Танил технологи буюу “цөмрөлт”-ийн золиос

Ойрд сошиал машид хөгжилтэй, юун цагаан сар, юун наадам гэдэг шиг л хөл хөөртэй байх болов. Өглөө сэрэхэд л попын хаан лугаа өргөмжлөгдсөн У.Хүрэлсүхийн “тасархай” нэгэн кадр бүхий л сүлжээг эзэгнэн хуйлруулж, доор нь дэмжсэн, миалсан хоёр ижил тэнцүү ааглаад л… Хүн төрөлхтөнд Хүрэлсүх гэх энэ хүнээс өөр хүн байхгүй мэт хуйларсан их мэдээлэл уншсан бүү хэл утсаа нээсэн хүний дотор муухайртал цацаж, пялаалгаж байна.

Өөрийн эрхгүй 2016, 2017 оны хаврыг санагдуулах болов, ойрын өдрүүдэд. Аргагүй л цаг эргэдэг аж. 2016 оны намраас МАН-аас М.Энхболд нэр дэвших нь тодорхой болж, мэдээлэл цацагдахтай зэрэгцэн сошиал зөвхөн тэр хүнээр “амьсгалж” байв шүү дээ. Тэр бүү хэл ургах нар зөвхөн тэр хүний төлөө мандаж, мандаж байгаа нар зөвхөн М.Энхболд гэдэг хүн шиг бүлээн туяагаар Монгол Улсыг гийгүүлж, номхон дөлгөөн М.Энхболд гэдэг хүн зөвхөн Монгол Улсыг хөгжүүлэх гэж төрсөн мэт л мэдээлэл цацагдаж байлаа… Ямартаа л Есдүгээр сарын 1-ний хичээлийн нээлтийн мэдээ нь Нарыг ичээсэн… гэдэг тууж шиг гарчигтай таван өгүүлбэрт багтаж байсан бол М.Энхболд гэдэг хүнтэй уулзахаар намын байрны үүдэнд дугаарласан хүмүүс өнөөдрийн банкны үүдний очёроос урт байсан. Зөвхөн холоос барааг нь хараад гараа өргөж, хариу дохьвол уулзсан мэт баярлаж, ууж тэмдэглэдэг хүмүүс хүртэл байсан гэхээр тухайн цаг үедээ “баадаг л болохоос бурхан шахам” байсан гэсэн үг…

Гэтэл энэ бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш ор сураггүй алга болж, түүгээр зогсохгүй дэргэдээ байнгад дагуулж яван дээлээ хувааж нөмрөхөө шахаж байсан “80 оны төлөөлөл”-д хуга мөргүүлсэн гашуун түүхтэй. М.Энхболдоос өөр хэн ч Монгол Улсыг хөгжүүлэхгүй ээ хэмээн жүжигчид хоороороо хашгиралдаж, дуучид дуулж, хөгжмийн зохиолчид ая зохиож, яруу найрагчид мөр холбож, улс төрийн “амтат бялуу” тамшаалагч албан тушаалтнууд барааны газраас 90 градус бөхийн мэндчилж байгаагүй мэт түүнийг төө хол өшиглөж орхиод ор тас мартсан… Хамгийн гунигтай нь М.Энхболдод гэрийн сүүдэрт шидэх хөдөс ч үгүй хаягдаж байхад нөгөө талд нь час улаан даавуун дээр дараагийн дөрвөн жилийн “попын хаан” мэндэлж байв шүү дээ… Энэ хэн бэ гэдгийг энд би бичихгүйгээр монголчууд маш сайн мэдэх учир илүү юм бичих тусмаа сонирхолгүй нь ойлгомжтой. Ямартаа ч монголчууд өнгөрсөн дөрвөн жилд энх цаг уу, эх орны дайнтай жилүү гэдгийг ялгахгүй болтлоо самуурч туулж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй байх.

Тэгвэл өнөөдөр… Төрийн эрх баригч намын дарга төрийн тэргүүнээр сонгогдохдоо “намайг алчихдаггүй юм бол би энэ улсын төлөө амиа тасартал зүтгэнэ” гэж тангараг өргөж байсан хүн. Шүлс нь хатаагүй байхад тэрбээр улсынхаа төлөө зүтгэх тангарагаасаа няцаж, өөрийн намынхаа гишүүдээс бүрдсэн танхимаа орхин суудлаа өгсөн. Мөн энэ суудалд ирэхдээ машид сайхныг ярьж байсан тэр хүн илүү их эрх мэдлийн төлөө ард түмнээ нөгөө суудлынхаа арын зайнд таг мартаад явсан атлаа өнөөдөр юу ч болоогүй мэт сайхныг ярьснаар эргэж гарч ирэв. Хамгийн хөгжилтэй нь түүнийг дөрвөн жилийн өмнө хурайлан тосож байсан ард түмэн нь хөмхийгөө зууж угтаж байгааг ойлгохгүй, хамгаалагчдаар хүрээлүүлсэн тойрогтоо хаяад явахдаа хэлж байсан үгээ улам гоёчлоод өгүүлж суухдаа ичсэнгүй. Тэр бүү хэл уурга хуйвлаж, адуу хөөж, дээлээ сугалдаргалан, булчингаа тодруулан … үнэндээ монголчуудад Монгол Улсын хөгжилд тархи биш булчин, хөгжил биш хөөсөрсөн их попролт хэрэгтэй мэт аашилсаар давхиж ирэв…

Ингэхэд энэ хоёр улс төрчдийн ард өөрөөр хэлбэл МАН гэх 100 жилийн түүхтэй энэ том намын ард олон нийтэд мэдээлэл өгөх сурталчилгааг хэн, хэний баг хийж ажилладаг юм бол??? Ялангуяа бахархал төрүүлэх гэхээсээ илүү бачимдуулмаар их шоутай Хүрэлсүхийн фото попролт хэрээс хэтэрсэн энэ цаг мөчид энэ ажлыг хийж байгаа хүмүүс хэн болох, ямар судалгаатай ажилладагийг намын гишүүд бүү хэл жирийн иргэд ч гайхан хэлэлцэх болов. Аргагүй шүү дээ, өнөөдөр хэдэн он, хэддүгээр зуун билээ. Найман настай бяцханаас наян настай хөгшин ч цахим орчноос өөрт хамааралтай мэдээллийг авчихаж байхад. Согтуу галзуу нь мэдэгдэхгүй баахан зураг, өчигдрөө мартсан өнөөдрийг үгүйсгэсэн, маргаашийн эерэг үзүүлэлтгүй олон үйлдэл бүхий улс төрч нэртэй алиа салбадайг анзаарч хараад өөрсдийн сонголтоо хийнэ гэдгийг мэдэхгүй баймааргүй санагдах. Ямартаа ч үеийн үед өөрсдийгөө алдаршуулж, их мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсэг бүлэглэлийг “тойглож” шимэгчилж амьдардаг шинэ цагийн тэрбумтангуудын дараагийн нүүдлээс бий болж байгаа ийм нэгэн улс төрийн уланд хийсэх улс төрчийн хатуу цөмрөлтийн дараагийн “золиос” гэдгээ тэр хүн мэдэж байгаа болов уу????

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours