АШУҮИС-ийн эмнэлэг Интермедийн салбар болох уу?

Монголын ард түмэн хоёрхон жилийн өмнө магнайгаа тэнийтэл баярласан нь АШУҮС дэргэдээ клиник эмнэлэгтэй болох явдал байлаа. Хэн нь нэг нь өвчин туслаа гэхэд өрх гэр, ах дүү төрөл саднаараа халаасаа тэмтэрч гэмээнэ Энэтхэг, Япон, Тайвань, Хятад, Солонгосыг зорьдог бидний хувьд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг ашиглалтад орж, тэнд нь анагаахын шинжлэх ухааны эрдэмтэн профессорууд ажиллана гэдэг баяртай мэдээ байлгүй яах билээ. Гэвч эмнэлгийн барилгын эхний блок ашиглалтад орох үеэс л монголчуудын мөрөөдөл, хүлээлт талаар болсон. Тодруулж хэлбэл, хэдэн тэрбум иенээр үнэлэгдэх эмнэлгийн барилга, дагалдах тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар гурвалсан гэрээний дагуу бэлэн орж ирж байхад түүнийг анзааралгүй өнгөрөх бизнесмен гэж үгүй аж. Ямар замаар хэрхэн яаж өөрийн болгох тухайд хөрөнгө бэлтэй гэгддэг эрхмүүд ухаанаа уралдуулж эхэлсэн гэж хэлж болно. Тэд юун түрүүнд клиник эмнэлгийг Боловсролын яамаас цаашлаад АШУҮИС- иас салгахыг хичээсэн. Санасандаа ч хүрсэн. Өнөө цагийн аясаар бүхнийг улс төр бас улстөрчдийн нөлөөг ашиглан гүйцэлдүүлсэн гэх сураг байна. Эхнийх нь тэрхүү эмнэлгийг сургуулийн мэдлээс гаргаж, Эрүүл мэндийн яамных болгох явдал. Хууль, эрх зүйн тогтолцоог хэн өөрчилж чадах билээ, мэдээж улстөрчид. Боловсролын яам бүхэл бүтэн үндэсний их сургуулийнхаа дэргэдэх эрдэм шинжилгээнийхээ бааз сууриас татгалзана гэдэг чухамдаа толгойгүй сайдтай байсны илрэл болов уу. Тухайн үед энэ салбарыг Ц.Цогзолмаа удирдаж байв. Нам, найз бүсгүй хоёрынхоо шахаанд орсон тэрбээр улстөрч Ц.Цолмонг сургуулийн захирлаар томилсноор сургууль төдийгүй эмнэлгийн барилгын хувь заяа жас ёсноосоо хазайсан гэж хэлж болно. Эмнэлгийн барилга ашиглалтад орох гэрээний хугацаа хэдийнэ дууссан ч чавганц шиг эхний блок дээрээ л эргэлдээд байгаа. Өөрөөр хэлбэл, амбулаторийн барилгаас хэтрээгүй. Инээдэмтэй нь амбулаторийн нээлт гурван удаа болж, гурван удаа тууз хайчилсан байдаг юм. Улс төр, улстөржих гэдэг энэ байх. Үлгэр цааш үргэлжилж хөөрхий эмнэлэг эдүгээ Эрүүл мэндийн яамны мэдэлд буй. Үйл ажиллагаа нь гэрээ хэмээх улс төр орсон цаасан нөмрөг дор явж байгаа гэсэн. Төсөв хөрөнгө нь 2019,2020 оны төсвийн тодотголд багтаагүй учир эмч, сувилагч нараа эхнээс нь цомхтголд оруулж эхэлжээ. Эцсийн бүлэгт хэн цалингүй хөлсгүй ажиллах билээ, нэг л өдөр хаалгаа барина. Тэр үед нь менежментийн хувьчлал нэрийн дор хэн нэгэнд өгч таарна. Үлгэр ингэж төгсөхөөр байна. Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд аж төрөх багш нарт эмнэлгээ хувьчилж авах юмсан гэж мөрөөдөвч сачий нь хүрэхгүй. Ингээд л асуудал хөрөнгөтнүүдийн санаснаар шийдэгдэж, дэлхийн стандартыг хангасан эмнэлгийн барилга Эм Си Эс-ийн халаасанд сул ороод ирнэ. Эртнээс төлөвлөсөн буцалтгүй тусламжийг үнэгүйдүүлж өөрийн болгодог улс төрийн оролцоотой аянд Эм Си Эс ялалт байгуулж, асуудал тэдний хүссэнээр шийдэгдэж буй бололтой. Хэрэв эл сураг үнэн аваас АШУҮИС-ийн эмнэлэг Интермедийн салбар эмнэлэг болно гэсэн үг. Интермедээр хэн үйлчлүүлдэг вэ гэвэл эгэл жирийн иргэд лав биш. Тэтгэврээрээ амин зуулгаа хангадаг ахмадуудын хувьд үзлэгийнх нь төлбөр дээр нь бүдэрнэ. Үр хүүхэд нь сайн сайхан аж төрж байгаа нэгний хувьд асуудал биш. Цалин багаттай төрийн албан хаагчид нэг хоёр үзлэгээс хэврэхгүй. Үнэн хэрэгтээ Интермэд эмнэлгээр улс төрчдийн ар гэрийнхэн, урлагийн одууд, бизнесменүүд л үйлчлүүлдэг. Ийм тул Эм Си Эс –ийн өгөх тайлбар ч бэлэн. “Үр ашиггүй, үүдээ барих дөхсөн эмнэлгийг манайх менежментийн хувьчлалаар авсан. Худлаа гэвэл баримт бичиг нь энэ” гэнэ. Хэн юу хэлэх юм. Процесс нь тэгж л явагдсан юм чинь. Дээр нь сонгууль хаяанд ирж буй. “Хэнийг нэр дэвшүүлж болохгүй, түүнийг оронд нь”, “Тэр тэндээс ийм мөнгө идсэн уусан” хэмээн биднийг хэрэлдэж байх зуур асуудал хэдийнэ шийдэгдсэн байх вий. Ийм л хувь заяа биднийг хүлээж байна даа. Мөнгөтэй хүн лаагаа идэх , луувангаа идэх нь тэдний асуудал ч хоёр улсын ард түмэн бие биедээ найрсгаар хандаж, буцалтгүй тусламж үзүүлж байхад түүнийг бид замаас нь зувчуулж, эрх мэдэл, мөнгөөр бороо оруулдаг нөхдүүдийн халаасанд сул гулгуулж орхино гэдэг байж болохгүй зүйл болов уу. Цаасан дээр буусан гэрээнд “Хөрөнгө оруулагч нь Японы ард түмэн, Гүйцэтгэгч нь Жайка, өмчлөгч нь АШУҮС” гэж тодоос тод бичсэн байдаг юм билээ. Уг нь бид хуультай л ард түмэн юмсан.
Ч. Чулуун

+ There are no comments

Add yours