Резидент эмч нарыг сард 703,623 төгрөгөөр тогтмол цалинжуулахаар боллоо

2021 оноос эхлэн резидент эмч нарыг сард 703,623 төгрөгөөр тогтмол цалинжуулахаар боллоо

COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын ачаалал дэлхий дахинд нэмэгдэж байна. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа билээ.

COVID-19 цар тахлын үед манай улсад нэгдсэн мэргэшлийн 1,192 резидент эмч суралцаж байна.

Тэгвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулган өгч, резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар /703,623 төгрөг/ цалинжуулахаар болсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Ингэснээр резидент эмч нар НДШ-ийг тасралтгүй төлөх боломжтой болж бүрдлээ. Мөн тогтмол цалинтай болсноор сургалтын болон нийгмийн байдал нь сайжирч, хариуцлага нэмэгдэн үндсэн мэргэшлийн сургалт олон улсын түвшинд хүрэх томоохон алхам болж байна.

Өнгөрсөн хугацаанд тусгаарлан ажиглалтын байранд дайчлагдан ажилласан 741 резидент эмчид 380 сая төгрөгийн цалин, 86 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн энэ долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт урамшуулал болгон тус бүр 800 мянган төгрөг, шинжилгээ авах цэгүүдэд ажилласан 192 резидент эмчид зохих урамшууллыг олгохоор болсон.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 гаруй тусгаарлалтын байранд томилгоогоор 741 резидент эмч дайчлагдан ажилласнаас 133 нь хоёр удаа, зургаа нь гурван удаа давтан ажиллаж байна. Эдгээр резидент эмч нарын дотор гэр бүлийн хосууд ч байсан байв. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс резидент эмч нараа хамгаалах хувцас, хэрэгслээр тасралтгүй ханган, энэ сарын 1-ний байдлаар 700 сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хэрэгсэл олгож, дархлаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг олгожээ.

 

+ There are no comments

Add yours