“Монгол Улсад тамхинаас болж жилд 4.300 орчим хүн нас бардаг

“…Би айлын гуравдахь хүүхэд. Манай аав ээж төрийн албанд ажилладаг би дундаж амьдралтай жирийн гэр бүлийн хүүхэд. Харин сүүлийн хоёр жил миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ маш олон зүйл дээр маргалдаж санал зөрөх болсон. Үүний нэг нь аав, ах хоёрын гэртээ тамхи татдаг байдал. Мөн ээж үе үе гал тогооны цонхыг нээж байгаа тамхи татдаг. Гэхдээ ингэж тамхи татдагаа хүмүүсээс тэр дундаа бид нараас ихэд нууцалдаг ч би яагаад ч юм мэдчихээд байдаг юм. Сүүлийн үед баг ах электрон тамхи татах болсон. Ингэхээр бага дүү бид хоёроос бусад нь энэ гэр бүлд тамхи татдаг гэсэн үг. Яагаад ч юм миний хувьд үнэхээр тамхины үнэрт дургүй учир гэр бүлийнхэнийгээ тамхи татдагт дургүй болчихсон…”хэмээн Ерөнхий боловсролын тавдугаар ангийн хүүхэд бичжээ.

2019 онд хийсэн нэгэн судалгаанд манай улсын 15-69 насны хүн амын 24.2 хувь тамхи татдаг гэж гарчээ. Харин 2019 оны Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь (хөвгүүдийн-21 хувь, охидын-6.9 хувь) нь тамхи татдаг нь тогтоогдсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-с тамхины хэрэглээнээс болж жил бүр найман сая хүн нас бардаг талаар мэдээлж, тамхи нь уушгины архаг бөглөрөлт, сүрьеэ уушгины бусад өвчин зэрэг амьсгалын замын эмгэгийн тэргүүлэх шалтгаан болж байгааг сэрэмжлүүлэв. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг бий болгохыг уриалж, улмаар жил бүрийн бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг тэмдэглэж байхаар тогтоосон. Энэ жилийн тавдугаар сарын 31-ний өдөр дэлхий даяар эрүүл мэндийн зүтгэлтнүүд хамтдаа Дэлхийн тамхигүй өдрийг “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэх гэж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад зохион байгуулагдах мэдээллийн кампанит ажил нь тамхины хэрэглээ, үйлдвэрлэлийг бууруулахыг уриалах, тамхи тариалах бизнес эрхлэгчдэд илүү үр өгөөжтэй тариалангийн үйлдвэрлэлийг сонгох боломжуудын талаар мэдээлэл түгээх, цаашид тогтвортой, тэжээллэг хүнс үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Түүнчлэн тогтвортой, үр өгөөжтэй тариалангаар
орлуулах оролдлогод саад учруулж, улмаар дэлхийн хүнсний хямралд хувь нэмэр оруулах
гэсэн тамхи үйлдвэрлэгчдийн хүчин чармайлтыг илчлэх зорилготой аж. ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн гишүүн орнууд дэлхийн тамхины хямрал, түүнээс үүдэлтэй өвчин, нас баралтын хариу арга хэмжээ болон тамхины хор уршгаас иргэдээ хамгаалах, тамхины тархалтыг бууруулахад чиглэгдсэн мэдээллийг түгээх зорилгоор тухайн өдөрт зориулан кампанит ажил өрнүүлдэг уламжлалтай бөгөөд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс гаргасан тооцоолол байдаг аж. Тус тооцооллын дагуу

-Манай улсад жилд 2.500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны
өвчин, хорт хавдрын улмаас амиа алдаж байна. Үүнээс гадна Эрүүл мэндийн
үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019
онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж
жилд 4.300 орчим хүн нас барж байгааг гаргажээ.
-Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш
хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис
агуулагддаг байна.
– Татаж буй тамхины 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 орчим
хувь нь агаарт дэгдэж, өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтдыг хордуулдаг
байна.
-Тамхины утаатай өрөөнд нэг цагийн турш байгаа хүн 15 ширхэг
тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.
-Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь
идэвхгүй тамхичид болж байна.
-Нярайн гэнэтийн нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд тав
дахин их тохиолддог.
-Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь
ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү
өртдөг.
– Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлээс гаралтай хөвгүүдийн 67 хувь нь,
охидын 78 хувь нь тамхичин болдог.

Би 30 жил тамхи татсан. Тамхийг биед хортойг мэддэг атлаа гарч чадахгүй явсаар
нэг мэдэхэд 30 жил болсон байсан. Тиймээс нэг өдөр эргэлт буцалтгүй шийдээд гарчихсан. Дахиж хэзээ ч тамхи худалдаж авч татаагүй хэмээн өгүүлсэн Э.Нарангэрэл өдгөө 50 настай гэнэ. Анх 20 настайдаа тамхи сорж үзээд түүнээс хойш сонирхсоор сүүлдээ гарч чадахгүй болтлоо татагч болсон түүний хувьд 30 жил хэрэглэгч байгаад тамхийг орхиж чадсан нь гайхалтай юм. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2010 онд хийсэн судалгаагаар хүн амын дийлэнх хувь нь тамхи эрүүл мэндэд хортойг мэддэг гэж гарчээ. Тэдний 7.7 хувь нь хоногт нэг хайрцгаас олныг татвал, 8.5 хувь нь өдөр бүр тамхи хэрэглэвэл эрүүл мэндэд хор нөлөө үзүүлнэ гэж ойлгодог байна. Гэвч судалгаагаар, Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг гэжээ.

Өөрөөр хэлбэл бид тамхины хайрцаг дээрх “Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэсэн сануулга бүхий аймшигтай зургийг хардаг, хортой гэдгийг мэддэг ч татсаар л байна.   Дашрамд дурдахад, манай улсын тамхи татах донтой хүмүүсийн 49 хувийг эрчүүд, таван хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг. Тиймдээ ч Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ богино насалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тамхичдын дундаж наслалт ердөө л 52 гэнэ. Зүрх судасны тогтолцоонд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн хамгийн эхэнд тамхидалт орно гэдгийг эмч, мэргэжилтнүүд байнга хэлдэг. Тиймээс дийлэнх эрчүүд эл өвчнөөр нас барах нь олонтоо тохиолддог аж. Гэхдээ тамхи бол өөрчилж болох эрсдэлт хүчин зүйл юм. Тамхинаас гарснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй эмчилгээ болдог гэнэ. Тамхинаас гараад 1 жил болоход зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь буурч, 3-5 жилийн дараа тухайн хүний бие тамхи татдаггүй хүнийхтэй адил эрүүлждэг байна.
 Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours