Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая

Манай улсын эдийн засгийг тэтгэж, төсвийг түнтийлгэгч гол эх үүсвэр нь уул уурхайн салбар болоод байна. Ирэх оны төсвийн бүр гуравны нэгийг уг салбарт дангаар нь даатгаад байгаа. Дэндүү өөдрөг гэмээр төсөөлөл авч, үүнээс өөр найдах зүйл угаасаа байхгүй гэлтэй. Учир нь сүүлийн жилүүдэд уул уурхайг урдаа барьж бусад салбаруудаа зөнд нь орхисон. Үүнийг уул уурхайгаас бусад салбарын уналт бэлхнээ нотолно.

Гэвч дотоодын ажиллах хүчний дөрвөн хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Харин дийлэнхийг нь аж үйлдвэрийн салбар амьдралтай нь залгуулж буй. Түүнчлэн хамгийн эрсдэл өндөр, савалгаатай салбар. Жишээгээр нотолъё. Одоогоос арав гаруй жилийн өмнө улсын төсвийг зэсийн орлого бүрдүүлдэг байсан. Тэр үед зэсийн үнэ 2000 ам.долларын ханштайгаар, олон жил тогтвортой байсан. Гэвч дэлхийн зах зээлд гол тоглогч Чилийн зэсийн уурхайд ажил хаялт болж, Хятадын эдийн засаг огцом өссөн зэргээс шалтгаалан дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом өссөн. Тухайн үед 2000 ам.доллар байсан зэсийн үнэ 8000 ам.доллар хүрсэн. Тэгснээр нэг талаас манай улсын төсвийн орлого өсч, эерэгээр нөлөөлсөн. 400 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байснаа хоёр их наяд болсон юм. Нөгөө талаас төсвийн орлого өссөнөөс үүдэн халамжийн бодлого хавтайрч эхэлсэн байдаг. Үүнийг дагаад инфляц тэнгэрт хадсан. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт хийгээд валют орж ирээд байгаа хэрнээ, хэрэглээний үнэ нэмэгдээд байсан. Энэ нь буцаад иргэдэд дарамт болсон. Магадгүй тэр үед хэрэглээний үнийн өсөлтийг дагаад уул уурхайн салбарын ажилчдын цалин нэмэгдсэн хэдий ч бусад салбарт ажиллагсдад хүндрэлтэй хэвээр байдаг.

Уул уурхайд хэт төвлөрөхөөр бусад салбарын өрсөлдөх чадвар буурдаг

Энэ талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Л.Амар “Уул уурхайн салбарынхан дэлхийн зах зээлийн өсөлт, ам.долларын ханшинд автахгүйгээр оршин тогтноод байдаг. Өсөх үед нь орлого нь нэмэгдээд, бусад үед нь хүндрэлтэй байдалд орохгүйгээр. Гэтэл уул уурхайгаас бусад салбар тэр орлогоос хүртдэггүй. Засгийн газраас мөнгө нийлүүлээд инфляц хөөрөгдөөд явчихаар өрсөлдөх чадваргүй болдог. Тэгэхээр валютын ханшны үнийг тогтвортой барих шаардлага Төв банкинд байхгүй. 2008 оны сүүлчээр төгрөгийн бодит ханш маш их чангарсан. Төгрөг чангараад байгаа учраас өрсөлдөх чадвараа алдаад байсан. Уул уурхайгаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хүндрэлтэй асуудал тулгарсан. Улс орнууд их орлого олохоороо түүнийгээ зарцуулах нь тодорхой. Тэр чинээгээрээ нийгмийн халамж хавтгайрдаг. Орлого их байгаа учир түүнийг зарцуулахад хяналтгүй болдог. Их мөнгөтэй учраас барилгын хөрөнгө оруулалт нэмэгддэг. Хөдөлмөрийн зах зээлд ч өөрчлөлт орно. Тухайлбал, уул уурхайгаас аливаа улс ашиг олж эдийн засгаа дэмждэг байлаа гэхэд ажиллах хүч нь мэдээж тэр ашиг өндөртэй салбартаа ордог. Тэгээд бусад салбарын өрсөлдөх чадвар буурна. Тэгээд валютын ханш чангарахаар экспортлох үнэ бусад оронтой харьцуулахад илүү болно. Дунд хугацааны энэ сөрөг үр дагавар нь урт хугацаандаа хүндэрдэг. Маш энгийн гинжин холбоо шүү дээ. Аливаа улсууд уул уурхайн салбарын орлогоо төсвөөсөө ангид байлгаж, тусгай сангуудад төвлөрүүлдэг. Норвеги гэхэд газрын тосны орлогынхоо дөрвөн хувийг төсөвтөө, бусдыг нь тусгай санд байршуулдаг” гэлээ.

Нэгэн үе манай улстай ижил замналаар явсан Голландын жишээг дэлхий нийтээрээ мэднэ. Тус улс нь 1959 онд газрын тосны хэд хэдэн үйлдвэртэй болсоноос хойш 20 гаруй жил тус салбараас төсвөө бүрдүүлсэн байдаг. Ингэснээр валютын ханш өсч, эдийн засаг нь хямралд орсон. Үүнээс үлгэрлэн манай улс  улсын төсвийн гуравны нэгийг уул уурхайгаас төвлөрүүлэх бус харин ч төсвөөс ангид байлгах хэрэгтэй гэдэг дээр эдийн засагчид санал нэгддэг.

+ There are no comments

Add yours