Тэнгэрээс унаж, газраас ургахаа больцгооё, тэгэх үү? Адилхан л аав ээжээс төрж, Хангай, Алтайн нурууны салхинд, Хамаг Монголын зүрхэнд туйлж, сэтгэлд буйлж өссөн байлтай юм аа. Гадаад, дотоод явж галуу шувууны мах идлээ гээд Монголоос хүйн холбоо чинь тасарчихгүй, хөх толбо чинь цайчихгүй. Хүнд хэцүү үед, хүч хүрч ядсан эдийн засагтай байтлаа улс орон чинь зээлээр авсан ганц онгоцоо нисгээд, зэл сунган, хүний нутгаас боломжоороо зөөж л байна. Нэр усыг нь дурдаад яахав, нэг эгч хоол, ор дэрээ голж, мөнгө төлж байгаа юм чинь ялтан шиг амьдрахгүй гэж ирээд л хийрхлээ. За үнэнийг л яръя. Монголын аль ч аймагт яваад очсон таныг 50-400 мянган төгрөгийн үнэтэй хуучин, шинэ буудлууд угтана. Хотод ч ялгаагүй. Гэхдээ энэ үнэд хоолны мөнгө ороогүй байдаг. Олонх газар ялгаагүй, таваг хоол 6500 төгрөгөөс эхэлнэ. Аяга цай 500 төгрөгөөс тоолно. Аарц чацаргана бүүр үнэтэй, одоо олдоц ч ховор байна. Яаж та нарт олж уулгаад, овоохон асраад байгааг гайхах юм. Эх орон манаж суудаг хэдэн бор цэргийн минь нөөцнөөс хэсэглээд гаргаагүй байгаа ч гэж хардах юм. Ганц аяга байхуу цай 1500-3500 төгрөг. Гэхдээ орон нутагт гурилтай шөл, цуйван, бууз гэсэн гурван сонголтонд тулаад л яг зогсоно. Тэгэхээр тусгаарлах байранд хоногт төлж байгаа 50 мянган төгрөгөн дээр чинь өдрийн таван хоол нэмэгдэхэд танаас 100 орчим мянган төгрөг өдөртөө гарах нь. Уух юм бүгд тусдаа үнэтэй. Тэгэхээр та нар чинь тал үнээр нь тансаглаад л байгаа юм байна шүү дээ. Татвар төлөгчид гомдол гаргавал гаргана гэдгийг сана.
Өө тийм, наана чинь хүргэхдээ хот дотор болон хотоос гадагшаа явах таксины тарифаар мөнгө аваагүй. Би энд жирийн аймаг, хот, орон нутгийн, хамгийн дундаж буудлуудыг ярьж байна. Дээр нь усанд орно гэж үлгэр, байнгын хүйтэн устай, буцалгагч эвдэрхий, хана нь хаа нэгтээ агсамнасны ул мөртэй, ор дэр нь одоохон гарч гүйгээд шинэ даавуу олж ирээд хийчихмээр…гээд л үргэлжилнэ дээ. Буудалд буучихна гээд оо сойзгүй гарвал ёстой хохь чинь. Алчуур, оо сойз байсан ч өөрийн юм аятай, өрөөлийн юм өөтэй. Хараад байхад Халдвартад тусгаарлагдсан хэдээс бусад нь дундаж амьдралтай монголчуудын мөрөөдөөд суудаг, мөнгөө хүргэж ядан тоолдог газруудад л тухалсан харагдах юм. Тийм байтлаа хоногтоо төлж байгаа 50 мянган төгрөгөө тэнгэрийн хишиг тэвэр тэврээр нь авчираад өгчихсөн аятай аяглаж аашлах бололтой.
Яг төлсөн 50 мянган төгрөгт чинь багтаана гэвэл та гэр буудалд, өргөн гэгч нааран дээр арав хориулаа хувцастайгаа зэрэгцэж унтаад, хооллоод яагаад ч илүү гарахгүй яг таарна гэдгийг мэдэх үү? Үгүй шүү, зах зээлийн үнэлгээ, за тэгээд эх орон чинь эрвийх дэрвийхээрээ энгэр дэлгэн зүтгэснийг бодсон ч ингэж эргүүтэхгүй, тэгж тэнэгтэхгүй ээ. Айлчлал, хурал форум сурвалжлаад алс холын орнуудад ч тэнэж л явлаа. Хөдөө малчны хотонд хөөрхөн яриа үүсгээд хонож л байлаа. Судалгаа хийгээд сул шороон дунд орох оронтой, оронгүй, хоолтой хоолгүй тэнэж ч үзлээ. Энэ ард түмний эгэл амьдралаас ихэрхэх шалтгаан, ихэмсэглэх шалтаг олддоггүй л юм даа. Тэгдэггүй юм аа, дээр нь зөвхөн та нараас болж ар гэр, үр хүүхдээсээ хол өөртэй чинь хамт 14 хоног тусгаарлагдаж байгаа нисэх багийнхан, цэвэрлэгээ үйлчилгээ, гал тогооныхныг яах гээв? Алтанбулагт тусгаарлагдсан оюутнууд орж гарах эрх, ор дэр хуваалцах найзыгаа нэхлээ л гэнэ. Хотын төвийн торниун буудалд тохитой суучихаад тагтан дээрээс тасхийтэл шүлсээ хаялаа л гэнэ. Хүний нутагт болохоор хууль дүрэмд нь багтаж амьдраад, аяыг нь олоод аргадаад байдаг. Өөрийн нутагт өндрөөс хараад, өөлж гоочлоод суудаг нь ямар учиртай юм? Covid-19 дэгдсэн хөгжингүй орнууд хөл бөмбөгийн талбай, спортын ордондоо иргэдээ эгнүүлээд хэвтүүлчихсэн, энэ боломж олонхид нь олдохгүй хаалганы цаана хаана суухаа ч ойлгохгүй дугаарлаж байна. Тийм байтал эх орноо элдэвлэх хэрэггүй, элэг барих ч хэрэггүй. Эгэл Монголд төрсөн, эх дэлхийн хаанаас ч өвчин байтугай үхэлд хөөгдөөд энд л ирж төгсөхөөр зүрхээ зогстол зүтгэнэ гэдгээ санаж амьдарна шүү!
Эмүжин
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
