ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа

УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-аас зээл авсныг эсэргүүцсэн залуус нэгдэн цахим орчинд “Бид уучлахгүй” жагсаалыг өрнүүлээд байгаа билээ. Уг жагсаалыг Тайвань улсад сурч буй монгол оюутнууд санаачлан эхлүүлсэн байна.“Бид уучлахгүй” жагсаалын зохион байгуулагчид өнөөдөр ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Энэ талаар “Бид уучлахгүй” цахим жагсаалыг зохион байгуулагч Б.Мягмардорж “УИХ-ын нэр бүхий гишүүд ажил, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид ЖДҮХС-аас зээл авсныг эсэргүүцэн “Бид уучлахгүй” цахим жагсаалыг оюутан залуус өрнүүлсэн. ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд улс төр, ёс зүй, хуулийн хариуцлагыг хүлээх шаардлагатай гэж бид үзэж байна.

Эдгээр хариуцлагыг хүлээх хүртэл бид жагсаалаа хийсээр байх болно. Бидний ард ямар нэгэн улс төрийн нам хүчин байхгүй. Өнөөдөр эрхийнхээ хүрээнд УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль зөрчсөн эсэхээр дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн гишүүнийг эргүүлэн татах боломжтой эсэхийг тогтоолгоно. Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэхгүй тохиолдолд бид холбогдох газруудад хандаж дараагийн арга хэмжээг авах болно” гэлээ.

Тэрбээр өнөөдөр мөн уг асуудлаар УИХ-ын Ёс зүйн хороонд өргөдлөө өгөх аж.

+ There are no comments

Add yours