Б.Жавхлан: VII сарын нэгнээс НДШ хоёр хувиар нэмэх асуудлыг хойшлуулахыг ЗГ дэмжсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-нээс хоёр хувиар нэмэх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Нийгмийн даатгалыг тэглэх, татварын өршөөл үзүүлэх зүйл рүү бид явахгүй. Энэ бол гашуун. Монгол Улс нэг удаа хийсэн. Дахиж ийм зүйл хийхгүй. Орлогоо олдог, татвараа авдаг тогтолцоо руу явна. Харин 2020, 2021 он дамжсан цар тахлын онцгой үеүдэд улс орнууд өөрсдийн дэмжлэгийг үзүүлж байгаа. Монгол Улс ч бас ингэж явсан. Өнгөрсөн онд 2.4, энэ онд 1.7 их наяд гээд төсөв өөртөө ахадсан ачаалал авч байна.

Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны долоодугаар сарын нэгнээс хоёр хувиар нэмэгдэх нь 2017 онд шийдэгдсэн асуудал. ОУВС, гадаад ертөнцийн өмнө бидний хүлээсэн үүрэг бий. Гэсэн хэдий ч 2020 онд энэ асуудал шийдэгдэх ёстой байсан, хойшлуулсан. Одоо дахин хойшлуулах асуудлыг ярьж байгаа. Үүнийг Засгийн газар дэмжинэ гэж өчигдөр Ерөнхий сайд хэлсэн” гэлээ.

+ There are no comments

Add yours