Х.БАДРАЛ: Хүдэр нунтаглалтыг ухаалаг системээр удирдана 

Технологийн автоматжуулалт хурдтай хөгжиж буй энэ үед манай үндсэн үйлдвэрлэл болох баяжуулах үйл явцад ямар шинэчлэл хийгдэж буй талаар Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Баяжуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Х.Бадралтай ярилцлаа. 

 – Танайд өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар он дамжин хийгдэж буй ямар ажлууд байна?
– Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар манайд хоёр том ажил хийгдсэн. Нэг нь Баяжуулах үйлдвэрийн нэгээс дөрөвдүгээр секцийн талбайн урвалжийг автоматаар зохистой удирдах ажил юм. Манайх 120-иод цэгээр урвалж өгдөг. Үүний 30 хувь нь бүрэн автомат, дахиад 30 хувь нь хагас автомат, үлдсэн нь гар тохируулгатай байсан. Үүнийг шинэчлэн сайжруулах тендер зарлаад, “Аристон” компани гүйцэтгэж, 12-р сарын 31-нд ажилд оруулсан. Одоо бид нэгээс дөрөвдүгээр секцийн урвалжийн талбайн үйл ажиллагааг автоматаар бүрэн удирддаг.

   – Шинэчлэл хийхээр хуучин тоног төхөөрөмжөө яадаг вэ?
– Таваас зургадугаар секцийн урвалжийн талбай руу шилжүүлээд, тэнд хагас доголдолтой байсан төхөөрөмжүүдээ сэлбэсэн. Ингээд урвалжийн талбайн автоматжуулалтад сүүлийн хэдэн жил байгаагүй хөрөнгө оруулалт хийж чамбайруулсан. Хоёр дахь ажил нь тээрмүүдийн удирдлагын ухаалаг эксперт  систем нэвтрүүлэх.

   – Энэ нь ямар ач холбогдолтой систем вэ?
– Ажиллагч өөрчлөгдөхөд арга барил дагаж өөрчлөгддөг. Харин ухаалаг эксперт систем нь хүмүүсийн олон жилийн сайн туршлага, мэдээллийг цуглуулж сан үүсгээд тухайн өдрийн ирсэн хүдрээс хамааран ийм хүдэр ирэхэд өмнө нь ингэж удирдаж, хамгийн сайн металл авалттай байсан гэдэг арга барилыг санал болгодог давуу талтай. Улам сайжруулбал тэр нь хадгалагдаад мэдээллийн бааз үүсээд явна гэсэн үг. Ухаалаг энэ систем дэлхийн уул уурхайд өргөн ашиглагддаг.

   – Энэ систем үйлдвэрлэлд нэвтэрсэн үү?
– Тендер шалгаруулалт оройхон хийгдсэнээс болоод он дамжсан ажил. Олон компанийн өрсөлдөөн дундаас Америкийн “Метсо” компанийн эксперт систем оруулахаар болсон. Энэ сарын 3-12-нд Америк мэргэжилтэн ирж манайд ажиллана. Бид хамтран тэдний нийлүүлсэн серверийг эндээ зоогоод, мэдээллийн баазын цуглуулгаа өгөхөд тэд Америкаас онлайнаар харж судалгаа хийгээд эксперт системийн программ хангамжийг алсын зайнаас суулгах юм. Хэдэн мянган бээрийн алсад байгаа хэр нь нэг өрөөнд мэт ажиллаж болох дэлхийн хөгжил ирсэн байна.

   – Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Баталгаатай хамгаалж чадаж байгаа юу?
 Бүх мэдээллээ дэлгээд байж болохгүй учраас манай Аюулгүй байдлын хэсэг энд анхаарал хандуулан ажиллаж байна. Бид ч эндээс харж хянана. Тэд эксперт системээс хүлээгдэж буй өгөөжийг их өндөр амалж байгаа. Энэ бол хүдэр нунтаглалтын эргэлтийн эксперт систем. Харин бид энэ онд баяжуулалтын технологийн эксперт систем нэвтрүүлэхээр зорьсон боловч хасагдсан. Эхний эксперт системээс гарах эдийн засгийн хэмнэлт, үр ашгаас  хамаарч дараагийн санал тавих боломж бий.

   – Хэдий хугацаанд үр дүн нь мэдрэгдэх вэ?
– Цаад компанийнхны хэлснээр хөрөнгө оруулалтаа гурван жилийн дотор чөлөөтэй нөхнө. Энэ эксперт систем манай программистуудын зохиосон системтэй их төстэй. Бид Оросуудтай байхдаа ч, өөрсдөө дангаараа ажиллах хугацаандаа ч олон систем хийсэн. Гэхдээ дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдэд 30 жилийн турш батлагдсан систем суурилуулах зөв шийдэл. Бидний туршсан программтай төстэй хэрнээ илүү сайн загвар учраас хэрэгжүүлэхэд ойрхон, үр дүнтэй гэж үзэж байгаа.

   – Хүдэр нунтаглалтын явцыг одоо яаж хянадаг вэ?
– Төдөөс төдийн хооронд байвал ингэж ажиллавал авааргүй, тэгвэл ингээрэй гээд бие биеэс нь хамааруулаад горимын хязгаар тогтоочихсон байдаг. Харин эксперт бол нунтаглан баяжуулахын бүх тээрэм дээр хамгийн ашигтайгаар барих автомат систем юм.

   – 2019 онд шинээр ямар жил хийгдэх вэ?
– Үйлдвэрлэлийн талбайд тоног төхөөрөмжийг хянах системийг өнгөрсөн жил нэг компанийн саналаар үнэгүй туршсан. Нэгж тоног төхөөрөмж бүрийн ажилласан цаг, бүтээмжид хяналт тавьдаг систем юм. Бид технологийн процессоо хянахын тулд программч инженерийн бичиж өгсөн таблиц хараад, тоо нь дээшээ, доошоо болоод явж байдаг шүү дээ. Хэрэв өөр нэг хүн өөр үзүүлэлт харъя гэвэл хоёр хуудсаа ээлжлээд үзэх жишээтэй. Харин энэ систем инженерчлэл, эдийн засагч, ямар нэгэн мэргэжлийн хүн сангийн мэдээллээс хамаарлаа олохын тулд дэлгэц дээр графикаар харна. Графикаар харахын гол онцлог нь хүснэгтээс зөвхөн тухайн үеийн тоо харагддаг. Харин графикаар харахаар өгсөж явна, уруудаж байна гэдгийг харж болно. Графикийг зэрэгцүүлчхээр юунаас юу хамаарсан гэдэг мэдээллийг харахад амар. Сайжирч байвал яаж сайжрав, муу байвал юунаас болж доголдов гээд чиглэл чиглэлээрээ харах боломжтой. Механикийнхан бол төхөөрөмжөө, цахилгааныхан тогны хэлбэлзлээ өөрийн дэлгэцээр хянах боломж олгох систем юм. Энэ программыг одоо ч үнэгүй туршиж байгаа. Цаашид нэвтрүүлэх боломжтой.

   – Манай баяжуулалтын технологийн автоматжуулалт дэлхийн түвшинд хаагуур явна?
– Харьцуулах аргагүй. Учир нь одоо үйлдвэрийг технологийн орчин үеийн бүх шийдлийг хийгээд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж байгаа. Бүрэн автомат гэсэн үг. Бид үйлдвэрээ 1970-аад оноос хойш ажиллаж байгаа дэлхийн уул уурхайн ямар ч хамаагүй үйлдвэртэй харьцуулах хэрэгтэй. Саяхан гадаадын нэг мэргэжилтэн манайд ирээд “…70”-аад оны үйлдвэр гэхээр хоцрогдсон гэж бодож байлаа. Гэтэл танайх орчин үеийн үйлдвэр байна…” гэж дүгнэж хэлсэн. Манайд хөрөнгө оруулалт цувж ордог дутагдал бий. Нэг гайгүй юм судлаад захиалчихсан байтал дараагийнх нь гараад ирдэг. Манайх том үйлдвэрлэгчид, зах зээлийн дунд байдаггүй болохоор худалдаж авсан зүйлүүд маань Герман, Финланд, Америк, Орос, Хятадынх гээд олон улсын боломжит гайгүй бүхний цуглуулга байдаг. Энэ цуглуулгыг хооронд нь нийцүүлэн зохицуулж ажиллуулаад, бүтээгдэхүүний чанар алдахгүй явна гэдэг манай технологиуд, механикууд, инженер техникийн ажилтнуудын өндөр ур чадвар юм.
Эх сурвалж: “Erdenettoday.mn

+ There are no comments

Add yours