Т.Мөнхсайхан: Манай эрүүл мэндийн салбар муудаа халдвар илрээд байгаа юм биш ээ. Эрүүл мэндийн байгууллага өөрөө хамгийн эрсдэлтэй бүс

Эрүүл мэндийн сайд цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Баянзүрх дүүргийн голомттой холбоотой тандалт, судалгаа бид хийж байгаа ч халдвартай хүн хаана ч явж байхыг үгүйсгэхгүй. Тэмдэглэлт баяр ёслол тэмдэглэх нь маш том эрсдэл дагуулж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх 12 сарын 16-ны өдөр анхны халдвар илэрсэн.  Тэр үеэс тандалт, судалгаа хийж, өвчтнүүдийг шинжилгээнд хамруулж, өмнө нь эмчлэгдээд гарсан иргэдээс мөн бүгдээс нь шинжилгээ авсан.”

“Оршуулах ажилд оролцсон 50 гаруй хүн байгаа. Ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж бүгдээс нь шинжилгээ авсан. Дам хавьтлуудаас илрээгүй ч ойр дотны гэр бүлийн гишүүдээс нь илэрсэн. ХСҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг дээр биеийн байдал маш хүнд ирж үйлчлүүлж байхад бид тэр хүний амь насыг аврах, гол амин үзүүлэлтийг нь тогтворжуулах ажлуудаа эхлээд хийх ёстой. Тийм байхад шууд хамар залгиурын арчдас аваад байх хугацаа өгдөггүй шүү дээ “хүний амь” гэдэг чинь. Бидний тусламж, үйлчилгээ цаг минутаар хэмжигддэг. Биеийн байдал тогтворжсоны дараа шинжилгээг нь авах ёстой. Гэхдээ цаашдаа хүн нас барсан ч шинжилгээг нь авч байх ёстой юм байна. Цаашдаа анхаарч, засаж залрах зүйлсүүд байгаа.”

“Хэвлэл мэдээллийн байгууллагууд өдөр бүхэн нас барсан хүмүүсийг хамаагүй яриад байдаг. Энэ болгонд тэр хүний ар гэрийнхэн цаана нь эмзэглэж байдаг. Тиймээс энэ байдалд хэвлэл мэдээллийн та бүхэн маань ухамсартай хандах ийм шаардлага тулгарч байна. Хүний уй гашууг өдөр бүхэн хэвлэл мэдээллээр яриад байх онц биш.”

“Бидэнд мэдээллийг нууж хаах, зориуд дутуу мэдээлэл өгөх шаардлага байхгүй. Цаг үеийн байдлыг үнэн бодитоор нь мэдээллэх ёстой. Ард иргэддээ хэцүү нөхцөл байдлыг түргэн мэдэгдэж илүү сонор сэрэмжтэй байхыг бид мэдээж анхааруулна.”

“Голомтуудаас шалтгаалж цаашдын арга хэмжээ өөр өөр байх юм аа. Бид гарсан голомт болгон дээр хөл хорио тогтоогоод байна гэсэн үг биш. Энэ удаагийн голомт эмнэлэг дээр үүссэн, яалтчгүй олон улсад эмнэлэгт гарсан тохиолдол олон хүнийг хамардаг. Мөн бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ тасалдалгүй явуулахгүй бол ковидоосоо илүү хор хөнөөл авчирч болно. Эмнэлгийн үйлчилгээгээ явуулах ёстой, эрсдлийг ч багасгах ёстой.”

“Энхсаран сувилал бол тусгаарлах байр, манай салбарын үйл ажиллагаа бол биш. Эмнэлэгт л өвчтэй хүн очдог, халдвар авсан байх магадлалтай хүн үйлчлүүлж болох хамгийн өндөр эрсдэлтэй газар бол эмнэлэг.  Дэлхий нийтээрээ эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа улсууд халдвар авч байгаа. Олон дундаж эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тохиолдлоос бол манай улс доогуур байгаа. Хэдийгээр доогуур байгаа ч бид халдвар авах эрсдлийг багасгах тал дээр илүү сайн ажиллах ёстой, аль болох эрүүл мэндийн ажилтнуудаа халдвар авахгүй байх орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна. Манай эрүүл мэндийн салбар муудаа халдвар илрээд байгаа юм биш ээ. Эрүүл мэндийн байгууллага хамгийн эрсдэлтэй бүс. ”

 

+ There are no comments

Add yours