Л. Бямбасүрэн: Салбартаа үнэлэгдэх төмөр замчныг төрүүлэх нь бидний зорилго

-Манай  төгсөгчид  техник технологи хөгжсөн барилга, уул уурхай, иновацийн салбарт ч хувирах чадвартай–

“Дэлхийн хөгжилтэй улс орнуудын түүхийн нэгээхэн хэсгийг дэд бүтэц тэр дундаа төмөр зам эзлэх нь бий. Манай улсын тухайд ч төмөр зам дагаж хөгжил орж ирсэн гэдэгтэй маргах хүн цөөн  болов уу. 70 жилийн түүхтэй өнөр өтгөн их айлын гишүүн нь  байхын төлөө төмөр замчин  бүхэн хичээдэг. Би ч ялгаагүй. Ирээдүйд дэлхийд үнэлэгдэх төмөр замчныг төрүүлэхийн төлөө УБТЗ-ын харьяа Төмөр замын дээд сургууль, тэнд ажиллаж буй багш нар сэтгэл оюунаа дайчилан ажилладаг“ хэмээн итгэл дүүрэн ярьж буй эрхэм бол ТЗДС-ийн мэргэжлийн салбарын ахлах багш, Барилга замын машины Монгол улсын мэргэшсэн инженер, доктрант  Л.Бямбасүрэн. Түүнийг  редакцийнхаа зочин хойморт урьж ярилцлаа. 

– Миний хувьд та эртний танил маань. Гэвч нүүр тулж ярилцаж байсангүй.  Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутан, Голомт банкны  анхны тэтгэлэгт оюутнуудын нэг, ТЗДС-ийн шилдэгийн шилдэг оюутан болж байсан, эдүгээ сургууль хамт олноо төлөөлөн олон улсын болоод дотоодын  эрдэм шинжилгээний хуралд  маш сонирхолтой илтгэл тавьж байсныг тань мэдэх болохоор  уулзах шалтгаан олон байлаа?

Баярлалаа танд. Би бол Монголын эгэл жирийн  залуу багш нарын нэг. Сэтгэл зүтгэл минь шавь нартаа өдөр бүр нэг шинэ зүйлийг хэлж өгөх юмсан, нэг шинэ зүйлийг  сонирхуулах юмсан, мэдрүүлэх юмсан гэж хичээж явдаг маань бусдаас давуу байж мэдэх юм.

– Төмөр замынхны нэг онцлог  үр хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэхийг хичээдэг. Эдүгээ  он цагийн тооллоор хөөгөөд үзвэл гурав дахь үеийн төмөр замчид орж ирж байгаа болов уу. Та тэдний нэг үү?

Үнэхээр тийм.  УБТЗ хэмээх их айлаар овоглож яваа  гурав дахь үеийн төмөр замчин. Миний өвөө Г.Дандгайг ахмад төмөр замчид маш сайн мэддэг. Өвөө маань 1945 оны чөлөөлөх дайны дараа цэргээс халагдан УБТЗ-ын харьяа Барилга, орон сууцаны 2-р ангид мужаанаар ажилд орж, тэтгэвэртээ суутлаа их барилгын салбарт зүтгэсэн буурал байсан. Ш.Цэндмаа гэж миний эмээ. Миний ажиллаж буй сургуулийг техникум байхад  үйлчлэгч нь байсан. Сайхан зантай, ажилсаг эмээг маань ахмад багш нар маань Цэндмаа эгч гээд л дурсаж ярих нь надад ямар сайхан санагддаг гээч.  Өвөө, эмээ хоёрын халааг аав, ээж маань авсан. Миний эцэг  Д.Лувсанхүү  Төмөр замын  техникум төгсч Барилга, орон сууцаны 2-р анги, худалдааны албанд насаараа ажилласан нэгэн.  Аав шигээ мод амилуулсан эгэлгүй мужаан явсан. Ээж Г.Долгор ч ялгаагүй Төмөр замын  техникумын замын техникчийн ангийг төгсч Замын хоёрдугаар ангид нярав,  бригадын дарга, мастераар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн би яаж  өөр салбарт ажиллах билээ. Тэгээд ч дэггүйхэн хүүхэд насаа төмөр замын хэдэн шар байшингийн дунд үдсэн.   Галт тэрэгний дуу, дохиог өглөөнөөс үдшийн бүрий тасартал сонсч өссөн хүн чинь замчин болохгүй гээд ч яах билээ. Төмөр замын Вокзал  миний болоод манай найзуудын хувьд хоёр дахь гэр минь байв. Тэр хавиар л өдөржин тоглож өнжинө.  Арваад настай байхдаа галт тэрэгний дарга болно гэж мөрөөддөг байлаа.  Нарны гэрэлд гялтганах шар товч бүхий дүрэмт хувцас, дамар малгайтай дарга ах нарын араас дагаж гүйлдэцгээнэ.  Хоолоо олж идэх зураг төөрөг маань ч энэ л хонхорт гэж зурагдсан бололтой. Энэ их айлын гишүүн болсонтой үнэхээр баярлаж явдаг даа.

өрийгөө багш болно гэж  төсөөлж байв уу.

Тэр сайхан өдрийг би хэзээ ч мартахгүй. Сургуулиа амжилттай төгсөх ёстой,  хамт олныхоо итгэлийг алдаж болохгүй гэж хичээж явснаас багш болно гэж зүүдэлж ч байсангүй. Би сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан. Замын даргын тэтгэлэг, Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан гээд багш нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн хүү байлаа. Миний сурлагын онооны голч 4,0.  Сургуулиа улаан дипломтой төгссөн. Үндсэн мэргэжил маань төмөр замын машин механизмын ашиглалтын инженер. Сургуулиа төгсөөд 11 жил болсон байна. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа адил юм гээч. Дөрөв дэх ангиа дааж байна. Шавь нар маань хоёрдугаар курс.

-Төмөр замчны гараагаа хаанаас эхэлсэн бэ.  ТЗДС-д багшлах урилга хүлээж авсан даруйд төрж байсан сэтгэгдэлээ  өнөөдөр санах гэж оролдвол?

 Манай УБТЗ-ын нэг онцлог бол гадаад дотоодын их, дээд сургууль төгссөн хэн бүхэн ажлынхаа гарааг замчнаас эхэлдэг. Би  мэргэжлийнхээ дагуу зам засварын станцид замчнаар ажиллах томилолт өвөртөлсөн.  Өмнө нь дадлага хийж байсан учраас хамт олон маань “За Бямбаа минь сургуулиа төгсөөд ирэв үү.  Ажилдаа ор” хэмээн халуун дотноор хүлээн авч байлаа. Сарын дараа мэргэжлийн шалгалт өгч Электробалластеры гэж цахилгаан чигжээслэгч машин дээр дагалдан, туслахаар ажилласан. Ажилдаа дасч, яаж ажиллах арга эвээ олж байтал ТЗДС-ийн  дэд захирал Нямсүрэн   багш маань  утасдан  “Бямбасүрэн , чи хаана ямар ажил хийж байна, манай сургуульд  багшийн орон тоо гарсан. Бид нар ярилцаад чамайг сонгосон. Чи ирж Сэрвүүд захиралтай уулз” хэмээсэн. Маш их баярласан. Тэр үед манай бригад Түнхэл-Мандалын чиглэлийн зам дээр ажиллаж байлаа.  Тэр шөнөдөө галт тэргэнд суун хотод ирэн өглөө нь сургууль дээрээ очсон. Багш болсон түүх маань ердөө энэ.

– Замчнаар  ажиллаж үзсэний хувьд  онол, дадлага хоёрт ялгаа  хэр байдаг юм байна.

Сургалтын чанар  жилээс жилд  шинэчлэгдэн  өөрчлөгдөж буй. Дэлхийн чиг хандлага ч тийм болсон. Миний төгсч байсан үеийг өнөөдөртэй харьцуулах юм биш. Бид хичээлийн танхимд үзэж сонссон зүйлээ  хэдэн сарын дараа урт, богинын дадлага дээр  гараараа барьж, нүдээрээ харж, сэтгэл зүрхээрээ  мэдэрдэг байлаа. Одоо тийм биш. Өглөө онолын хичээл,үдээс хойш дадлагаа сургалтын полигон дээр хийж буй.  Оюутнуудын сурах  орчин нөхцлийг сайжруулах, дэлхийн бусад их, дээд сургуультай  хөл нийлүүлэх тухайд УБТЗ-ын удирдлагууд, замын дарга маань  санал санаачилга гарган  шаардагдах хөрөнгө оруулалтыг жил бүр хийсээр ирсэн. Дээр нь төмөр замаас төрсөн хөдөлмөрийн баатар, гавьяатуудын дэмжлэг, хамтын ажиллагаа маш их үүрэг гүйцэтгэж ирснийг энд онцлон дурдах ёстой байх. Та бүхэн цаг зав гарган манай сургууль дээр очиж үзээрэй. Маш сайхан сургалтын полигоноо танилцуулмаар байна. Оюутнууд маань дадлагын  ажлаа мэргэжлийнхээ дагуу өртөө, зөрлөг, салбар нэгжүүдэд хийдэг. Замын даргын санаачилгаар оюутны отрядад жил бүр оюутнууд мэргэжлийнхээ дагуу цалинтай  ажиллаж байна. Цалин өгнө гэдэг нь тэднээс хариуцлагатай ажиллахыг шаардаж буй хэрэг.  Бас урам зориг өгч буй хэлбэр. Энэ нь  багаар ажиллах чадвартай болохоос гадна эх оронч үзлийг төлөвшүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм билээ.  Ер нь онол-практик хоёр  зэрэгцэн оршиж гэмээнэ чадварлаг боловсон хүчнийг  төрүүлнэ гэж би хувьдаа дүгнэсэн.

– Үе дамжсан төмөр замчин байхын сайн чанарыг  юу гэж харж байна вэ?

Төмөр замын байгууллага бол хагас цэргийн зохион байгуулалттай газар. Нэг секунт бус нэг долльд анхаарал сарнихад хэдэн арван эрдэнэт хүний амь нас, улс хоорондын үнэ цэнэтэй ачаа тээвэр эрсдэх аюултай салбар. Хувь хүнээс ихээхэн хариуцлага, хичээл зүтгэл шаарддаг  мэргэжил.  Ийм өндөр хариуцлагыг хүлээх сэтгэлийн тэнхээг  магадгүй гэр бүл, эцэг эхээсээ олж авдаг байж мэднэ. Тийм орчинд өссөн хүүхэд цаагуураа л өөр байдаг юм билээ. Манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт зөв суух, өөрийгөө зөв удирдах, анхаарлаа төвлөрүүлж сурах, дүрэмт хувцсаа зөв өмсөхөөс эхэлдэг. Үнэнийг хэлэхэд, төмөр замчны хүүхэд л төмөр замчин болохыг мөрөөдөх нь элбэг. Тэр утгаар нь  элсэлтийн шалгалтаа төмөр зам дагуу  орших  суурин газруудаас авдаг. Элсэгчдийн зонхилох хувийг Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Замын-Үүд, Чойр, Шандынхан эзэлдэг. Энэ нь нэгийг хэлээд байгаа биз.

Төмөр замын дээд сургуулийг төгссөн боловсон хүчин дэлхийн зах зээлд гологдохгүй байхын тулд багш  хүн юу хийх ёстой вэ?

Дэлхийн хэмжээнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх хүсэл мөрөөдөл,  зорилго багш бүрийн сэтгэлийн чинадад нуугдаж явдаг юм. Технологийн хурдыг гүйцэхийн тулд өөрийгөө дайчлах хэрэгтэй. Өдөр бүр нэг шинэ техник, технологи дэлхийн зах зээлд хөл тавьж байна.  Тиймээс назгайрч суух эрх багш хүнд байхгүй.  Дэлхийд ямар тооцоо томъёолол, хэмжигдэхүүнийг ашиглаж байна тэр болгоныг  эрэлхийлж оюутнуудаа танилцуулж,  зөв мэдээллээр хангахыг хичээдэг.  Багш хүн өөрийгөө байнга цэнэглэж явахгүй бол оюутнууддаа ч гологдож мэднэ.

Монгол Улс хөгжлийнхөө хурдацаар цахилгаан галт тэрэгтэй болох цаг айсуй. Тэр цагт ажиллах боловсон хүчнийг хэдий үеэс бэлдэж эхлэх вэ. Эсвэл  асуудалгүй юу?

Өнөөдөр  ашиглаж буй төмөр зам, түүн дээр хурдлах галт тэрэг, хожмын өдөр тутмын  хэрэглээ болох цахилгаан галт тэрэг хоёрын үндэс  язгуур нь нэг юм. Тиймээс   нэгэнт бэлтгэгдсэн боловсон хүчнийг хувиргах тухайд асуудал бараг л байхгүй. Манай сургууль төмөр замын долоон мэргэжил сургалт явуулж нарийн мэргэжил эзэмшүүлдэг. Өнгөрсөн жил бүгд магадлан итгэмжлэгдсэн. Сургалтын хөтөлбөр маань ч цаг үеэ дагаад шинэчлэгдсэн.  ОХУ-ын Зам харилцааны  дээд сургуулиудын  программтай дүйцүүлж, сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.   Гэхдээ монгол орны байгаль цаг уурын онцлог, монгол хүний чадварт тохируулсан гэдгийг хэлэх ёстой.  Хоёр улсын боловсролын салбарт  хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу мэргэжил эзэмшиж байгаа болохоор төмөр замын салбарт гарах аливаа  техник, технологийн шинэчлэлтэд ТЗДС төгссөн манай үндэсний боловсон хүчнүүд барьц алдахгүй гэдэгт  итгэл төгс байдаг.  Өнөөдрийн тухайд ч манай сургуулийг төгссөн залуус эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, их бүтээн байгуулалтад гар бие оролцож явааг дуулаад багш хүний хувьд баяртай явдаг. Миний шавь нараас  “МОННИС”,”Таван толгой, “Бодь групп”,  ажиллаж байна. Энэ нь манай сургуулийн бүтээгдэхүүнүүд зөвхөн УБТЗ-аар хэмжигдэхгүй дэлхийн хэмжээний  техник технологи ашигладаг  уул уурхай, техник технологийн инженерчиллийн  аль ч салбарт хөрвөх чадвартай болохыг харуулж буй хэрэг.

Төмөр замынхан бүгд орос хэлтэй. Бид  хоёр  том хөршийн дунд оршдог.  Тэдэнтэй мэргэжлийн хэлээр ойлголцох асуудал сургалтын программд ямар байдлаар тусгагддаг вэ?

Манай сургууль инжнерийн сургууль гэдэг утгаараа ЭЕШ-ын суурь нь  матетатик, физикийн  хичээл байдаг.  Оюутнуудад харилцааны орос хэл, мэргэжлийн орос хэлний хичээлүүд ордог. Манай мэргэжлийн сурах бичгүүд ихэнх нь орос хэл дээр бичигдсэн, орос хэлнээс орчуулагдсан байдаг. Тиймээс  мэргэжлийн үг хэллэг, нэр томъёон   дээр айх зүйлгүй.  Орос багш  хичээл заадаг гээд бусад их, дээр сургуулиас ялгарах онцлог бидэнд бий.

ТЗДС  академик боловсрол олгодог гэх утгаараа БСШУС-ын яам, ажлын байр, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тухайд  Хувь нийлүүлсэн УБТЗ-аас ихээхэн хамааралтай?

Манайхтай ижил төстэй их, дээд сургууль хэд хэд бий.  Цэргийн сургууль, Цагдаа, Хилийн цэрэг гэх мэтчилэн.  Бидний найдвартай  ар тал бол УБТЗ гэх их айл. Энэ байгууллагын захиалгаар боловсон хүчнийг нь бид бэлтгэдэг. Сайн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд  зөв менежмент бүхий хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг багш хүний хувьд хэлэх байна. УБТЗ-ын үе үеийн замын дарга нар ТЗДС-ийн сургалтын орчин нөхцөлд цаг ямагт анхаарлаа хандуулан , бодлогынхоо нэг хэсэг болгон авч явж ирсэн. Үүний үр дүнд хаана, хэнд  ч нүүр бардам үзүүлэх сургалтын бааз суурьтай болсон. Онол практик хоёрыг нэг түвшинд судлах боломжийг  олгосон УБТЗ-ын удирдлагууддаа, замын даргадаа  оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Таны докторын ажлын сэдэв. Үр дүнг нь хэрхэн төсөөлж байна вэ?.

Миний докторын сэдэв бол зам тавигч крантай холбоотой.  Энэхүү зам тавигч  краны  металл хийцэд үүсч буй  эвдрэл гэмтийг  юунаас, ямар ямар ачааллаас үүсэлтэйг судалж, тогтоон дүгнэлт хийж тодорхойлох нь миний зорилго.

Та бидний ярилцлага  энгийн хэрнээ сонирхолтой байлаа. Танд ажлын амжилт хүсье.

 

2Comments

Add yours

+ Leave a Comment