ЗХЖШ: Ар гэрт нь таван жилийн цалинтай тэнцэх тэтгэлэг, оршуулгын зардлыг өгнө

Хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулсны улмаас харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийж байна.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг:

Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө.

Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө.

Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт мухар олгойны үрэвсэл болон өмнөх өвчний сэдрэлээр 2-3 хугацаат цэргийн алба хаагч эмчлүүлж байна.

Мөн саяхан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид гарсан дүрмийн бус зөрчлийг шалгаад холбогдох ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан.

+ There are no comments

Add yours