Фэйсбүүк чатаар танилцсан бүсгүйг хутга тулган заналхийлжээ

Фэйсбүүк чатаар танилцсан бүсгүйг хутга тулган заналхийлжээ

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын нэгэн байранд фэйсбүүкээр танилцсан эмэгтэйд хутга тулган амь насанд нь заналхийлж, хүчирхийлэхийг завджээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 31-ний шөнийн 00:45 цагт иргэнээс “Манай найзыг фэйсбүүк чатаар танилцсан эрэгтэй нь хүчирхийлэх гээд байна” хэмээн цагдаагийн байгууллагад мэдээлжээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход хаалгаа тайлахгүй байсан бөгөөд дотор эмэгтэй хүн орилох нь сонсогдож байсан аж. Цагдаа нар доод айлынх нь аваарын шатаар дээш гарч, цонхоор дотогш нэвтэрч гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.

Гэмт этгээд 19 настай Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ фэйсбүүк чатаар харилцдаг байсан эмэгтэйг гэртээ дуудсан байна. Улмаар хохирогч эмэгтэйг гэрт нь орж ирсэн даруйд хаалгаа түгжиж, хутга тулган бэлгийн харьцаанд орохыг шаардсан байх юм. Мөн айлган сүрдүүлж хутгаар гарыг нь зүсэж гэмтээсэн аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материлжуулан шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэн та цахим орчинд танилцсан үл таних хүнтэй уулзахгүй, итгэхгүй байх, өөрийн аюулгүй байдлыг хангаж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ мэтчилэн иргэн та алхам бүрт цахим орчны аюултай нөлөөллөөс холуур байхыг зөвлөж байна

Leave a Reply

Your email address will not be published.