Гадаад паспортыг ажлын тав хоногт гаргадаг боллоо гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаад нэг их удаагүй байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэлсэн. Өмнө нь нь яаралтай үйлчилгээ ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсныг ажлын тав хоног болгосон.
Гэтэл сүүлийн өдрүүдэд гадаад паспорт захиалахад 14-30 хоногийн дараа гарч байна гэх мэдээлэл иргэдийн дунд яригдаж байна. Цаад учрыг лавлатал гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг энэ сарын 15-наас нэвтрүүлэхтэй холбоотойгоор УБЕГ-т программын шинэчлэл хийгдсэн аж. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг онлайн захиалга нь ч нэвтэрсэнгүй, гадаад паспортын хэвлэлтэд асуудал гарчээ. Яагаад саатах болсноо УБЕГ-аас иргэдэд янз бүрийн байдлаар тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, гадаад паспорт хэвлэдэг машин эвдэрсэн, бэлдэц дууссан, солонгос руу явах гэрээт ажилчид паспорт захиалаад ачаалал нэмэгдсэн гэх шалтгааныг хэлжээ.
Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодруулахад “Гадаад паспорт болон иргэний үнэмлэхний онлайн захиалга эхлэх гэж байгаа. Тиймээс программын шинэчлэл хийгдэж буй учраас жаахан ачаалал үүсч гадаад паспорт захиалгад саатал үүсээд байна. Ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд хэвийн үйл ажиллагаандаа орно. Гадуур “Өнөөдөр захиалсан паспорт нэг сарын дараа гарна” гэсэн буруу ташаа мэдээлэл яваад байна. Тийм зүйл огт байхгүй шүү. Иргэд маань гадаад паспортаа нэг сарын дараа гарна гэж бухимдах хэрэггүй” гэсэн тайлбарыг өглөө.
Бодит байдал ямар байгааг сурвалжлахаар бид Дүнжингаравт байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг зорьсон юмаа. Бид өдрийн 14:00 цагт очиход гадаад паспортын хоёр цонх нэлээд ачаалалтай хүмүүс нь дугаараа хүлээгээд сандал дээр сууж байв. Нийслэлийн улсын бүртгэлийн газар гэх хоёр цонхонд нийтдээ дөрвөн ажилтан суухаар тохижуулсан боловч сүлжээ байхгүй гэх шалтгаанаар хоёр ажилтан л иргэдэд үйлчилж харагдав. Өдөрт гадаад паспортын 130 дугаар тараадаг аж. Гэвч байнга ачаалалтай байдаг, материал хүлээн авдаг хүүхнүүд нь харилцааны наад захын соёл байхгүй, утсаа ухаад суучихдаг, банкны 50 дугаар явчихаад байхад дөнгөж хоёрхон хүний материал хүлээн авч байна гэсэн гомдлыг иргэд хэлж байв. Зарим нь техник технологи өндөр хөгжсөн өнөө үед жолооны үнэмлэхээ жилд ганцхан удаа хэвлэдэг, программын шинэчлэл хийж байна гээд хамгийн чухал бичиг баримт болох гадаад паспортын захиалгыг хэнэг ч үгүй зогсоодог улс байдаг болов уу гээд бухимдлаа илэрхийлэх иргэд олон байлаа.
-“ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА ГЭЭД УТСАА УХААД СУУЧИХ ЮМ”–
Бид иргэдийн сэтгэгдлийг сонсож байх зуур нэгэн дүрэмт хувцастай эмэгтэй ирснээ “Мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн албан хаагчдыг муулж байдгийн, Сүхбаатрын талбай дээрээ очиж төрийн ордонд сууж байгаа хүмүүсээ муул” гэж үүрэгдэв. Гадаад паспортаа захиалахаар хүлээж суусан ахимаг насны хэд хэдэн эмэгтэйчүүд “Та нарын байгаа байдал чинь ийм л байна. Бид яагаад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж болдоггүй юм. Иргэдэд үйлчилж байна гээд л утсаа ухаад суучихана, эсвэл сүлжээ тасарсан гээд босоод явчихана. Үг хэлэх, юу ярихаа бид өөрсдөө мэдье” гэж багагүй асуудал үүсэв. Төд удалгүй иргэдийн хэлснийг батлах гэсэн шиг улсын бүртгэлийн сүлжээ нь тасарч гадаад паспортын материал хүлээн авдаг эмэгтэй суудлаасаа босоод явчихав. Үүнийг харсан иргэд “Ингэж л ажлаа хийдэг хүмүүс дээ” хэмээн толгой сэгсэрнэ.
Улсын бүртгэлийн ажилтаныг эргэж ирэхээр нь “Өнөөдөр гадаад паспорт захиалбал хэзээ гарах вэ” гэж асуутал “14 хоногийн өмнө материал бүрдүүлж өгсөн иргэдийн гадаад паспорт өнөөдөр болтол гараагүй л байна. Ажлын тав хоногт гардаг байсныг ажлын 10 хоног болгоод сунгачихсан ш дээ. Сүүлийн өдрүүдэд манайх ачаалал ихтэй байгаа. Өнөөдөр захиалсан паспорт хэзээ гарахыг мэдэхгүй байна. Хамгийн багадаа 14 хоног болно шүү” гэсэн тайлбарыг өгөв. Өчигдөр /2019.03.14/ материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн гадаад паспорт энэ сарын 22-нд эсвэл 28-нд гарч магадгүй аж. Хэзээ гарах нь тодорхойгүй гэсэн үг. Уг нь “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын тав, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасан байдаг.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж бидэн ирэх долоо хоногийн даваа гаригт гадаад паспортын захиалга хэвийн болно гэж байгаа боловч бодит байдал дээр тэнгэр газар шиг зөрүүтэй байна.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
