Г.БААСАН: Оюу-Толгойн гэрээ бол тэр чигтээ дээрэм, авилга

– Та сүүлийн жилүүдэд чимээ багатай байлаа. Ажлынхаа талаар сонирхуулна уу?

– 2017 оноос хойш АТГ-ын ОНЗ-ийн даргын үүрэгт ажлыг хийж байна. Олон нийтийн зөвлөлийн ажил гэдэг бол авилгачтай тэмцэж байгаа учир маш чимээгүй явагддаг. Бид нар мөрдөн шалгах ажиллагаанд гардан оролцдоггүй. Авилгын ажлын асуудал дээр хяналт тавих хэлбэрээр оролцох үүргээ эдэлдэг. Дээр нь нийгмийг авилгаас ангид байх талаар олон нийтийн мэдээлэл сурталчилгаа явуулах үүрэгтэй.
– Авилга хаана их байна, тэр улс хөгждөггүй. Авилга цэцэглэсэн, нийгмийн бүх давхарга авилгад идэгдсэн улсын тоонд Монгол улс багтсан. Авилгатай тэмцэх газар нь авилгачдаас хараат учир бие дааж ажиллаж чаддаггүй. Ийм л дүр зураг надад харагддаг?
– Асуудал байна. Манай онцлог гэж бий. Монголчууд дэндүү цөөхөн, бие биенээ сайн танина, нэгд. Хоёрт, АТГ-ын төсөв санхүүг УИХ баталдаг. Үргэлжлээд дарга, цэргийг нь томилж, байгууллагын бүтэц , орон тоог баталдаг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдээллийг бүртгэдэг, мэдээлдэг үүрэгтэй болохоос УИХ-ын гишүүдийн тэр хөрөнгө оруулгын мэдээлэл дотор авилга байгааг шалгадаггүй. Шалгуулдаг ч үгүй. Ард түмэн бол шалгадаг л гэж боддог байх.
АТГ нь УИХ-аасаа хамааралтай. Бас тайлангаа тавина. Ийм нөхцөлд авилгыг яаж таслан зогсоох билээ дээ?

– Дэлхий дахинд авилгыг дээд, дунд, анхан шатны авилгал гэж гурав ангилж буй. Өндөр дээд түвшний авилгал нь тус улсыг төргүй болгож ” иддэг” аюултай. Манай улс яг ийм байдалд орсон. Монгол улсын өндөр түвшний авилгал хэрээс хэтэрсэн. Өндөр түвшний авилгачид авилгалыг доош доош нь хөхүүлэн дэмжиж, улам цэцэглүүлж байна.
– Манай мөрдөн байцаах алба, тагнуул цагдаа гээд хууль хүчний байгууллагууд ажиллахгүй биш, ажиллаж ирсэн, ажиллаж ч байгаа. Авилгыг илрүүлэхэд их хугацаа шаарддаг. Дөнгөж нэг илрүүлэх шатанд ирэхэд нь эрх баригчид хууль тогтоомж баталж, мөрдөн байцаалтыг хүчингүй болгож, өөрсдийгөө гэмт хэргээс мулталж чадаж байна?
Мөрдөн байцаагчдын ажиллагааны үр дүнд авилгын олон хэргийг илрүүлэх шатанд очсон байдаг. Таны хэлдгээр хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хуулийг баталснаар олон авилгачийг хэргээс мулталсан. Ийм хуулийг МАН өнгөрсөн 4 жилд төрийн эрх барихдаа баталж, олон авилгачийг өршөөсөн. Олон мөрдөн байцаагчийн нөр их хөдөлмөр, хөрөнгийг үрэн таран хийсгэсэн.
Монголд шударга ёс алдагдсан. Хуульчлагдсан дээрэм, хуулийн аргаар нийгмийг бузарладаг, доройтуулдаг, санаатайгаар ард иргэдийг ажилгүй байлгадаг явдал газар авсан. Дийлэнхийг нь гэмт хэрэгтэн болгодог, хар тамхичин, биеэ үнэлэгч болгодог. Авилгыг хөхүүлэн дэмжээд, дараа нь гэмт хэргээс хуульжсан хугацаагаар өөрсдөө мултардаг.
Яг л ийм нийгэмд бид амьдарч байна.
УИХ-аас баталсан хуулиар авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдын шалгаж хийж байгаа гэмт хэргийн 80% нь хүчингүй болох гэж байна. Авилгатай тэмцэх ажиллагааг нэг мөсөн арчиж баллуурдаж чадаж байна.
Эрх баригчид өөрсдийгөө л хаацайлж, хамгаалсан хууль баталж байна, нэг намаас олонх болсон УИХ. Зөрчлийн хуулийг дурдахгүй орхиж болохгүй?
– Зөрчлийн хууль их ноцтой. Ядуу ард иргэдийг зөрчлийн хуулиар торгон сөхрүүлж байна. Ихэс дээдсийг эрүүгийн хуулиас мулталж, торгуулиар гэмт хэргээс мулталж байна. Жишээ татья. Хил гаалиар хортой бодис оруулж ирж байна. Хорт бодисыг том дарга оруулж ирсэн нь илэрвэл зөрчлийн хуулиар торгоод өнгөрнө. Харин энгийн ард иргэд юм уу, нэг аж ахуй оруулж ирсэн бол чангалаад эрүүгийн хуулиар шоронд хийнэ. Ингэж ялгаварлаж,
Монголыг хуулчилсан аргаар доройтуулж, оюуны болон бүх юмны хоосролд оруулж, хооронд нь эв тангараггүй байлгаж, долгинох, айж цочих энэ аргуудаг бүгдийг нь хуулиар хийж байна.
Нэг адилхан гэмт хэрэг хийсэн байхад нэг нь зүгээр торгуулаад нөгөөх нь ялтан болдог байх нь. Гунигтай дүр зураг, өөр нэгэн?
Монголчуудыг бие биенээ барьж иддэг, намд шургалдаг, даргад тал засаж, долигнодог, аймхай хулчгар, амиа хоохойлогч болгож байна.
Энэ бол Монголын төрийн өнөөгийн эмгэгэлтэй дүр төрх.
Өмнө нь бид эдийн засгийн тухай их ярьдаг байж. Монголын эдийн засагт сэхээнд орлоо, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна гээд л их бичдэг байлаа. Тэгвэл Монголын төр үүнтэй ижил дүр төрхтэй болжээ дээ, таны хэлснээс дүгнэвэл?
– Монгол Улсын төр хагалгааны орон дээр олон жилийн өмнө гарсан. Хүн ард маань их уужим сэтгэлтэй тулдаа олон жил хагалгааны орон дээр гэдэс дотор нь нээлттэй, тархи нь хагархай хэвтэж байна даа.
Маш эмгэнэлтэй дүр зураг төсөөлөгдөж байна, харамсалтай нь?
– Хамгийн гол нь алтаар хэмжигдэх цаг хугацааг алдсан. Жишээ нь би , нийгэм сайхан болчихоосой гэж 30 жил хүлээлээ , үүний төлөө хичнээн их тэмүүлэв. Миний 30 жилийн хүсэл мөрөөдөл хад мөргөлөө. Улам холдож байх шиг.
Монголын төр өөрөө Монгол хүнийг голдог. Энэ бүхний гайгаар хэдэн зуун жил хадгалж ирсэн, газрын дорхи эрдэнэсээ хараа хяналтгүй, цөлмүүлж байна. Үүний хамгийн тод томруун жишээ бол Оюу-толгой болж байна. Ард иргэд нь ашиг хүртэж чаддаггүй.
– Ард иргэд нь баян, аз жаргалтай байх үндсэн гурван хэмжүүр бий гэдэг. Нэгд нь газар нутаг нь уужим том. Хоёрт, газрын хөрсөн дороо арвин баялагтай. Гуравт, хүн ам нь цөөхөн. Энэ гурван шалгуурт нийцэх улс дэлхийд ховор. Ганцхан Монгол улс л нийцэж буй. Гэтэл бидний байж буй царай энэ. Бүр эсрэгээрээ. Улс нь өртэй, ард иргэд нь ядуу?
Тийм тийм. Нэг сая таван зуун метр квадрат газар нутаг, гурван сая хүн.
– 80 сая малтай, газар доороо 300 триллион ам.доллараар үнэлэгдэх маш их баялагтай. Үүнийгээ 3 сая иргэндээ хуваавал, нэг иргэнд 1 сая ам.доллар оногдоно. Харин үүнийг Хятад шиг нэг тэрбум хүн амд хуваавал шальтай зүйл оногдохгүй. Ийм л баян цатгалан байх ёстой ард түмэн юм, уул нь монголчууд. Гэтэл өөрсдийгөө харцгаа?
Төр засагт нүүрэн дээр нь үхрийн арьс ширлэсэн юм шиг арьстай, тархин дотор нь амиа боддог, баяжиж үзэх гэсэн сэдэлтэй хүмүүс олноор гарсан харагддаг. Монголчууд бидний ухаарах, эргэцүүлэх цаг ирсэн.
Монголчууд бид чинь өргөн уудам газар нутагтай, түүний дорхи баялгийнхаа эзэд нь.
Баялгаа хуваагаад баяжих нь бүү хэл, өөрсдөө ч хоосон үлдэх нь. Бүр өртэй. Үүнийг бид хүсээгүй. Өөрсдийгээ биш, ирээдүй хойч үеэ бодох ухаантай ард түмэн гэдгээ харуулах цаг болсон.
Монголчуудыг үеийн үед жаргалтай байлгах хувилбарыг олж сонгох ёстой. Ямар арчаагүй байдалд орсноо дүгнэцгээ л дээ. Ийм баян байж, гэр бүл бүрт ганц ганц сая төгрөг өгчихье гэхэд чадахгүй байна шүү дээ.Тэгэхээр, Монголын баялгийг цөлмөж буй Оюу-Толгойн гэрээ бол дээрэм, авилга юм.
Германы эрдэмтэн Ханс Оюу -толгойн гэрээг дэлхийн мянганы луйвар гэж тодорхойлсон?
Үнэн шүү дээ. 2030 он хүртэл Монгол нэг ч төгрөгний ногдол ашиг хүртэхгүй. Үргэлжлүүлээд ухвал баялгаа л дуусна. Бас өрөнд унана. Түүний оронд, эр зориг гарган, гэрээг зогсоож, уурхайгаа дэлхийн зах зээлд ханшаар нь зарчих юм бол доод тал нь 50 тэрбум доллар босгоно. Тэгж чадвал өөрсдөө хөрөнгө оруулж чадахгүй байгаа ЭТТ- доо өөрсдөө хөрөнгө оруулж, Төмөр замаа тавьж, бүтээн байгуулалтаа эхлүүлэх боломжтой гэж тэр хэлсэн.
Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх болох уу, үгүй юу , хэн байхаас үл хамааран Монгол улс гучин жил сүйрчихлээ. Буруу замаар туучлаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Загийн газрын тэргүүнд асар их эрх мэдэл олгосон. Тийм нөхцөлд ерөнхийлөгчийн суудал руу Хүрэлсүх зүтгэх нь юу л бол. Тиймээс У. Хүрэлсүхийг Оюу-толгойн зүгээс шахсан байх . Би Хүрэлсүхэд их найдсан. Тиймээс Хүрэлсүхийг ийм шийдвэр гаргана гэж огт хүлээж байгаагүй. Би арван хоёрдугаар сард Хүрэлсүх рүү -” Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа юм уу? ” гэж мессеж бичин асуусан. – “Үгүй надад тийм бодол байхгүй” гэсэн хариуг надад ирүүлсэн. Тиймээс түүнийг шахсан байх магадлалтай.
Би ч гэсэн Хүрэлсүхийг ерөнхий сайд дээрээ тогтож ажиллана л гэж итгэж байсан. Одоо юм хэлэх ярих бүрд Оюутолгой сөхөгддөг боллоо. Оюу-толгой гэдэг аварга могой Монголыг залгижээ янз нь. Монголын чадвартай, нөлөөтэй хүмүүсийг өндөр цалингаар урхидан, монголчуудын эсрэг ажиллуулж байна.
Тэдэн дундаас Монголын эрх ашгийг харийн оронд хамгаалах үүрэг хүлээж байсан элчин сайд, тухайлбал Канад, Хятад улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан Батсүх гэдэг хүн Оюу-толгойн ТУЗ-ын даргаар удаан хугацаанд ажиллаж байна.
Тэр хүн маш их хөрөнгө чинээтэй хүн. Элчин сайд байсан хүн гадаадын хөрөнгө оруулалт бүхий компанид ажиллаж, гадаадын эрх ашгийг хамгаалаад байгааг нь би одоо болтол ойлгохгүй юм?

Оюу-Толгой УИХ-ыг урхидсан гэдэгт итгэдэг. Тэд Монголыг тэр чигт нь гарынхаа алган дээр тавьсан мэт харж байна. .
-Оюу- толгойгоор оролдсон хэн бүр унадаг болсон. Үгүй бол зугтдаг жишиг тогтлоо. Одоогийн Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан ( Буян) Монгол улсын Худалдаа үйлдвэрийн сайдаар томилогдсоныхоо дараахан Оюу-толгойн гэрээг эргэж харна, өөрчлөнө гэдэг асуудлыг сөхсөн. Хариу нь юу гэж гарсныг Та бид мэднэ. Нямдоржтой сөргөлдсөн болгож, түүнийг сайдын суудлаас нь буулгасан. Оюу-толгой компани Монголын Засгийн газарт нөлөөлж, намайг өөрчиллөө гэж тухайн үед Б.Жаргалсайхан хэлж байсан?
Оюу-Толгой Монголыг атгандаа оруулсан гэдэг нь ортой.
Тэгэхээр авилгын “соёл” Монгол улсад дээрээсээ доошоо чиглэлтэй явж байна даа. Нэвтрэхэд хэцүү хад чулуугаар босгосон хэрэм босож байгаа юм биш үү?
Авилгатай тэмцэх амаргүй. АТГ-ын өнөөгийн дарга Дашдаваа үүргээ сайн биелүүлж, зоригтой тэмцэж буй. Түүнд би нэн талархдаг. Харьцуулаад бод л доо. АТГ нь анх 2007 онд анх байгуулагдсан. Анхны дарга Дангаасүрэн нь хилийн чанадад маш сэжигтэйгээр нас барсан. Олон улсын хуралд оролцохоор явсан түүний үхэл их сонирхол татдаг. Түүний шарил Монголд ирээгүй байхад шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт гарчихсан байсан .
10 гаруй жилийн хугацаанд ердөө л 80-хан хэрэг шийдсэн. Дундадчилбал, жилдээ 6 хэрэг, 60 хоногтоо нэг хэрэг шийдэж байсан байдаг. Гэхдээ өндөр түвшний авилгалчдын хэргийг шийдэж чадаагүй. Тэгвэл сүүлийн 2- 3 жилд нийтдээ 220 авилгын хэргийг шийдсэн. Энэ нь сүүлийн 3 жилийн зөвхөн 1 жилд нь АТГ-ын өмнөх 14 жилтэй тэнцэх ажил хийжээ гэсэн үг. Гэхдээ голдуу өндөр түвшний авилгын хэрэг. Энэ юутай холбоотой вэ гэвэл , Монгол улсын ерөнхийлөгчтэй шууд холбоотой. Баттулга гарснаар авилгатай тэмцэх үйл ажиллагаа эрс эрчимжсэн. Өмнө нь ийм боломж олдоогүй. Тиймээс УИХ цаашид энэ байдлыг үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа нь анзаарагдаж эхэлсэн. Тэд АТГ-ыг Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдэлд байлгаад, ерөнхийлөгч нь Монголоо гэсэн томхон зүрхтэй байвал бид нар баригдах юм байна гэдгээ ойлгоод, зүрх муутай ерөнхий сайдын мэдэлд оруулахаар зүтгэж байна. Шүүхийн харилцаан дахь ерөнхийлөгчийн оролцоог хассан.
Үндсэн хуулинд заасан хараат бус шүүх засаглал нь Парламентийн шүүх засаглал болж хувирлаа. Прокурорыг авах гээд ажлын хэсэг гаргачихсан явж байна гэсэн сураг гарч байна.
-Монголын Парламент л энэ бүхнийг гардан үйлдэж байгаа шүү дээ. Оюу-толгойн гэрээг тухайн үеийн Парламент баталж, ерөнхийлөгч Элбэгдорж шавдуулсан. Би Парламентыг жинхэнэ парламент гэсэн утгаар нь харж чадахаа больсон. Энэ бол нэг намын бүлэглэл.
Ийм парламентад хууль батлах, үндсэн хуульд гар хүрэх эрх олгож болохгүй л байсан юм даа, уул нь?

Их том юм яригдах хэмжээнд хүрлээ. Иргэний нийгмийн байгууллагүүд ч гэсэн Оюу-толгойг шалгах нэрээр очоод, өөрсдөө баяждаг. Энэ бол шат шатандаа улс орноо худалдсанаас юуны ялгаа байна.
-Оюу-толгойд ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь ажилгүй болгох нь ээ гэж Монголчуудыг монголчуудын эсрэг турхирч байна. Миний бодоход, ажиллах нь ажилладаг юм байгаа биз , хаях нь хаядаг юм байгаа биз гэж боддог. Цаана нь эх орон гэж нэг юм байна даа?
Ээжийгээ алдвал 3 хоног уйлна. Эх орноо алдвал насаараа үйлна гэж үг бий. Алдаж болохгүй үнэ цэнэтэй зүйл гэж бий.
Энэ бол Монголчуудын хувь заяны асуудал. Тэнд ажилладаг 3000 хүний асуудал 3 сая 300000 хүний дэргэд өчүүхэн. Тэнд бүхнийг дардаг, нууцалдаг. Ялангуяа хөрөнгө оруулалтын тоо дүнд маш их ” Но” бий. Түүнийг шалгаж тогтоох ёстой.
– Цахим ертөнц идэвхитэй хөгжсөн учир давалгаа хүчтэй явагдаж байна. Нийгэмд нэг том давалгаа үүсвэл хүрэлцэхгүй шинжтэй. Хүрэлсүхийн огцордог жагсаалаас тийм сэтгэгдэл төрлөө. Та ерөнхийлөгч.Баттулгатай уулзсан уу?
Саяхан уулзсан. Асуудал ярьсан. Яагаад ийм байдалд хүрч байна гэж ярьсан. Сү.Батболд ерөнхийлөгч дээр орж энийгээ боль, зогсоо гэж асуудал тавьсан байсан. Одоо энэ Оюун-эрдэнийг энэ гар саварт өртөх бий дээ гэж болгоомжилж байна.
-Та санаж байна уу, Алтанхуяг үг хэлэхдээ далд утга агуулсан. – Би чиний зовлонг ойлгож , мэдэрч байна. Амаржсан эмэгтэйгээс болж хариуцлага хүлээж огцорч байна гэдэг чинь шалтаг. Цаана нь өөр шалтгаан бий. Намайг ингэж л огцруулсан. Учир нь би тэднийхээр хөдлөөгүй. Дараа нь Сайханбилэгийг ерөнхий сайдаар томилсон гэхчлэн?
Тийм. Асуудлаа хаалттай хэлэлцэх саналыг Хүрэлсүхэд Алтанхуяг гишүүн тавьсан.
– Сайханбилэгийн эдийн засаг гэж гурвантаа хэлсэн нь Монголыг залгих хөтөлбөр байжээ гэж бодно. Оюутолгой, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр. Монголыг залгих оролдлогыг хийсэн тэрбээр Монголоос оргон зайлсан даа?
Оюу-толгойн гэрээг сайжруулах асуудлыг эрдэмтэд эртнээс тавьсан. Элбэгдорж Оюу-Толгойг хамгаалж ирсэн. Тэр ерөнхийлөгч байхдаа – Айлд онгон охиноо өгчихөөд эзэмдүүлсэн хойно нь буцааж авдаггүй гэх утгатай зүйлийг хэлж, олны дургүйцлийг төрүүлж, Оюу-толгойн талыг хамгаалж байлаа.
Улс орны эдийн засаг маш хүнд байна. Сайн тал нь зэсийн үнэ хангалттай өсч байна. Түүний үр дүнд одоо цалин мөнгө тавьж байна даа?
– Монголчууд өдийг хүртэл ямар ч халамж аваагүй, дийлэнх нь өөрсдийгөө л болгосоор ирсэн. Гэтэл халамжийн ард түмэн гэж доромжлох юм. Гучин жилийн хугацаанд нэг ч удаа ард түмэндээ нуруу тэнийлгэх юм өгч байгаагүй шүү дээ, Монголын төр. Эсрэгээрээ маш хавчдаг, шалгадаг, зулгаадаг, татвар, гувчуур авдаг. Бүр 1-р замаар явлаа гэж торгоно. Монгол тийм уян хатан замтай юм уу? Өөрөө мэдээгүй байхад л гэрт нь торгууль орж ирдэг. Энэ бол дарамт. Гэтэл коронавирусын хүнд үед гэр бүл бүрт нэг сая төгрөг өгч чадахгүй байна гэнэ.

Манай эдийн засагч нар хоёр хуваагдсан байна. Нэг нь засгийн газрын төлөө дуугардаг. Бас гайгүй гэсэн эдийн засагч нарыг Оюу-толгой түүгээд авчихдаг. Монголчуудаар нь Монголчуудыг мохоодог. Эдийн засагч нар нь хэн мөнгө төлнө, түүний аяыг тоглож байна. Би өнгөрсөн оны сүүлчээр Английн эрдэмтэн Антони Милнертэй ярилцахад,- ” Монгол улсыг огт хөгжөөгүй. Бүр тусгаар тогтнолоо алдахад ойрхон байна” гэж сэтгэл түгшээсэн?

Оюу-толгой компани эдийн засгаар дамжуулан Монголын гол судсыг нь атгачихаж.
Монгол хүн бүр чаддагаа хийгээд, дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад явах цаг хугацааны боломж хомсодсон. Миний амьдралын сүүлийн гучин жил хулгай дээрмийн он жилээр өндөрлөж байгаад харамсаад барахгүй нь. Төрд шударга хүн үлдсэнгүй. Чадалтай, бүлтэй залуучууд нь эх орноосоо дүрвэлээ. Үлдсэн гайгүй нэгийг нь Оюу-толгой аваад борцоллоо. Монгол хүн Монголдоо эзэн болох, аз жаргалтай амьдрах нөхцөлгүй боллоо. Төрийн бодлогоор монголчуудын дийлэнх нь ядуу, зүдүү амьдралыг туулж байна. Төрд гарсан дээрэмчдийн муу муухайг бид нар үүрч байна. Ийм амьдралыг хойч үе, ирээдүйдээ өвлүүлэх эрх бидэнд байхгүй.

– Шинээр томилогдож байгаа ерөнхий сайдын үгийг Та сонссон байх. Түүний хэлсэн үгэнд:- Монгол улс цаашид яг энэ байдлаараа 10 жил үргэлжлэх юм бол Монгол улсын эдийн засгийг төсөөлөхөд хэцүү. Маш хүнд байдал үүснэ гэж хэллээ. 10 жил гэдэг маш богино хугацаа. Түгшүүрийн дохио хангиналаа?

Оюу-Толгой компанийн хууль зөрчдөг шударга бус байдалд цэг тавихын төлөө ажиллавал Оюун -Эрдэнэ сайдыг дэмжинэ.

Буулгасан Э.ОТГОНЖАРГАЛ

+ There are no comments

Add yours