Г.Буяндорж, Т.Ариунаа нар хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт хийж эхэллээ

Ноёд группийн ерөнхийлөгч Т.Буяндорж эхнэр МУГЖ Т.Ариунаагийн хамт суулт зарлаж эхэллээ. Г.Буяндорж хэвлэлийн хурлын үеэрээ “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. Тухайн үед коронагийн халдварын улмаас хил хаалттай байхад шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна.

Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх;

Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах;

Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ” гэлээ.

Тэрээр 2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг шалгуулна. Энэ шаардлагыг холбогдох газрууд хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.

МУГЖ Т.Ариунаа: “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан.Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач” гэв.

+ There are no comments

Add yours