ДЭМБ-ын 03 дугаар сарын 30-ны мэдээлэлд 203улс оронд COVID-19вирусын халдвар тархаж, нийт 774,621тохиолдлоос 156,669нас баралт бүртгэгдээд байгааг мэдээллээ. Ингэхдээ 20 хувь нь импортлогдсон тохиолдлоор, 80 хувь нь голомтлон тархах замаар өвчилж, шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдэж, арлын хоёр бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн байна. Нийт өвчлөлийн тоогоор АНУ, Итали, Иран, Испани, Франц улс өндөр тархалттай байгаа бөгөөд эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдсэнээс болж эмнэлгүүд ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүрчээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулалгүй хүргэх хэрэгтэйг ДЭМБ-ын Ерөнхий захирал ээлжит хурлын үеэр онцолж байна.
Вирусын хөл хорионд орж тусгаарлагдсан 3 тэрбум гаруй хүнд зориулсан уриалга гаргасныг хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Тус уриалгад, хөл хорионд байгаа хүмүүс сэтгэлзүйн хувьд эрүүл байж, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байлгахад чиглэсэн зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй хэмээжээ. Мөн энэ хүрээнд гадаад хэл, иог бясалгал, дасгал хөдөлгөөн, дуу, бүжиг, хөгжим, ардын уран зохиол, оньсого, таавар, уламжлалт тоглоом зааж сургах чиглэлээр танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг явуулж, цар тахлын үед иргэдээ дэмжин ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриаллаа.
Цаашид халдвар тархах эрсдэлтэй байгаа тул ДЭМБ-аас шинээр 3 заавар гаргажээ. Үүнд, нэгдүгээрт, барилга байгууламж, хөнгөн майханд тусгаарлах өрөөг хэрхэн бэлтгэх, хоёрдугаарт, биеийн байдал хөнгөн өвчтөнийг халамжлахад нийтийн байгууламжийг хэрхэн ашиглах, гуравдугаарт, эмчилгээний төвийг хэрхэн байгуулах талаар зөвлөмжийг хүргүүлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр өдөрт 100 гаруй мянган хүнд шинжилгээ хийх боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй америкчуудыг шинжилгээнд хамруулжээ. Мөн АНУ-ын Хүнс, эмийн агентлаг хэрэглэсэн N95 амны хаалтыг халдваргүйжүүлж, ариутган дахин хэрэглээнд оруулах технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тооны амны хаалтыг ариутгаж, дахин ашиглалтад гаргах юм. Тэдний үзэж буйгаар нэг амны хаалтыг 20 удаа энэ маягаар ашиглах боломжтой хэмээн үзжээ. Тус улсын “Форд моторс” компани, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ЖиИ компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болсноо мэдэгджээ. 3 сарын хугацаанд амьсгалын 50 мянга гаруй аппарат үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин Нью-Йорк хотод 1000 ор бүхий цэргийн хөлөг онгоцыг татан байршуулжээ.
БНСУ-ын Сөүл хотноо сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн 70 орчим хувь нь Сөүлийн эргэн тойронд амьдардагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Халдварын голомт тус бүс нутагт бүрэн хяналтад ороогүй тул тус улсын Ерөнхий сайдын мэдэгдлийн дагуу хичээлийн шинэ жилийг 4.9-нөөс эхлүүлж, ингэхдээ цахим сургалт явуулахаар болоод байна.
Манай улсын хувьд ХӨСҮТ-д 03 дугаар сарын 30-нд тусгаарласан 7 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд 218 хүнийг хяналт шинжилгээнд хамруулжээ. Мөн эрүүл мэндийн салбарынхан тусгаарлагдсан иргэдийг уур бухимдлаас нь үүдэн хугацааг нь богиносгох боломжгүй тул нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандахыг хүслээ. Тэд Монгол Улс шиг хилийн чанадаас иргэдээ татан авч, 5 одтой зочид буудалд байрлуулан, эмч нараараа хоол зөөлгөж байгаа улс орон байхгүйг сануулсан юм. АНУ, Англид чөлөөнд гарсан эмч нараа уриалга гарган дайчилж эхэлсэн бол Харвардын Их сургууль анагаахын чиглэлээр төгсөх ангийн оюутнуудаа урьдчилан төгсгөж, эрүүл мэндийн салбартаа ажиллуулж байна.
Иргэдээ эх орондоо авчирж, эмчилж, эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад талархал илэрхийлсэн олон захиа ЭМЯ-нд ирснээс нэгэн захианд, “Мухардсан иргэдээ ах дүүгийнх нь дэргэд авчирсан нь Монголын төр засгийн гавьяа. Халдвартай ирсэн ч цөөхөн Монголчуудын минь нэг шүү дээ” хэмээсэн байжээ. Хүн стрессгүй байх нь эмчилгээний 50 хувь болдог тул тэдгээр захиа сэтгэлийн их дэм өгч байгааг эмч нар онцоллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотноо 8000 гаруй цагдаа, олон нийтийн 2445 цагдаа, 1992 эргүүлийн ажилтан, нэмэлтээр 3824 хүн “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Катараас цэргийн онгоцоор ирж байгаа 42 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдлээ.
+ There are no comments
Add yours