Зүсээ хувиргасан “АЛУУРЧИН”

Амралтын өдрийн өглөөг утасны тасралтгүй чичиргэх чимээнээр эхлүүлсэн миний
сэтгэл хэсэгтээ л тайвширч чадахгүй болчихов. Учир нь хамгийн сүүлд хагас жил орчимд “тамхинаасаа гараач” хэмээн ихэд бухимдахад зөрүүдэлж муудалцсан найз маань амьдралаас эргэж ирэхгүйгээр буцаад явчихсан талаар мэдээг хүргэсэн хүн ирэх баасан гарагт талийгаачийг нутаглуулахыг мөн дуулгаад гаргахаас өмнө бүгдээрээ очих гэж байгааг хэлэхдээ, “цаадах чинь электрон тамхинаас болоод өнгөрсөн бололтой” гэсэн там тум мэдээ дуулгасан нь асгарч байсан нулимсыг ширгээчих шиг болж билээ…

Миний муу тамхичин найз хагас жил тунирхаж “тамхинаас гарч хүн шиг үнэртэй болсон хойно чинь найзална” гэж хорт зуршлаас нь салгах гэж зөрүүдэлсэн миний үгэнд орох гэж хэрэндээ л хичээсэн байж. Талийгаач чамайг муухай тамхиа хаяач, уулзахаар үсэнд шингэж хамаг хувцаснаас муухай үнэр үнэртээ байна, нялх нойтон хүүхэдтэй байж муухай амаараа хүүхэд үнсээд байваа, балиар юм чинь… гэсэн үгийг байнга яриад л тамхинаас гарчихаад муу найзтайгаа уулзаад бүтэж үхтэл нь үнсэж уурлуулна аа гээд л инээж байсан, өнгөрсөн долоо хоногт л байх…гээд уйлах найзыгаа аргадаж суусан бидний хажууд ирж суусан талийгаачийн дүү, “эгч сүүлийн үед тамхинаас гарах гэж байгаа гээд электрон тамхи татаад яваад байсан. Тэр нь утаат тамхинаас илүү хортой байдаг юм байна. Утаат тамхийг хүн хязгаартай татдаг, гэтэл электрон тамхины нэмэлт үнэр амтнаас нь болж хүн илүү ихээр сорж татсанаар уушги нь шууд гэмтэж амьсгалынн дутагдалд орж нас бардаг юм байна. Задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг тэгж гаргасан байна лээ…” гэсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэж мэдээллэсэн байв. Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа нь том төөрөгдөл буюу энэ тамхийг үйлдвэрлэгчдээс гаргасан бүтээгдэхүүний сурталчилгааны нэг хэлбэр юм. Гэтэл электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг болохыг өнөөдөр эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүлэг анхааруулга гаргах болсон байдаг.

Ингэхэд гэнэт л монголын залуучуудыг төдийгүй тамхи татагч бүгдийг хуйлруулах болсон электрон тамхийг 2003 онд Хятадад анх бүтээсэн бөгөөд уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш уур сорно. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог бөгөөд англиар vapor гэдгээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болжээ. Хамгийн аймшигтай нь үйлдвэрлэгчид электрон тамхи нь тамхи хаяхад зориулсан, эрүүл мэндэд учруулах хор уршиг харьцангуй бага гэж сурталчилдаг ч шинжлэх ухааны судалгаагаар нотолсон зүйл байхгүй, ДЭМБ-ын тайланд энэ талаар “цахилгаан тамхийг хоргүй гэж үзэж болохгүй бөгөөд эмч нар тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зөвлөж болохгүй” гэсэн нь электрон тамхины шингэний найрлаганд глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдагаас үүдэлтэй байж болох юм.

Маш олон хүн тамхи татдаг зуршлаа өөрчлөх гэж электрон тамхи татдаг. Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи нь амтлаг. Татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүй. Гэвч электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй болдогийг мэддэггүй гэнэ. Учир нь энгийн тамхи татаж дуусахад “тамхиа дуусгалаа” гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас хэтрүүлж хэрэглэх их байдгаас толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Хамгийн аймшигтай нь электрон тамхинд агуулагддаг бодис нь зүрх судас, уушгины өвчлөл, жирэмсэн эхчүүдийн хувьд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай юм.

Ганцхан зүйлийг хэлэхэд, “тамхины аюулгүй хувилбар” гэж огт байхгүй. Тамхичин хүн анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөл бий болж байдаг. Үүнд, утаат, электрон, зажилдаг тамхины ялгаа гэж байхгүй. Тухайлбал, электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин  болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг хамгийн гол нь эдгээр бодисууд их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд маш ихээр сөрөг нөлөөтэй. Электрон тамхинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй маш олон төрлийн бодис байгааг илрүүлсэн байна. Үүнд,
 Никотин – донтуулах үйлчилгээтэй,өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд
муугаар нөлөөлөх,
 Propyleneglycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл
утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
 Diethyleneglycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт
бодис.
 Ацетилальдигид болон формальдегид – хорт хавдар үүсгэгч химийн нэгдэлүүд.
 Бензол – хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим
тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
 Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах
хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
 Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч
химийн нэгдэл

 Никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт хүнд металууд хорт хавдар үүсгэнэ.
 Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд
агуулагддаг хорт метал
 Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцор зэргийг тус
тус агуулдаг байна.
АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын /FDA/ судалгаагаар электрон тамхинд нитрозамин, гликолын деривативууд зэрэг хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ. Мөн никотин нь донтуулах нөлөөтэй бодис бөгөөд никотин агуулдаггүй гэх бүтээгдэхүүнээс ч FDA-ийн судалгаагаар никотин илрүүлсэн байна. Тиймээс ялангуяа өсвөр үеийнхнийг хэрэглэхгүй байх тал дээр хатуу анхаарал хандуулах ёстой юм. Бүтээгдэхүүн Никотины дундаж агууламж
Энгийн тамхи 13.3–15.4 мг
Электрон тамхи 0.5–15.4 мг
Дүнсэн тамхи 30.08–50.89 мг
Зажилдаг тамхи 144 mg (нэг бүтэн лааз)
Hookah буюу усан шүүлтүүрт тамхи 1.04 mg
Хүний артерийн судасны хананд никотин хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг байна. Никотин артерийн дотоод гадаргуу болох интимийг устгадаг учир тамхинаас гарч, амьдралын хэв маягаа өөрчлөн, зохистой хоол тэжээл идсэн ч бүрэн сэргэхгүй байх талтай. Түүнчлэн тамхи татах нь эрэгтэй хүний ​​бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Цусанд орсон их хэмжээний никотин зүрх судасны тогтолцоонд хор хөнөөл учруулсанаар дотор эвгүйрхэж, бие сульдаж эхэлдэг бөгөөд электрон тамхи удаан хугацаанд татсан өрөөнд тамхи татдаггүй хүн орвол шээсний үнэр үнэртдэг байна. Энэ нь никотины бүрэлдэхүүнд ордог аммиак үнэртэж байгаагийн илрэл аж. Мөн Никотин ой тогтоолт, өөрийгөө хянах, суралцах үйл явц зэрэг тархины үйл  ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Энэ бүхний эцэст нэгэн зүйлийг өгүүлэхэд, ОХУ-ын Төрийн Думд өнгөрсөн тавдугаар сард электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хортой гэж үзэж тамхины жагсаалтад оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Харин Монгол Улсад одоогоор электрон тамхийг тамхины жагсаалтад оруулаагүй байна. ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөж одоогоор 27 улсад хориглосон байдаг юм байна. Мөн электрон тамхи хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэхийг таах боломжгүй учир уламжлалт тамхитай харьцуулахад цөөн тооны хүн хэрэглэдэг тул өргөн хэмжээний судалгаа хийж дуусаагүй байгаа. Тиймээс тамхи, электрон тамхины аль аль нь хортой учраас хоёуланг нь  хэрэглэхгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж байна.

Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours