“Мөнгөтэй болохоороо хохирсон иргэдийн мөнгийг өгнө”

700 гаруй иргэнийг байртай болгоно гэж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн урьдчилгаа авч хохирол учруулсан “Нарны хүү сарны охин” компанийн төлөөлөл барилгын ажил зогссоноос хойш анх удаа хохирогчидтой уулзаж, Эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан байна. Тус гэрээнд “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бага багаар иргэдийн мөнгийг өгөх” тухай тусгажээ. Хэрвээ эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бол иргэдийг хууль хяналтын байгууллагаар явахыг санал болгосон байна.

“Нарны хүү сарны охин” компанийн “Амар амгалан” орон сууцны төсөлд урьдчилгаа өгч хохирсон иргэд өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй бөгөөд компанийн захирал Д.Гүрсоронз өнгөрсөн хугацаанд хохирсон иргэдтэй уулзаагүй өдийг хүрчээ.

“Нарны хүү сарны охин” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Оргил: “Одоогоор энэ компанийн зүгээс хохирсон иргэдийн мөнгийг өгөх боломжгүй байна. Хэрэв эвлэрлийн гэрээ байгуулбал дөрөвдүгээр сарын 1-нээс хохирсон иргэдийн мөнгийг дарааллаар нь өгч эхэлнэ. Энэ уулзалт амжилтгүй болбол бид дахин та бүхэнтэй уулзахгүй” гэжээ.

Амьдарч байсан хашаа байшин, автомашинаа зарж байгаа бүх мөнгөө урьдчилгаанд өгч хохирсон иргэд гудамжинд хонох дээрээ тулаад байна. Гэтэл хоёр жил гаруй хүлээлгэсэн “Нарны хүү сарны охин” ХХК-ийн зүгээс “Мөнгөтэй болохоороо хохирсон иргэдийн мөнгийг өгнө” гэсэн тайлбар хийлээ.

+ There are no comments

Add yours