа хөнөөх ээж гэж байхгүй шүү дээ. Бас хоёр гарын шуу нэлэнхүйдээ хөхөрч, шанаа, хацар нь овойж хавдсан, нүд нь эргэн тойронд нь хөхөрсөн байсан. Мөн миний охиныг архи их уусан гэж нөхөр нь хэлдэг. Гэтэл задлан шинжилгээгээр ходоодноос нь архины төрөл зүйл гарсан гэхээр алчихаад ам руу нь цутгачихсан юм болов уу гэмээр байгаа юм. Миний охин архи уудаггүй байсан. Нөхөр нь тэгж муухай ааш гаргадаг болохоор жигшдэг байсан юм шүү дээ.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу?

-Гарсан. Гадны нөлөөтэй амиа алдсан. Дөрвөн сантиметрийн өргөнтэй зүйлээр амьсгалыг нь боогдуулсан гэж гарсан юм билээ. Тиймээс бид энэ хэргийн үнэн зөвийг олж, энэ хэрэгт нөхрийг нь шалгах ёстой гээд үзсэн. Тэгээд Ерөнхий сайдад өргөдөл гаргасан. Ингэснээр аймгийн Цагдаагийн газраас хэргийг амиа хорлосон гэж хаах гэж байснаа сэргээж, цогцост нь дахин задлан шинжилгээ хийхээр боллоо гэж өмгөөлөгчид мэдэгдсэн.

-Талийгаачийг хаана оршуулсан юм?

-Говь-Алтайд, нутагтаа авчирсан хөдөөлүүлсэн. Бид хэргийг Увсаас шилжүүлж шалгуулах хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй. Тиймээс Ерөнхий сайдад хандсан. Бид охиноо алуурчны гарт алдчихсан атлаа амиа хорлосон гэж доромжлуулж болохгүй гэж үзэж байгаа. Миний охин архичин нөхрийнхөө гарт амиа алдчихлаа гэж бид хардаж байгаа.  

-Хүргэний тань гэр бүлийнхэн ямар хүмүүс байдаг вэ. Та бүхэн ямар харилцаатай байдаг вэ?

-Аав нь тэтгэвэрт гарсан. Ээж нь Увс аймгийн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт асрагчаар ажилладаг гэсэн.

Бид Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн Шуурхай албаны 89220245 дугаарт холбогдож, тус ангид Б.Энхболд гэж ахлах дэслэгч ажиллаж байгаа эсэхийг тодруулсан юм.

-Сайн байна уу, Улаанбаатар хотоос холбогдож байна. мөрч.мн сайтын сэтгүүлч байна?

-Сайн байна уу. Ямар асуудлаар холбогдож байгаа юм бол. Хэрэв та ямар нэгэн мэдээлэл авах гэж байгаа бол албан зөвшөөрөл авах ёстой?

-Танай ангийн дарга байгаа юу?

-Яг одоо гадуур ажилтай явж байгаа.

-Танайд Д.Сүхболд гэж ахлах дэслэгч ажиллаж байгаа юу?

-Ажиллаж байгаа. Бид алба хаагчид болон албатай холбоотой мэдээллийг заавал зөвшөөрөлтэй гаргах ёстой. Та зөвшөөрөлгүй учир таны асуултад хариулах боломжгүй гэсэн үг.

-Ахлах дэслэгч Д.Сүхболдын гэргий гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай учир бид хэргийг тодруулж хүмүүсээс мэдээлэл цуглуулж яваа юм аа. Тиймээс энэ хүнийг танайд ажилладаг эсэх, ажиллаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай болсон юм. Тэгээд холбогдсон юм?

-Та зөвшөөрөл авах ёстой. Ямар ч нөхцөлд танд бид мэдээлэл өгөх боломжгүй гэсэн үг.

-Танай алба хаагч хүний амь нас хөнөөсөн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа учир бид тодруулсан юм. Та бүхэн алба хаагчидтайгаа холбоотой бүх асуудлыг мэдэж байх ёстой биз дээ?

-Энэ асуудлыг одоо л сонсож байна. Тиймээс тодруулаад таньтай холбоо барья.

-За баярлалаа.

Увс аймгийн цагдаагийн газраас тодруулав.

-Сайн байна уу. Улаанбаатар хотоос холбогдож байна. Мөрч.мн сайтын сэтгүүлч байна?

-Сайн байна уу.

-Танайд Д.Сүхболдын аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч ахлах дэслэгч болдын эхнэр М гэртээ боомилогдсон байдалтай нас барсан хэргийн талаар тодруулах гэсэн юм?

-Талийгч Говь-Алтайн бүсгүй байсан уу?

-Тиймээ.

-Тэр хэргийн хохирогчийн ар гэрээс Ерөнхий сайдад өргөдөл гаргасан байсан. Тиймээс Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн яам, яамнаас ЦЕГ-т үүрэг өгөгдсөний дагуу хэрэгт ажиллагаа хийгдэж байгаа.

-Хохирогчийн ээж “амиа хорлосон” гээд хэргийг хаах гээд байна. Охин маань амиа хорлох учиргүй. Мөн хүргэнээ энэ хэрэгт хардаж байгаа гэдгээ хэлж, биднийг тодруулж өгөхийг хүссэн юм л даа?

-Хэргийг хаагаагүй. Хэрэгт ажиллагаа явагдаж байгаа болохоор мөрдөн байцаалтын нууц учир холбогдох мэдээллийг өгөх боломжгүй. Харин та прокурорын албан ёсны зөвшөөрөл авсан тохиолдолд шаардлагатай мэдээллийг өгч болно. Бидний зүгээс зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

2Comments

Add yours
  1. 1
    Зочин

    Хэрэггүй хог шаарнуудийг үүрэх ёстой ялийг нь өгөх ёстой үгүй юмаа гэхэд цаазаар авах ёстой.энэ гэр бүлийн хүчирхийлэлээс болж хэдэн мянган эмэгтэй өнчирч хоцорсон хүүхэдтэйгээ амьдрахын тулд өдөр шөнөгүй ажилж байна

    • 2
      Anonymous

      Яадаг муу араатан бэ.хогийн юмнууд хаа сайгүй байх юмаа. Хөөрхий ээжид заавал үнэнийг олж өгөөрэй.

+ Leave a Comment