Хуурамч онлайн дэлгүүр нээж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа олон хүнд тусалжээ

Хөл хорионы улмаас гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгааг сонсоод, ахлах сургуулийн сурагч Польш охин хуурамч онлайн дэлгүүр нээж, гэртээ хоригдож хүчирхийлэлд өртөж байсан олон эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг аварчээ.

“Анх мэдээгээр цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдсэн тухай үзсэн. Францад болохоор гэр бүлийн хүчирхийлэд өртөж байвал эмийн санд ороод тусгай маск байгаа юу гэж асуувал эмийн санч ойлгоод, цаашаа тусламж хүсдэг арга байдаг юм билээ. Үүнээс санаа авч анх энэ ажлаа эхлүүлсэн” гэж Кристина Паска охин тайлбарлалаа.

Ийнхүү 17 настай Кристина гоо сайхны бүтээгдэхүүн зардаг хуурамч онлайн дэлгүүрээ нээжээ. Санаа нь тусламж хэрэгтэй хүн хүчирхийлэгчдээ мэдэгдэлгүй, онлайнаар дэлгүүр хэсэж байгаад нууц дохиогоор тусламж хүсэх боломж юм. Жишээ нь хохирогч тос авья гэж бичвэл худалдагчийн дүрд орж байгаа сэтгэл зүйч хэдий хугацаанд ямар, арьсны асуудалтай байгааг нь асуух маягаар хоорондоо харилцдаг юм байна. Хэрвээ хэн нэгэн захиалга хийж гэрийн хаягаа үлдээвэл гэрт нь яаралтай ирж тусламж үзүүлээч ээ гэсэн дохио гэнэ.

Krystyna Paszko
Кристина Паска цар тахлын үед Фэйсбүүк дээр онлайн дэлгүүр нээж гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үзүүлж байна.

Кристина: “Эхэндээ би ганц, хоёр хүн л тусламж хүсэж магадгүй гэж бодож байсан ч фэйсбүүк хуудсандаа нийтэлсний дараа манай үйлчилгээ олонд танигдаж, алдартай болоод ирсэн.” Маш олон хүн бидэнд хандсан тул би Польшийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ-руу холбогдож туслахыг хүссэн юм. Тэндээс хуульч, сэтгэл зүйчид манай онлайн дэлгүүрт ажиллаж тусламж үзүүлэхээр болсон.

Үйлчилгээ нэвтэрсний дараа 350 хүн манай сайтад холбогдож тусламж үзүүлээд байна. Тэдний ихэнх нь 40-өөс доош насны залуу хүмүүс бөгөөд арван хувь нь эрэгтэй байсан” гэв.

+ There are no comments

Add yours