Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар блокчэйн ашиглаж, ямар ч зардалгүйгээр саналаа өгөх боломж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд: ”Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдээллийн технологийг ашиглая. Бид туршаад үзэх боломж байна. Блокчэйнийг ашиглая. Ямар ч зардалгүйгээр санал өгөх боломж байна. Хуулийн төсөлдөө одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар оролцохгүй биз дээ. Үүнийгээ тодорхой болгооч ээ. Одоогийн Ерөнхийлөгч дахиж дэвшин сонгогдоод 4+6 гээд 10 жил байх юм уу. Бид ийм дарангуйлагчийг бий болгох гээгүй шүү дээ. Үүнийгээ тодруулаач ээ.”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: ”Сонгуулийн тайлан, зардал гээд 52-р зүйл дээр байгаа. Алийг нь хасагдсан гэж үзэж байгааг ойлгосонгүй. Сонгууль зардалтай байгаатай санал нэг байна. Цаашид Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцоо гээд хэд хэдэн асуудлаар зохицуулагдах ёстой. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй гэдэг асуудалд Үндсэн хуулиар хаасан хэр нь сонгуулийн хуулиар нээж байна гээд байх юм. Бид Үндсэн хууль болон сонгуулийн ерөнхий хуулийн зарчмыг баримтална.”

УИХ-ын гишүүн Н.Энхболд: ”Тайлангаа өгөөгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй гэдэг заалт хасагдаагүй. Дугаар нь өөрчлөгдсөн.”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: ”МАН-ын нөхөд, эрх баригчид аа, та бүхний үнэн төрх чинь л гарч байна. Энэ бол нэг хүнд зориулсан заалт. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд 2009 оноос хойш арван жил махыг нь зулгааж, сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байна. Нэг үе та нарыг удирдаж явсан, та нарын хамтран зүтгэгч. Оюу толгой, Таван толгойн баялгийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздэд чирэгдэж, гүтгэгдэж яваа хүн. Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халдаач ээ. Энэ заалтыг бодож үзээч ээ. Хэдий хүртэл сонгох, сонгогдох эрхэнд халдах юм бэ. Гүтгэж авлига албан тушаалын хэрэгт холбогдуулчихаад эрхэнд нь халдаж байгаа явдлыг эргэн бодооч. Хэнийг сонгох уу, сонгохгүй вэ гэдгийг ард түмэн өөрсдөө шийддэг.”

УИХ-ын гишүүн Н.Энхболд: ”Хэд хэдэн сонгуулийг дамжиж ирсэн заалт. Миний ойлгож байгаагаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Үүнд сонгох, сонгогдох эрхтэй холбоотой заалтыг онцгойлон тусгасан. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн үеийн эрх барьж байгаа намын хийж байгаа заалт биш. Аль ч нам төрийн эрх барьж байсан нэгдэн орсон конвенцийнхаа зүйл заалтыг тусгаад явах байсан болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль бус төрийн албан хаагчийн хувьд ч мөн л ийм шаардлага байдаг. Төрийн өндөр албан тушаалтан цэвэр байх ёстой гэсэн зарчмыг аль ч нам барьж ирсэн болов уу.”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг эцэслэн баталлаа.

 

+ There are no comments

Add yours