“Хүүхдийн баяр” ирэх долоо хоногийн Даваа гарагт тохионо. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс орон даяар нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид цахимаар уралдаан зарлаж, Эрдэнэт хотынхоо хүүхдүүдийг баярлуулахаар шийдвэрлэжээ. Тэмдэглэлт өдрийг угтсан үйл ажиллагааны талаар тус цогцолборын орлогч дарга Х.Үнэнзоригоос тодрууллаа.
-Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Соёл, урлагийн цогцолбор хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комисс, үйлдвэрийн удирдлагын гаргасан тушаал, шийдвэрийн дагуу манай цогцолборын соёлын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Гэхдээ уран бүтээлчид маань завгүй ажилласаар байна. Манай байгууллагын хувьд 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан хэдий ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул тэмдэглэлт баяруудын үеэр зохион байгуулах соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах нь оновчтой гэж үзсэн. Ингээд дахин төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж байна.
-Соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахад бэрхшээлтэй зүйл гарч байна уу?
-Төлөвлөсний дагуу ажлаа зохион байгуулж чадвал хүндрэлтэй зүйл алга. Цахим хэлбэрээр эхний ажлуудаа хийсэн. Тухайлбал, энэ сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид маань бэлтгэсэн концертоо төв, орон нутгийн мэдээллийн сувгууд болон сошиалаар цацаж, олон нийтэд хүргэлээ. Мөн концертын эхэнд Оросын ард түмэн болоод өнөөдрийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, амьдарч байгаа оросууддаа зориулан үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү баярын концертыг бичиж, улс, орон нутгийн үзэгчдэд хүргэсэн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Мөн ОХУ-ын үзэгч олонд хүргэхэд ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төв, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрдэнэт үйлдвэрийн Москва хот дахь Төлөөлөгчийн газрын хамт олон маш сайхан дэмжиж, хамтран ажилласан. ОХУ-д амьдарч байгаа Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, үе үеийн уурхайчдад бидний мэндчилгээ хүрсэнд маш их баяртай байна.

Дараагийн үйл ажиллагаагаа “Хүүхдийн баяр”-т зориулан бэлтгэж байна. Эх орныхоо, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дорзургаан төрлийн уралдаан цахим орчинд зарласан. Төгөлдөр хуур сонирхогчдын “Эрдэнэтийн сонат”, дуу дуулаачдын “Ээждээ дуулъя”, “Эрдэнэтийн хүүхдүүд дуулж байна”, зураач багачуудын “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр” гар зургийн уралдаан тус тус зохиогдож байна. Харин гэр бүл рүү чиглэсэн “Жаргалтай 60 секунд”-гэр бүлийн бүжгийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье-ая эгшиглүүлэх уралдаан”-ыг зарласан. Ирэх долоо хоногт “Гэр бүлийн цаг” нэртэй нэгэн шинэ дуу мэндэлнэ. Энэхүү дуугаа “Аз жаргалтай уурхайчин гэр бүл” “чэлленж” болгон зарлаж, ирэх сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Мэргэжлийн уран бүтээлчид тэмцээний шүүгчээр ажиллана. Шалгарсан хүүхдүүдийнхээ гэрт нь очиж бэлэг гардуулахаар төлөвлөж байна. Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжсэн үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.
-Уралдаанд оролцогчдын бүтээлийг хаана байршуулж байна вэ?
-Бүх тэмцээн зэрэг эхэлсэн тул оролцогчдын бүтээлийг цахимаар хүлээн авч, фэйсбүүкийн “Соёл урлагийн цогцолбор-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” хуудсаараа олон нийтэд хүргэж байна. Төгсөлтийн баяр, Үндэсний их баяр наадамтай холбогдуулан тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн зүйл бий.
-Хүүхэд, багачуудад хандан юу хэлэх вэ?
-Эрдэнэтийнхээ бүх гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Манай уралдаанд оролцож амжаагүй хүүхдүүд байвал дараа дараагийн уралдаанд оролцох эрх нээлттэй шүү.
Бид цар тахлын голомтод цаг наргүй ажиллаж байгаа хүчний байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад зориулан “Эрдэнэт үйлдвэртээ, эх орондоо баярлалаа” гэсэн агуулгын дор томоохон концерт тоглохоор бэлтгэж байна. Уран бүтээлчид бид эерэг бүхнийг нийгэмд түгээх болно.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
