Шуугиантай, айдастай өнгөрсөн долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Улс төрийн дуулиан Төрийн айлчлалаар эхлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Засгийн газрын тэргүүний манай улсад 4 жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж тохирсон, шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар:

  1. Монгол, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны салбар тус бүрээр зорилтыг тодорхойлохоор болов. 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
  2. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Солонгосын соёлын долоо хоног зэрэг соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов. Солонгосын тал ирэх оныг “Монгол, БНСУ-ын найрамдлын жил”-ээр зарлах саналыг дэвшүүлэв.
  3. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг талууд тэмдэглэж, хорио цээрийн стандартыг жигдрүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.
  4. Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, зам тээвэр, төмөр зам, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол, иргэд, консулын зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тогтов.
  5. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах, түрээсийн орон сууцны хороолол байгуулах асуудлыг нааштай судалж, шийдвэрлэхээр тохиров. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр 10 аймгийн төвийн Дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Ерөнхийлөгчийн хүсэл биелэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ үеэр уг төслийг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж, чуулганы хуралдааныг орхин гарсан нь ч ирц нь бүрдэв.

Ийнхүү гуравдугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжих эсэхээр тус бүр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжжээ.

Шүүх, прокурорын удирдлагууд ажлаас чөлөөлөгдөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шүүх, прокурорын удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг, Салхитын мөнгөний орд болон түүнтэй холбоотой шүүгч нарын хэрэг олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байна хэмээн үзээд Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж,

  • Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
  • Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
  • Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.

Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүх явдал байсаар байгааг нотлох баримтууд гарч ирлээ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр ял тулгасан” хэмээн мэдэгдсэн. Улмаар эрүүдэн шүүж байгаа бичлэгийг нууцын зэрэглэлээс гаргаж, УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Үүнийг үзсэн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үнэхээр эвгүй бичлэг байлаа. Энэ бичлэгийг олон нийтэд гаргах ёстой. Монгол Улс хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй. Ер нь энэ асуудалд УИХ анхаарах цаг нь болсон. Энэ бичлэгт байж болохгүй байж боломгүй зүйлүүд байгааг гишүүд харлаа. Нэг талаараа ард түмэнд үзүүлэх нь буруу байх. Учир нь үүнээс болоод Монгол Улсын түвшин олон улсад буруугаар ойлгогдвол маш ноцтой зүйл болно.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Маш муухай, үгээр хэлэхийн аргагүй бичлэг байна. Нууцын зэрэглэлээс гаргаж, иргэдэд ил болгох хэрэгтэй. Гэхдээ даралт ихтэй хүнд үзүүлэх хэрэггүй юм байна.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хууль хяналтын байгууллагууд нэлээд болгоомжтой хандаж байгаа юм билээ. Засгийн газраас мөрдөн шалгах ажиллагаанд саад болохооргүй хэсгийг ил болгох шийдвэр гаргасан. Үүнийг үзээд Монголд ийм зүйл байдаг юм уу гэж гайхмаар, сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байна.

Сэжигтэн Содномдаржаагийн өрөөнд онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлж ял авсан ялтан болон Амгаланбаатар нарыг хамтад нь оруулж, Содномдаржааг шөнөжин унтуулахгүй дэглэж хоносон бичлэг байна лээ. Т.Чимгээгийн хувьд мөн адил гол хэрэгтэн гэгдэх Амгаланбаатар шөнө өрөөнд нь орж, дарамталж, хэргээ хүлээ гэж шахаж, шаардаж байгаа бичлэг байсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэлээд айхтар зүйл харлаа. Бид хүнлэг, ардчилсан нийгэм байгуулж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байгаа. Гэтэл хуулийг чандлан сахиж, биелүүлж байх ёстой хуулийнхан ийм асуудалд холбогдсон байгаад санаа зовж байна. Монголын хууль хяналтын байгууллагын түүхэнд хар толбо болох зүйл болжээ. Ерөнхийдөө хоёр жилийн бичлэг байна. Бидэнд эхний зургаан өдрийн бичлэгээс түүвэрлэн үзүүллээ. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн уландаа гишгэж, хүнийг яаж эрүүдэн шүүж, дарамталж, хүчээр хэрэг хүлээлгэж байгааг харлаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “өөрийгөө өмөөрөв”

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “манай Үндэсний аюулгүй байдлыг зөвлөл Үндэсний АЮУЛТАЙ байдлын зөвлөл болж хувирлаа. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан хуруу гарыг нь хугалж, тамалж, зовоож, амь насанд нь хүрч байсан л даа. Үүнийхээ төлөө өнөөгийн хууль зүйн сайд уучлалт гуйж, энэ албан тушаалыг хашиж явах ёсгүй юм.

Өнөөдөр манай хууль шүүхийн байгууллага үнэхээр дэндүү нэр хүндийг нь унагах байдал руу оруулж байна. Би хувьдаа бодохдоо Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Мөн Монгол Улс шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь дээр шүү дээ.

Хууль шүүхийн байгууллагыг хамгаалах нам, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй байна. Надад өөрийн байгуулсан нам алга, худалдаад авсан телевиз алга. Уг нь Монголын хууль шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарч байсан юм шүү гэдгийг би хэлэх ёстой хүн.

Ардчиллын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг Монголын хууль шүүхийн байгууллагууд олон жил мөрдөж, алуурчдыг оллоо гэж шүүхээр шийдвэр нь гарсан. Иймэрхүү ахиц дэвшил Монголын хууль шүүхийн байгууллагад байсан шүү гэдгийг хэлмээр байна.

Намайг гутлаа тослоод очлоо гэж байна л гээд байдаг юм. Энэ чинь хууль, шүүхийн байгууллагад үзүүлж буй хүндэтгэл. Дуудсан үед нь очих ёстой. Н.Энхбаярыг 12 удаа дуудсаны дараа хуулийн байгууллага аргагүйн эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг юм.

Аливаа хүн амины хэрэг, ялангуяа төр нийгмийн зүтгэлтнийг хөнөөсөн хэргийн алуурчныг олох, алуурчин нь захиалагчийг хэлж өгөх үе шаттай байдаг. Энэ хэрэг бол гурван шаттай юм байна гэж хардаг. 1998 оны хэрэг гэхээр 21 жилийн өмнө. Өнгөрсөн хугацаанд энэ хугацаанд яагаад илрээгүй талаар харах ёстой болж байна гэж харж байсан. Харин өнөөдөр энэ хэрэг Ц.Нямдоржийн дөрөв дэх шат гарч ирж байна. Ц.Нямдоржийн зохиож буй хэрэг. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа учраас учир нь олдох байх гэж бодож байна.

Эрүүдэн шүүсэн бичлэг байгаа л гээд байгаа юм. Би нэг л юманд итгэлтэй байдаг. С.Зоригийн амь насыг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө. Өнөөдрийн Хууль зүйн сайд С.Зоригийг алсан алуурчдаар бахархдаг байсан байхгүй юу. С.Зоригийн хэргийг захиалсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг л хүн Хууль зүйн сайд хийж байна. Өнөөдөр намайг алуулахад миний хэргийн хойноос Ц.Нямдорж явах уу. 1990 оны үед өнөөдрийн намайг харааж байсан шиг л С.Зоригийг харааж байсан хүн чинь Ц.Нямдорж шүү дээ. 49 хувь ч гэсэн адилхан. Ц.Нямдоржийн хувьд зүгээр л сэдэв шүү дээ. Нэг л юм хэлэхэд Хууль зүйн сайдаа чөлөөл, УИХ-ын гишүүнээс нь чөлөөл. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдүүл. Өнөөгийн Ерөнхийлөгч гарч ирээд өөртэй нь санал нийлэхгүй байх Засгийн газрыг огцруулж өөрийн болгосон. Одоо хууль тогтоох байгууллагыг өөрийн болгох гэж байна. Одоо огцруулаад УИХ-ыг мэдэлдээ оруулах гэж байна. УИХ-ын гишүүд бүгд баригдчихсан. Дараагийн сонгуульд хэн нэр дэвшихийг ҮАБЗ-ийн гурван хүн шийднэ. Хууль батлагдах эсэх нь хамаагүй, зүгээр л айдас бий болгож байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ээс сонгуулийн мөнгөө босгох гэж байна. Наадуул чинь сэдэв олж байна, сонгуульд хэн оролцох уу, тэр мөнгөө яаж босгох вэ л гэж явж байна шүү дээ. Удахгүй үүний араас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх асуудал гарч ирнэ.

Би хэзээ ч ШХАБ-д элсэнэ гээгүй, би хэн нэгнийг хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авна гэж байгаагүй.

Монголд нэг муу хүн байна, тэр нь Ц.Элбэгдорж гэж хараад байна. Муу хүнийг үгүй болгох гээд Монголыг шатааж болохгүй шүү дээ. Үүнд би хамгийн их санаа зовж байна.

ХЭҮК: Бид чадах бүхнээ хийдэг ч биднийг тооц хэлэлцдэггүй

Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “2017 оны 10 дугаар сард Хүний эрхийн үндэсний комисс хүүхдийн эрхийн талаар илтгэлүүдээ гуравдугаар сарын 30-ны дотор УИХ-д мэдүүлсэн боловч УИХ үүнийг хэлэлцээгүй. Үүний дараагаар хүүхдийн төлбөрийн асуудлаас болоод нийгмийн сүлжээнд шуугиан үүсэхэд манай илтгэл үнэн болж таарсан.

2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүн санаачилж, Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлэн Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн.

Манай комисс УИХ-д нийтдээ 17 илтгэл бичсэн. Үүний 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон. УЕПГ-ын дэргэд байсан энэ албыг үнэхээр шударга ажиллаж байсан.

2014 онд Монгол Улс эрүүдэн шүүх, хүний нэр төрд халдахын эсрэг конвенцэд нэгдэн орсон. 5 жил болсон ч энэ конвенцийг хэрэгжүүлээгүй.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны 7-р сараас эхлээд л эргэлт оруулахгүй байна гэх мэт гомдол ирсэн. Маш нууцын зэрэглэлтэй учир тухайн үед нь гаргаж тавьж болохгүй байлаа. Эрүүдэн шүүх гэдэг бол гэмт хэрэг. Бид энэ хэргийг шалгахтай холбоотой гарсан зөрчлүүдийн талаар холбогдох байгууллагад нь албан бичиг хүргүүлдэг.

2012 оноос эхлэн нийслэлийн 9 дүүрэг, 12 аймгийн төвд шүүх өрөөг мэдүүлэг авах өрөөг дуу, дүрсний камертай болгосон. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн оруулах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулна гэж заасан. Харамсалтай нь энэ шаардлага орон нутагт хэрэгжихгүй байна. Тэнд эрүүдэн шүүх ажиллагаа явагдаж байна гэсэн үг” гэлээ.

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Бид хөдөө орон нутагт шалгалтаар явж байхдаа мэдүүлэг авах үед хөлийг дөнгөлөх, гарыг гавлах сандал байсныг илрүүлсэн. Тухайн үед Х.Тэмүүжин сайдад эрүүдэн шүүх сандлыг хэрэглэхгүй байх, энэ сандлыг хэрэглэвэл Олон улсын конвенц зөрчиж байгаа тухай албан бичиг илгээсэн. Ингэснээр хөдөө орон нутагт тараасан бүх сандлууд татагдсан

2006 онд Монгол Улсад НҮБ-ын тусгай илтгэгч ирэхдээ “Монгол Улсад эрүүдэн шүүлт бодитоор оршиж байна” гэсэн илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн комисс дээр тайлагнасан. Үүний дагуу Монгол Улсад зөвлөмж өгсөн. Тухайн үед Монгол бүтэн 24 цаг цагдан хорих байранд хүнийг тамлаж алсан тохиолдол гарч байсан. Өнөөдөр эрүү шүүлтийн асуудал нийгэмд цочроо өгч байна гэсэн асуудал ярихаасаа илүүтэй энэ асуудлын цаад хариуцлага тооцдог механизмд анхаарч, хуульчлах хэрэгтэй” гэлээ.

Уг хэргүүдийн дараа буюу өнгөрөгч баасан гарагт хүнийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг тулгаж, хилсээр хэлмэгдүүлж буй гэх 27 минутын бичлэгийг нууцын зэрэглэлээс гаргаж, сэтгүүлчдэд хаалттай горимоор үзүүлэв. Бичлэгийн талаарх тэмдэглэлийг ЭНДЭЭС үзнэ үү. Харин уг бичлэгийг олон нийтэд үзүүлэх эсэх тухай тодорхой шийдвэр гараагүй байгаа аж.

Бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд мэдээлэл хийхдээ “Би өмнө нь Содномдаржаа, Чимгээ нарын ээж, ар гэрийнхнээс уучлалт хүссэн бол өнөөдөр эхнэр, хүүхдүүдтэй шатаж нас барсан “Паар” гэгч Б.Отгонбаатарын ээжээс уучлалт гуйж байна. Энэ гурвын ээж бүгд 80 нас зооглосон буурайнууд байдаг. Үхтэл үр харам гэдэг үг бий. Тэднийг амь сэрүүнд нь хүүхдүүдийг нь алуурчин биш гэдгийг нь мэдрүүлэхийг хүссэн юм” хэмээн онцоллоо. Мөн
“Энэхүү тамлах ажиллагаа гурван үе шаттай явагдсан. Эхлээд 2013 оны наймдугаар сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа хийгдэж, Содномдаржаа, Чимгээ нарт АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хэрэг нь тагнуул дээр, ажлын хэсэг нь прокурор дээр байсан. Гэтэл АТГ гээд харъяаллын бус газар ажиллагаа явуулж, нэг жил орчмын хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр Содномдаржаа, Чимгээгийн утсанд Амгаланбаатар гэдэг хүнээс олон мессеж ирсэн.

2015 оны гуравдугаар сарын 31-нд Содномдаржаад эрүү үүсгэж, 40 хоногийн дараа Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сард тэднийг хориод есдүгээр сараас хүн оруулж тамлуулсныг та бүхэн нүдээрээ үзсэн. Шийтгэснийхээ дараа аль алиныг нь Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон” гэсэн юм.

+ There are no comments

Add yours