Хулганатын бэлд

Кобинатаас Отова руу уруудахад  “Хулганатын бэл” хэмээх  эгц  өгсүүр газар буй. Хулганаас өөр өгсөж уруудаж чадах  нь үгүй  хэмээх утгаар  ийн нэрлэсэн бололтой. Суурин талаас энгэрийн орой  хүртэл  хүн  тэрэг  явдаг ч, зүүн  талдаа  ойрын  хэдэн  жил  засаж  янзлаагүй, таримал  модоор  хийсэн  хашаа, баруун  талдаа хуучин  байшингийн  цэлгэр суурь  байх агаад, нэгэн том нарс  мод дошин  дээрээ гэсэн шиг ганцаар эзэгнэж  буй улаан  шороон хөрсийг  өнгөрөөд,  эндээс л  ташуурч  эхэлнэ дээ гэж бодох үед гэнэт огцом налуу, хавчиг, муруй  зөрөг залгах ажээ. Хүн тэргэнд суугаад энгэрээс  буух нь бүү хэл, хоосон  тэргээ чирээд ч бууж чадахааргүй юм. Тэрэгнээс буугаад  явган явсан ч, ялангуяа  бороо орсны дараа  энгэр  рүү бууж  чадахгүй билээ. Хулганатын бэл гэх нэр үнэхээрийн  оносон  нэр  юмсанж.

Нарс мод ургасан  энэхүү  эзэнгүй  хоосон  газар  нэг хэсэгтээ л  хүүхдийн тоглох газар болж  байтал өнгөрсөн  жилийн сүүлээр ийшээ том  том  дүнз, боржин  чулуугаар хийсэн  хавтан зөөж  эхэлжээ. Отовагийн зам  хүртэл  үхэр тэргээр ачиж ирээд, Хулганатын бэлийн  хажууд шат бэлдэж, түүнийгээ усан онгоцонд  ачаа ачдаг өргөгч цамхагтай адилхан том төхөөрөмжөөр өргөж зөөх аж. Ажилчид шоргоолж шиг язганана.  Мужаан  модоо  харуулдаж, чулуугаа зүснэ. Хоёр сар болохгүй үгүйтэй хугацаанд япон европыг хослуулсан  хоёр  давхар барилга бослоо. Хар будагтай өндөр хайс  барьжээ. Сүртэй сайхан  байшин боссон билээ. Хавь ойрын хүмүүс  гайхаж  байлаа. Мод  дүнз зөөж  эхлэх үеэс л  хэн энэ байшинг барих юм болоо ? гэлцэж, ихэд  сонирхон жиг жуг  хийж байтал Фүкабүчи гуай барих юм гэнэ гэх болов. Фүкабүчи гэдэг нэртэй хүн том  түшмэдийн дотор үгүй. Бизнес  хийдэг ч гэж дуулдаагүй. Ер ямар  зиндааны  хүн бол гэсэн хүн бүрийн сэжиглэнгүй  эргэлзэнэ. Тийн ахуйн хэн  нэгэн,  хаа нэгтэйгээс  сонссон бололтой юм, дайны  үед Манжуураас бэлжсэн  хүн  гэнээ гэж дуулдлаа. Үүнээс сонсоод  ихэд сонирхож, хэл ам нь загатнаж байсан хүмүүс  сая нэг юм тайвширчээ.

Байшин  баригдаж дуусах үед, өндөр хашаатайгаа адилхан  хар өнгөөр  будсан хаалгыг  харахуй, өргөн хэрэглэдэг рэшо бичгээр нээрээ л Фүкабүчи  хэмээн  бичсэн шаазан пайзыг утасны дугаарын хамтаар зэрэгцүүлэн өлгөжээ. Хэдий сайхан байшин бөгөөд яагаад ч юм хэв маягаас өөр гойд юмгүй, бас дүнсгэр байгууламж мэт сэтгэгдэл төрнө. Банчод байдаг Акүзава гэдэг хүний байшинтай төстэй юм. Илүү тодруулж хэлбэл хуучны хэв маяг бүхий хүмүүст “Тансан ламын” -т гардаг мангасуудын амьдарч баймаар сууц шиг харагдана, харин орчин үеийн хүмүүст Метерлинкийн жүжигт гарч баймаар байшин гэж бодогдох буй за.

Хоёрдугаар сарын  арван долооны үдэш  байлаа. Мухрын өрөөний найман жёо олбог дээр хоёр гийчин  сууж байх агаад архинд нэлээд  халамцсан байв. Тэр өрөө нь тохижилт муутай бөгөөд Бүнчогийн бичсэн жинхэнэ, хуурамч нь ялгагдахгүй уран бичгийг хоймрын токономад  өлгөсөн байна. Таргалж өөхлөн, улаа бутарсан царайтай, живэр сахалтай гэрийн эзэн болон зочдын хажууд нэлэнхийдээ зэвүүн ногоон өнгийн тастмаар бүрсэн түшлэгүүд тавьжээ. Хөхөл бий  царайтай, шингэн үстэй, нүд нь аятай эргэлдэх ч найрсаг шинжгүй, хижээл насны хатагтай аяга таваг янзалж үйлчлэх бөгөөд энэ гэрийн  эзэгтэй бололтой. Олбог  суудлаасаа авахуулаад энд байгаа хүмүүс нь хүртэл цөм шинээр нээгдсэн хоолны газарт харагддаг дүр зураг, уур амьсгалыг ч санагдуулдаг ажгуу.

“Ямар ч байсан олуулаа  очсон ч үнэндээ өв хөрөнгө базаасан хүн өдрийн од л доо. Дайн эхлээд бүтэн жил боллоо. Порт Артурт  уналаа гэх үед  биедээ байгаа бүхнээ архи болгоод загасчин нөхдөө Далянь руу онгоцны ёроолд хийж явуулна гэдэг амаргүй л байсан шүү. Ойр дотнын загасчдыг зохицуулсан нь оносон ч , тэгтлээ мөнгө хийж чадаагүй, гэхдээ манайд архи бол хичнээн л бол хичнээн гүйнэ гэх газар  очсон болохоор  сайн юм болсон шүү” гэж ярих нэгэн зочин  архинд нэлээд халамцсан  бололтой яриан дундуур  хэл нь ээдэрч  байв. Улаан зээрд царайнд нь буурал сахал сөрвийжээ. Тэр хятад хэлний орчуулагч хийж байсан эр ажээ. “Зүрх зоригтой л байна “гэж нэг зочин амыг дагуулах мэт хэлэв. “Аньшан хүртэл архи зөөж байсан чичааны эзнийг мөшгөж, зам дээрээс авсан төмөр утсаа өвөрт  нь чихэж  хийгээд, цэргийн цахилгаан утсыг тасалсан  хорлон сүйтгэгч болгон, шууд л армид аваачаад  тушаана гэдэг бол яавч гаднын хүн хийж чадах ажил биш ээ” гэж хар хөх өнгийн хүрмэн дотуур хантааз өмссөн, цонхигор царайтай сонины сурвалжлагч эр ярилаа. Энэ үед аятайхан царай зүстэй, хөдөөнөөс  ирсэн болов уу гэмээр бүсгүй халаасан гүцтэй сакэ барьсаар ирж гүймэл хана нээгээд архи оруулж өгтөл гэрийн эзэн эзэгтэй рүү харж нүдээ ирмэлээ. Эзэгтэй гүцийг сандрангуй аваад бүсгүйд хандан “Хэрэг гарвал хонх дуугарч бай л даа , жингэнэнэ шүү дээ! цаашаа яв,яв” гэж хэлээд гүймэн ханаа хаах нь тэр. Сурвалжлагч яриагаа цааш үргэлжлүүлэв.”Тэр явдал ч яах вэ, багш өөрөө ташуураа бариад тас тас няс няс  хийлгээд шавхайтай замаар урагшилъя гэж байтал луус ч билүү илжиг ч билүү бяруу ч билүү ямартай ч авч явсан унаа нь ер урагшаа  явахгүй байсаар торонд орооцолдож, гаолян шишийн тайрдсаар дүүрсэн талбай дундуур өгсөж уруудаж гэлдэрч явсан ч нь хөгтэй юм даа гэж хэлээд гэрийн эзний царайг ширтэн харлаа.Гэрийн эзэн муухай мушилзаад архи бага багаар  балгаж  байв. Архийг хичнээн их уулаа даа, тэр үе шиг  таатай цаг надад байгаагүй шүү.  Өмнө цэргийн хуаранд тэгтлээ  их хоол унд идэж байсан удаагүй л дээ . Гэрийн эзэн үл ялиг жуумалзав. Чи ч архи, хүүхэн хоёр л байвал  сэтгэл нь ханадаг хүн дээ . Нүгэлтэй юмаа.

Мэдээж шүү дээ. Томхон хундагатай архи , сайхан хүүхэн байх юм бол юу ч хийж чадахаа болино доо. Одоо  ер нь Рёод буцаж очоо, компанид ажилд орохгүй бол болохгүй. Үнэндээ бол  Наньшань руу явмаар байгаа ч хүний амьдрал санаснаар болох биш дээ.

Би чамайг ёстой гэнэ хонгороороо байна даа гэж бодсон шүү.Тэр илжиг бэлгэнд аваад ямар их баяр хөөр болж  байсныг чинь  бодохоор ёстой хэлэх үг олдоггүй юм. Чамайг ч , бас тэр луус авчхаад баярлаж  байсан штабын  өвгөнийг ч бараг бярман л даа гэж бодсон шүү. Тэр штабын  өөрөө би морин цэргийн албанд ийм хувцас өмсөөд явган явахад хэцүү байсан ч одоо луустай болсон болохоор цаашдаа явган явахгүй гэж бодохоор үнэхээрийн сайхан байна гэж ярьж байсан нь их таалагдсан . Тэгээд чи илжгээ яасан бэ гэж сурвалжлагч орчуулагчаас асуув.

Юу л даа , Жюүрига хүртэл яваад очтол цэргийн хуаранд хураалгасан. Сурвалжлагч гэрийн эзний царай руу хяламхийгээд зальтай нь аргагүй инээлээ. Гэрийн эзэн мөн тийм нүдээр сурвалжлагчийн өөдөөс харав.

Тэр хоёртой харьцуулах юм бол чи ч их л нүгэлтэй хүндээ. Архи , хүүхэн хоёрт сэтгэл чинь ханаад зогсохгүй болохоор .

Үгүй ээ нэг их ялгаа байхгүй ээ. Би өөр төрлийн хүүхнүүд хүсэж байна шүү. Мөнгө муугүй ч , нөгөө тийм хүүхнүүдийг өөрийн болгох арга төдий юм. Би мөнгөнөөс өөр юм сонирхдоггүй чамтай адилгүй. Гэхдээ найз нөхөд чам шиг хүн байгаагүй яамай даа.

Гэрийн эзэн өнөөх янзаараа жуумалзав. Арай өөр хүүхэн ч яах вэ ? Эйкод ирсний оройноо согтуудаа ярьсан тэр аймаар аа . Ингэж хэлээд эхнэрийнхээ зүг хяламхийлээ.Эхнэр нимгэн уруулынхаа засвараар шарласан шүдээ гарган инээвхийлж байна.Үнэхээр Огова гуай эелдэг царай гаргаж байгаад базаахгүй хүн байна шүү Огова гэдэг сэтгүүлчийн нэр бөлгөө.Огова эмзэг газраа хатгуулсан бололтой, дөнгөж цовоо цолгин байснаасаа тэр өөр болж, явган ширээн дээрээс архи шүүрч авах нь  санаа бодлоо далдалж байна уу гэх бодол орж ирэв үү гэж санагдав. Гэрийн эзэгтэй Оговагийн царайг хажуухнаас нь өнгийж  харах зуураа Яадаг билээ. Наадах чинь хөрсөн байх даа. Бүлээнийг авал даа гэж хэлээд  бүсгүйн орхиод гарсан гүцийг авч өргөлөө.Огова хүйтэн архийг шөлний аяга руу хийгээд эзэгтэй гоожуулж өгөх архийг тосжээ. Архи хийж өгөнгөө гэрийн эзэгтэйн наалинхай маягтай хэлэв.

Эйгүчид орхиод ирсэн тэр хүүхэнд Огова гуайн хүсэл ханаагүй гэсэн байхаа. Нагояад Оговад хүртэл дийлээд байхааргүй амьтан байгаа гэсэн шүү хэмээн гэрийн эзэн хажуугаас нь хошуу нэмэрлэв.

Яах аргагүй Оговагийн царайг хажуунаас нь ажих  маягтай эзэгтэй хэлж байна. Овоо сайхан хүүхэн байсан байхаа. Царай зүс сайтай.Энэ үед орчуулагч байсан хүн чанга гэгч дуугаар ийн хэлэв.Тэр аймаар яриаг чинь  би сонсмоор  байна шүү. Боль оо гэж Огова орчуулагчийг уурсангуй харлаа.Хүдэр том биетэй гэрийн эзэн завилж суугаад архиа бага уунгаа,Оговагийн байр байдлыг , сормуусаа хөдөлгөхийг хөдөлгөхийг алдахгүй харж сууна.Тийн атлаа царайгаа орчуулагч байсан хүн рүү хандуулж тоглоом наадам хийгээд байна уудаа  гэмээр хөнгөхөн байдлаар яриагаа эхлэлээ.

Хэраяма чи тэр яриаг мэдэхгүй гэж үү ? Нэгэнт  энд хононо гэж шийдсэнээс хойш аажуу уужуу явъя л даа .Сандэпугийн байлдаан дууссан хойно , Мүгдэнгийн дайралт арай эхлээгүй байсан үе юмуу. Хаана ч билээ дээ, Вопэнг гэдэг тосгонд Огова нэгэн буурчийн газар хоноглохоор болжээ. Жижигхэн тосгон болохоор хүмүүс голдуу бүгээд хоосон сууц олонтой газар байж л дээ. Огова хажуугийн айл ч бас эзгүй биз гэж бодож  байж . Гэтэл орой бие засаад сууж байтал  нь тэр гэрээс ямар нэгэн чимээ гараад байх юм гэнэ . Орчуулагч хийдэг хүнийг Хэраяма гэдэг ажээ.

Оговад эвгүй  байсан ч нэгэнт л байдал ийм болсноос хойш аргагүйдэж, яах ч билээ яриулахаас  биш гэсэн маягтай эзэгтэйн хийж өгсөн архинаас ууж суулаа.Гэрийн эзэн яриагаа үргэлжлүүлэв.Бие засах газар гэдэг хөлдүү газрыг ухаад хавтгай мод эгнүүлсэн байдаг юм.Түүн дээр сандайлж суугаад, бөгс даарахыг тэвчин бие засангаа Огова эргэн тойрныг чих тавин чагнавал ямар нэг чимээ янз бүрээр өөрчлөгдөн  сонсогдож байх юм гэнэ.Ямартаа ч хулгана энэ тэр бал биш бололтой. Нохой зээх ч бас биш бололтой. Огова хэрэгт дурлаад тэсэхээ байж гэнэ. Тэр айл гаднаас онгорхой юм шиг харагдана. Гадаах зуухны хашлага мод хаашаа ч юм алаг болж ,шавар нь ил гарчээ. Түүний  цаана  энэ нутагт  тан гэж дууддаг тоосго шиг юмыг олноор  нь өрсөн байж. Ямар ч гэсэн байшингийн ханыг дагуулаад өрсөн байсан юм шиг байна. Огова дуу чимээний учрыг олж тогтооё гэхийн хажуугаар тэр газрыг бас мэдэж авъя хэмээн чармайжээ. Өөрийнх нь сандайлаад сууж байгаа нүхний эгц урд нь бүсэлхийгээр татсан чулуун хашлага байх ба хажуугийн айлын бөөрөн тал тэрхүү хашлагатай залгаа юм. Мөнөөх чимээ хамгийн мухраас дуулдаж буй. Гаднаасаа шавар тоосго хамгийн их зүйл  хураасан байгаа нь тэр хав юм. Иймэрхүү төдий зүйл эргэцүүлэнгээ Огова эцэст нь шалгаж үзэхээр шийджээ. Мэдээж хэрэг бие засах газар руу явах үед ч гэсэн том нэхий үстэй зувцаа өмсөж явдаг байж. Шуусан хормойгоо буулгаад бөгсөө далдалчихвал даараад байх юмгүй.Тэрхүү жорлонгийн нүхний яг хажуууд үрийг нь зулгаагаад авчихсан наранцэцгийн бут хоёр гурав үлдснийг нэг саваа модонд уяж тогтоосон байв. Тэр бэрээ мод мөнөөх чулуун хашлаганд тэгнээстэй байх ажээ. Түүнээс гараараа барьж байгаад Огова хүнд зувцаа өмсөн хэвээрээ түвэгхэн чулуун хашлага дээр мордож,  цаад тал руугаа харж авчээ.Тэнгэр цэлийж , одод гялалзаж байна.Тэнд нэлэнхийдээ цас хуримтлагдан хөлджээ.Шөнийн хоёр цагийн алдад юм даг уу даа. Гэгээтэй гэвэл гэгээтэй л байх цаг. Огова шивэгнэх шахам ам нээлээ. Хүний дэмий шахам чалчийсан зүйлийг таатай нь аргагүй тэгтлээ сайн санаж байдаг байна шү. Зүгээр дээ дуугүй л сонсоод сууж бай л даа .Чулуун хашааны нөгөө талд шавар тоосго хураалттай байсан тул буухад гишгүүр  болоод амар  байж.Буугаад мөнөөх айлын  араар тойрч харвал арын  хана нь  жирийн байдаг л  нэг хана биш байлаа.Цонхыг хааж гадна талаас  тоосго шиг юмаар битүүлсэн харагдана.Хэсэг зуур тэндээ зогсоод чагнавал мөнөөх цонхны  дотор талаас гарч  байна гэнэ. Байшин байр байдлыг бодоод үзэхэд яалтгүй тэр зуухны тэндээс  гарч таарч байна.Гадна талаас харагдах ил гарсан шороо Г хэлбэрээр эргэсэн зуухны тал хэсэг бөгөөд нөгөө тал нь хураалгатай тал тоосгоор халхалдсан болов уу гэж боджээ.Чимээ гаргаад байгаа нь яаж ч бодсон ормын тал ханзны дээд талаас ажээ.Ингэхээр Огова яаж ийгээд цонхны дотор талыг харахгүй бол санаа амрахгүй болж байгаа юм.Тэгвэл шавар тоосгыг зайлуулаад онгорхой орхисон гүймэн хаалтыг түлхэхэдл болох учиртай . Гэтэл тэр шавар тоосго хааш яаш сийрэг, цөөхөн хураалттай байх ба ядаж арваад  байх аваас цонх онгойчихмоор байжээ. Огова тоосгыг зөөөж эхлэллээ. Нөгөө чимээ нь сонсогдохоо больжээ.

Огова цөхрөнгүйгээр ууж, харин Хэраяма хичээнгүй нь аргагүй сонсож сууна. Гэрийн эзэгтэй анзааргагүйнхэн нөгөө гуравтаа архи аягалж тойруулж барина.

Огова тоосгыг нэг нэгээр зөөнгөө бодсон гэдэг байхаа. Энэ бол яагаад ч хүйтнээс хааж халхалсан зүйл биш гэж. Орж гарах гарц хийж байсан бололтой .Гэвч  дотор нь  хүн байгаа гэж үзвэл гаднаас тоосгоор овоолдог нь хачирхалтай  юм даа. Ямар ч байсан орон дотроо байсан бууг авч ирвэл хэрэг болж юуны магад ч, түүний сониуч зан буу аваад буцаж ирэх хэмжээний зай завдал өгсөнгүй , бас буугаа авахаар очволих байх  гэж  бодоод хаширласан болотой. Тоосгыг яах иийхийн зуургүй л зөөж орхилоо.Цонхыг гараараа тулаад түлхвэл ямар ч саадгүй онгойж байна. Тэр үед шажигнах чимээ сонсогдсон болотой юм.Огова яаран дотогш шагайж харвал цэвэрлээгүй хар будааны иш тархсан байв.Тэр хар будааны ишнүүд цонхонд шүргээд  шажигнан дуугарч байсан байх нь. Түүнээс гадна, тэнд ваарана домбо шиг зүйл, араг сагс шиг_ юм байх ба түүнимй  цаад мухарт цэвэрлээггүй  хар будааны  инид тал бие ил гарсан хүн байла. Лавтайяа хүн байжээ. Тэр нутгийнхны өмсдөг  бүдэг хөх ногоон өнгийн зувца шиг хувцастай, ханцуй хавиа эргүүлсэн байсныг харахад хонины нэхий доторлон хадсан  ажээ. Цонхны зүг нуруугаа харуулаад толгойгоо хар будааны ишээр далдлах санаатай  бололтой агаад бүх бие нь салгалж чичирч  байсан гэдэг байхаа.

Огова жүнзээ барьж , тавьж үзээд  санаа зовонгуй янзтай байлаа. Хэряама улам шимтэнгүй янзтай сонсож буй. Гэрийн эзэн   хэрэг болгон хэсэг чимээгүй азнаснаа хоёуланг нь анхааралтай хараа, цааш үргэлжлүүлэн ярилаа. Тэгтэл тэр хүний толгой руу харвал халимаг биш ээ эмэгтэй хүн бололтой байжээ. Эмэгтэй хүн гэдгийг нь мэдсэн үед Оговагийн дотор зууралдаж байсан аюултай гэсэн бодол алга болоод, сониуч сэтгэл нь цэвэр жинхэнэ сониучирхах сэтгэл болсон бололтой. Тэр бол  хүнд байх л байдал. Хөөе  хэмээн чангахан дуудаж үзвэл зөвхөн чичрсээр байжээ. Огова дээш  үсрэн  гарлаа. Хүүхний мөр дээр гараа тавьж эргэцүүлээд цонх рүү чиглүүлэн харвал дөнгөж хорь хүрч л болов уу гэмээр царайлаг сайхан бүсгүй байсан гэдэг.

Гэрийн эзэн хэсэг зуур чимээгүй болж, тэр хоёрыг харьцуулан харжээ. Тэгээд алгуурхан архиа шимэв. Үүнээс цаашихыг товчлоод ярья. Яриа маань энэ хүртэлх  шигээ тийм ч таатай бус хэзээ нэг цагт, хэн нэгэн хаана ч үйлдсэн адилхан хэрэг явдал болохоор. Чухамдаа хятад хүн гэдэг  ань хийсэн үед  яахад ч бэлэн шийдмэг байдаг нь сайн юм. Хүзүүгээ цавчуулах цагт хээв нэг цавчуулж орхино. Бүсгүй юу ч болоогүй юм шиг  хувцсаа тайлсан бололтой юм. МЭДЭЭЖ ХЭРЭГ Оговагийн шүлэнгэ байдал бүсгүйн цөхрөлд нэмэр өгснөөс зайлахгүй. Тэгээд  бүсгүйн царайг таниулахаасаа айсан байх аа даа. Энэ хүртэл гэрийн эзэн яриад Оговагийн царайг зэрвэсхэн харжээ. Улайж байсан царай нь зэвхий даасан харагдана.

За боль л доо хэмээн Огова аяархан дуугаар нэг л өөр цуурай татуулан хэлэв.

За за болъё. Угаасаа  дуусаж байна биш үү. Яаж ийгээд үе үе тэр бүсгүйд нутгийн хүн хоол хүнс сэмээрхэн цонхоор нь зөөж өгч байжээ.Бүсгүй түүнийг нь шөнө дүлээр идэж, вааран домбо  саванд бие засаж байсныг Огова сонсчихжээ. Зүс царай сайхан  болохоор цэргүүдэд үзүүлэхгүй хэмээн нууж орхисон байна л даа. Хонины нэхий  хоршоодыг өмсөж байсан бололтой, хурааж цэвэрлээгүй  хар будаан дунд  хэвтэж байсан байх даа. Ямар ч байсан тэр бүсгүй тэгээд л хошуу будаан дотроосоо дахиж босохгүй болж орхисон бололтой. Гэрийн эзэн хамгийн сүүлийн мөрийг зориуд удаан гэгч хэллээ. Зөрүүлж хадсан тавиур байсан алтан шармал  цаг яршигтай гэгч нь жингэнэлээ. Өө аль хэдийн нэг цаг болжээ, унтах уу даа гэж Хэряама хэллээ. Зочид хэсэгтээ л хийх юмаа олж ядан  байсан тул яриа олигтой яриа болж өрнөж өгсөнгүй. Удалгүй бүгд унтах юм болж, зочдыг хоёр давхрын өрөө рүү замчилж өгөх бүгд гарахаар босох үед Оговагийн хөл нэлээн хачин болсон байлаа. Гэрийн эзэн Оговад хэлэв. Саяны яриа билгийн тооллын битүүний шөнө болсон гэж чи хэлж байсан тэгэхээр өнөөдөр яг нас барсан өдөр нь юм байна. Огова дуугүй л гэрийн эзний царайг харлаа. Тэгээд гэрийн үйлчлэгч охины араас дагаж Хэряаматай зэрэгцэн шатаар өгсөв. Хоёрдугаар давхрын барууны маягийн бүтэцтэй  агаад жижиг өрөө хэд хэд зэрэгцэн байна. Олон зочид  хонохоор төлөвлөж барьсан байшин болох нь мэдэгдэнэ. Хонгилд харанхуй  тул цахилгаан дэн тавьжээ. Үйлчлэгч охин Хэряамагийн дуу Оговад тийм ч элгэмсэг бус, таагүй сонсогдов. Үйлчлэгч охин түргэн түргэн  урд нь алхална.Дахиад цаашаа явах уу? гэж Огова өгүүллээ. Тийм ээ тэнд ханын пийшин халаасан байгаа гэж хэлээд үйлчлэгч охин хонгилын мухарт байх хаалга хүртэл дагуулан эмчилж өгчээ. Огова хаалга  онгойлгон орлоо. Хийн пийшин халааж, цахилгаан дэнг өлгөсөн байв. Жинхэнэ барууны орчин биш юм. Оговад нутагтаа очиход нь байсан дунд сургуулийн нийтийн байр  шиг санагдлаа. Хананд гинжээр дүүжлэн тогтоосон тавиур шиг ор байрлуулжээ. Түүний доод тал шүүгээ болж буй юм. Ил гал байсаар атал орны толгойн  хэсэг хавьд  хоовон дотор данхтай ус тавьжээ. Түүний хажууд Күтанигийн ногоон цайны хэрэгсэл байна. Оговагийн хоолой хатах тул гүцэнд дүүрэн халуун ус байгааг авч , цай байсан ч байхгүй ч хамаа алга гэж бодоод шууд л аяганд юүлж, ганц балгыг гүд хийтэл залилаа. Тэгээд өмсөж байсан хүрмээ ч тайлалгүй хурдан хөнжил рүү шурган оржээ. Хэвтээд толгойн орой руу өвдөхийг анзаарав. Аа архи хачин үйлчилж  байна шүү. Хэн ч билээ дээ бөөрөнхий согтохгүйгээр гурвалжин согтоно доо хэлж байсан билүү?  Би  гурвалжин  согтсон бололтой. Дээр нь Фүкабүчи золиг тийм яриа хуцахаар тавгүйтэж орхилоо. Тэр” Их эвгүй зочны өрөө бэлдсэн байна биш үү. Тэр болсон хойно, мөрийтэй тоглоомын газраар эхлэх гэж байгаа юм биш үү. Чөтгөр ав. Хөнжил нь зөөлхөн сайхан ч эвгүй муухай ор байна. Яг л нөгөө зуух шиг. Тийм ээ, яг л зуух шиг. Аа, адгуус гэж”. Ингэж бодож байгаад согтсоны дээр ядарч байсан тул даруй гүн нойронд автжээ. Нэг мэдэхэд Оговагийн нойр сэргэжээ. Дэн унтарсан байв.  Гэвч өрөөн дотор бүдэг бадаг гэгээтэй байлаа. Цонхноос  тусаж байна уу хэмээн цонх руу хартал хав харанхуй  байна. Ил галын гэрэл байх нь гэж бодоод харвал нээрээ таван ширхэг  эгнэсэн жижигхэн цагаан төмрийн  зай завсраар  гал улаан мөнгөтэй гал улалзаж байв. Харин тэрхүү галын гэрэл зуухны  өмнөх хэсэгхэн шалыг шаргалтуулан гэрэлтүүлж байгаа төдий ажээ. Гэвч галын гэрэл өрөөн доторх цайвар цэнхэр бүдэгхэн гэгээтэй асаая гэж бодоод биеэ хагас өндийлгөв.Тэр үед эгц урд талын ханан дээр санаанд оромгүй зүйл тов тодхон харагдав. Тэр аймаар зүйл биш хэдий ч түүнийг харахтай зэрэгцэн Огова бүх бие нь усаар цацуулсан мэт зарсхийжээ. Тэрхүү харагдсан юм нь улаан муутуу цаас байх ба түүн дээр  “Хавар болж аз жаргал ирнэ ” гэж бичсэн байв. Тэрхүү    “Аз жаргал” гэсэн ханз үсгийн тал нь урагдаж, доош салбайн унжжээ. Түүнийг харснаас хойш Огова нууц дохио авсан мэт нүдээ тэрхүү хананаас салгаж үл чадна. Үгүй ээ энэ чинь урагдсан улаан муутуу цаасны уранхай унжиж байгаагийн  доор нэлэнхийдээ хар будаа байна шүү дээ.Түүний дээр үс нь сэгсийсэн, бүдэг хөх ногоон өнгийн өмсгөлийнх нь энгэр тал задгай, саарал өнгөтэй болтлоо хиртсэн дотуур хувцас нь үнгэгдэж орхисон нөгөөх чинь дээш хараад хэвтэж байх юм. Яаж ч ийгээд нүүрийг нь хармаар л санж. Аа доод уруул нь харагдаж байна. Баруун завжнаас нь цус утас шиг нарийнханаар урсаж буй. Огова орилон хашгираад, өндийн суусан байснаа хойш саван унажээ. Маргааш нь Фүкабүчигийн гэрт эмч ирж, цагдаа сэргийлэхийнхэн орж гарч нэлээн хөл үймээн болжээ. Орой болж, хөнжлөөр бүтээсэн дамнуургын дамжлан гаргаад авч явав. Хавь ойрын хүмүүс яасан ийсэн юм бол? хэмээн  шуугьцгаасан боловч дамнуурга доторх  хүн  хэн байсан гэдгийг мэдсэнгүй. Ямар ч байсан сонины тусгай дугаар гарах байх аа гэх хүн ч  байсан агаад  тусгай дугаар ч  гарсангүй бүлгээ. Маргааш нь ойр хавийн хүмүүс сонин авч ирээд үзлээ. Мэдээ адилхан бичлэгтэйгээр гол гол сонинуудад хэвлэгдсэн байв. Магадгүй  мэдээллийн агентлаг тараасан буй за. Гэвч  дэндүү энгийн мэдээлэл байсан тул уншаад сэтгэл нь  гонсойгоогүй хүн ч алга.

Коиши Кава дүүрэг, Кобината Даймачигийн … дугаар хороо … дугаар гудамд шинээр  баригдсан орон сууцанд Ёкохама хотоос шилжиж ирсэн, … ХХК – ийн ажилтан Фүкабүчигийн гэрт хоёрдугаар сарын арван долооны өдрийн орой шинэ байрны баяртаа найз нөхдөө урьж цайллага хийсэн ба доройтсоны улмаас нэг хоёр зочин хонох болж, тэдний нэг болох, гэрийн эзний найз бөгөөд Шиба дүүрэг Минами Сакүма хотхоны … дугаар  хороо … гудамд амьдардаг, сонины  сурвалжлагч ажилтай Огова хэмээх хүн тэр шөнө тархинд нь цус харвалт өгсний улмаас  нас барьжээ. Шинэ байрны найранд нас барна гэдэг Фүкабүчи гуайн хувьд ч хөөрхийлөлтэй явдал боллоо гэж хавь ойрын хүмүүс хэлэлцэж буй бололтой .

                                                                         Мэйжигийн 45 оны 4дүгээр сар Орчуулсан О.Жаргалсайхан

Япон өгүүллэг тууж номны хэсгээс…

+ There are no comments

Add yours