АН-ыг бойкотолж байгаа С.Эрдэнийн үйлдэл МАН-ын даргын “захиалга” байсан уу

Урвагч уу, өгөөш үү…

Ардчилсан намын дарга нарын дунд  үүсээд байгаа хэрүүл, тэмцлийг  харахад “дайн болоход дариа нухаж угтана” гэдэг  шиг болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөрөвхөн сарын дараа  болох гэж байхад улс төрийн хоёр том хүчний нэг, сөрөг хүчин гэгддэг  Ардчилсан нам хөл толгойгүй маргалдаж, тамга тэмдгээ булаалдан өвөр зуураа хэмлэлдэх нь эрх баригч намд  өгөөш  буй нь ойлгомжтой. Нэмэр дээр нь нидрэх гэдэг дээ, АН-ын асуудалд шүүх  өөх ч биш булчирхай ч  байдлаар хандаж  шийдвэрээ гаргасан нь асуудлыг бүр ч дордуулж орхисон. Үүний цаана АН даргагүй, тодорхой удирдлагагүй  явсаар сонгуульд оролцвол Ерөнхийлөгчөө хуульд нийцүүлэн нэр дэвшүүлж чадах эсэх нь ч эргэлзээтэй гэсэн бодлыг хэн хүнд төрүүлэх гэсэн улс төрийн тоглолт байхыг үгүйсгэх аргагүй.  

Нөгөөтэйгүүр, нэр дэвшигчийн асуудлаар нам доторхи өрсөлдөгч талууд шүүхэд намынхаа нэрийг барин гомдол гаргах зэргээр асуудал үүсгэвэл АН маш хүнд байдалд орно. Магадгүй энэ байдлыг бий болгох гэж С.Эрдэнэ нарын нөхдүүд өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж, АН-ыг дотроос нь задалж, МАН-д давхар үйлчилж байж ч мэднэ. Уг нь мань хүн  хүчтэй сөрөг хүчний даргаар  нэлээд хэдэн жил ажиллаж,  хэд хэдэн сонгуульд  намаа авч орсон  чадалтай улс төрч гэх утгаараа  дөрвөн зүг найман зовхист дэмжигч олонтой зүй тогтол, итгэл үнэмшилтэй, өөрийн бүтээсэн түүх, үргэлжлүүлж цаашлах замналтай бодьгал.  Харамсалтай нь өнөөдөр  АН-ыг  амин сүнсгүй болгож,   хүчтэй сөрөг хүчнийг  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар нуман тулгуурт оруулсан  үйлдлүүдийг хийх болов.  

Үнэндээ, АН-д эмх замбараагүй байдал үүсэх тусмаа МАН-д ашигтай. Тэр дундаа МАН-ын дарга У.Хүрэлсүхэд бүр ч  маш ашигтай, давуу байдлыг бий болгон өгч байна.   Хүрэлсүхийн хувьд ч  өнөөдрийн өөхөөс маргаашийн уушиг чухал  гэдгийг мэдэх нэгэн  тул  АН-ын тогтворгүй байдлыг ашиглах нь  зүйн хэрэг.  

 Улс төрийн тавцанд дэндүү хохиролтой харагдах  хэдий ч маргаашийг зөв тооцож чадвал хожил нь асгарч мэднэ.  Гэхдээ МАН-ын зүгээс   АН-ын дотоодын зодооныг аль болох ил болгож, олон хүнд харуулахыг зорьж байгаа. Ингэх тусмаа тэдэнд ашигтай. Тиймээс эрх мэдэл, албан тушаал гээд буй   бүхнээ өдөр өдрөөр алдаж, хэзээ мөдгүй шоронгийн хаалга татаж мэдэх эрсдэл өдөр бүхэн үүдийг нь тогшин  зүүдийг нь амраахгүй байгаа С.Эрдэнийн хувьд улс эх орны, нам төрийн эрх ашгийг хамгаалах, бодох гэхээс илүү өөрөөсөө ч нуух шахам цуглуулсан хөрөнгөө хамгаалах нь чухал байгаа нь хатуу үнэн болж байна. Энэ утгаараа тэрбээр өнөөдөр МАН-д үйлчилсэн урвасан албат болж хувирлаа.  Тодруулж хэлбэл, АН гэдэг улс төрийн томоохон намыг хөсөр хаяж, хөлгөө живүүлж байгаагаас ялгаагүй  үйл явдлыг тэрбээр өрнүүлэх болов

Нэгэн зүйл, С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд АН-ын даргаар бүртгэлтэй боловч намын тамгагүй. Намын тамгатай Ц.Туваан нь Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх гэсэн боловч Улс төрийн намын бүртгэлд нь бүртгээгүй. Ийм шалтгаанаар Их хурлаа хийж, намын даргаа сонгож, Дээд шүүхэд бүртгүүлэх шаардлага тулсан. Гэтэл ийм тулгамдсан үед АН-ын нийслэл, дүүргийн намын хорооны тамгуудыг хүчингүй болгох шийдвэрийг С.Эрдэнэ гаргасан байдаг. Ингэснээр өдөр тутмын сонинд тамгуудыг хүчингүй болгосон тухай зар нийтлүүлж, намын анхан шатны нэгжүүд шийдвэрээ албажуулах боломжгүй болгосон. С.Эрдэнэ, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж,  “Миний бие 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Улсын Дээд Шүүх /УДШ/-ийн 01 тогтоолоор Ардчилсан нам /АН/-ын хууль ёсны даргаар томилогдсон. Улсын Дээд Шүүх С.Эрдэнийг АН-ын даргаар томилсоныг 8488916 тоот регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэлд хуульд нийцүүлсэн бүртгэж тэмдэглэсэн. Ц.Туваан АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг эргүүлэн өгөх шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул  Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 12.1, 12.2.3, 19.4.7 дах хэсгийг баримтлан С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл өнөөдрийн хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул Ц.Тувааны ашиглаж буй АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ. 

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц.Тувааныг АН-ын дарга С.Эрдэнийн ирүүлсэн хүсэлттэй танилцаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь заалтад заасны дагуу тайлбар, саналаа 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дотор ирүүлэх талаар мэдэгджээ. Тус мэдэгдлийн дагуу Ц.Туваан, АН-ын ҮБХ-ны 2020 оны долдугаар сарын 24-ны өдрийн “АН-ын даргын эрх, үүргийг намын дараагийн дарга сонгогдох хүртэл Ц.Туваан түр шилжүүлсэн тухай” тогтоолыг болон Улсын дээд шүүхийн  Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт “Улс төрийн намын бүртгэлийн програмд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн” тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

Гэтэл АН-ын дүрмийн 5.12.4.8 –д АН-ын даргыг ёсчлон батламжлах гэж заасан бөгөөд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаалд хэн нэгнийг баталдаг зүйл заалт байхгүй. УДШ-ийн Тамгын газраас АН-ын Үндсэн дүрэмд заагаагүй албан тушаал буюу АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал дээр хэн нэгэн этгээдийг УДШ тогтоол, шийдвэргүйгээр томилох буюу бүртгэх эрхгүй” гэснээр “С.Эрдэнийн хүсэлт, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн тус намын тамга, тэмдгийг хяналтын дугаарыг хүчингүй болгох нь зүйтэй” гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь  тамга, тэмдгийн хяналтын дугаарын санд АН-ын тамга, тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг хүчингүй болгож  УБЕГ-ын Хяналтын улсын байцаагч Д.Чинтулга шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр Ц.Тувааны хэрэглэж буй 1117237845 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгож, 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр 2020 оны 12 дугаар сарын 25-нд бүртгэгдсэн байдаг.

Монголчууд мурий халбага аман зүг эргэх… гэдэг. Үнэндээ энэ олон шийдвэрийн дараа эргээд С.Эрдэнэд ашигтай байдал үүссэн нь АН-ын дараагийн дарга намын үндсэн дүрмийн дагуу томилогдох хүртэл хууль ёсны тамга түүнд шилжсэн нь юм. Тэрбээр ч үүнийг машид сайн ашиглаж ч чадав.  Бүр хэтрүүлэн ашигласан нь нийслэлийн дүүрэг хороодын намын тамгыг хүчингүй болгож, шоудсан явдал.  Гэтэл хүчингүй болгосон нэг тамгыг Зөрчлийн хуулиар 500.000 төгрөгөөр торгож байж эрхийг нь сэргээдэг юм байна. Тэгэхээр зүгээр л ажлаа хийгээд явж байсан анхан шатны намын хорооны дарга нарын нуруун дээр энэ цар тахалын аюулаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй үед торгууль төлөх гэдэг бас нэгэн ачаалал нэмж байгаа нь эрүүл хүний хийх үйлдэл биш юм. Нийслэлийн есөн дүүрэг, 152 хороо болон нийслэлийн Ардчилсан намын тамгыг хүчингүй болгосноор өнөөдөр 81 сая төгрөгийн алдагдалд оруулж, зүв зүгээр ажлаа хийж байгаа анхан шатны нэгжүүдийг өрөнд оруулна гэдэг намын дарга, улс төрийн лидер хүний үйлдэл яав ч биш.  

1 Comment

Add yours

+ Leave a Comment