Цайдам талын тариаланч А.Цэцэгдарь

Тэр их хөөрхөн инээдэг. Хацар нь хонхойж ирээд л нүүр дүүрэн чин сэтгэлээсээ инээмсэглэдэг… Түүний хувьд хавсарга шуургатай ч бай хамаагүй хагалсан талбайдаа алхах хамгийн сайхан. Мөн бороо орох бүүр сайхан… гэсэн. Харин хамгийн хэцүү үеийг ургацгүй жилийн талбайд алхахаар хоолой зангираад, нулимс гарахгүй атлаа бөглөрөөд байдаг… хэмээх. Тариаланч аавын охин А.Цэцэгдарь 26-хан настай ч дөрвөн жилийг хэр баргийн эрчүүд ч халширч хүлээж авдаг тариалангийн талбайтай холбож яваа нэгэн. Архаг тариаланч ааваа тэнгэрт одсоны дараа ажлыг нь үргэлжлүүлнэ ээ хэмээн итгэл дүүрэн зүтгэж, агрономич  ээжийнхээ, эмч эгчийнхээ сэтгэлийг багагүй “зовоож” буй түүнийг том эгч нь Япон улсад ажиллаж амьдруулахаар уруу татсан ч бүтэлтэй юм болоогүй гэдэг.


Учир нь тэр тариалангийн талбайгаа санаж, бүүр зүүдлэн “угаасаа л би тариаланч болно” хэмээн итгээд зүтгэчихэж. Тиймээс алс холын арлын орныг орхин нутгаа зорин ирж, Угтаалцайдамын хөндийдөө, Ёл хадны өмнөх хагалсан талбайдаа, ээжийнхээ, эгчийнхээ хоригийг ч тоохгүйгээр хүрээд ирж… А.Цэцэгдарь, “тариаланч болсон эхний жил ургац сайн байсан, урам ч их орсон.

Аавын минь хөдөлмөр, үлдээсэн буян нь нөлөөлсөн байх. Тиймээс тариаланч аавын охин ямар байдгийг харуулна аа гээд их хичээсэн. Намар ургацаа хурааж байхдаа, дараа жилийн тариалалтаа бодоод л төлөвлөөд л… сайхан байсан. Дараа жил нь өмнөх жилээ гүйцээгүй ч бас ч гэж хөдөлмөрлөж гүрийсэний хүч, бага ч болов хур бороотой байсан учир алдагдалтай боловч ургац авсаан…

Харин гурав дахь жилээ буюу өнгөрсөн жил ганц ч центр тариагүй буусан… уйлмаар байсан ч хойтон жил байгаам чинь, би хаана алдав аа, гэж өөрийн эрхгүй бодож байлаа… Ээж маань, “одоо болно. Хамгийн хэцүү, хамаг хөрөнгөө шавхаад хоосон хоцордог тариалан бидний хийх ажил биш. Аавыг чинь тариаланч байхад ч бид хатуу хөтүү олон зүйлийг туулсан. Одоо миний охин бас л тууллаа. Зүгээр л чаддаг юм аа хийгээд, тайван амьдарцгаая” хэмээн хэлж байсан. Хамгийн гол нь манай Угтаалцайдамын хөндийд өнгөрсөн жил 8 дугаар сарын 3-нд анхны бороо орсон.

 8 сард анхны бороо орж байгаа нутгаас ямар тариалан хураах билээ дээ… тиймээс шатсан ч дүүрч, ирэх жил дахиад тариална гэж зүтгэсэн. Ээж маань, эмч эгч маань “болио, манай гэр бүл газар тариаланг мэдэхийн дээдээр мэднэ. Хамгаа гөвж зүтгэдэг үе өнгөрсөн. Аав чинь ч алга. Чамд энэ салбар дэндүү ахдаж байна, зүгээр л чадах зүйлээ хийгээд тайван амьдраад өг… гэсэн хатуу тулгалт хийж байсан ч би эвлэрч чадаагүй. Тиймээс энэ жил гэрийнхэнтэйгээ зөрөөд л талбай дээрээ гараад ирсэн. Талбай дээрээ алхаад л, хагалсан талбайгаа эргээд, буудайныхаа үрийг цацаад л алхаж байх шиг сайхан зүйл хаана байна…” хэмээж их хорьж байсан ч намайг дийлээгүй ээ гэсээр сэтгэл дүүрэн инээмсэглэх А.Цэцэгдарь их даруухан, сайхан охин байлаа.


Биднийг ярилцах зуур талбай хагалж байгаа техникийн шороо ёстой нэг хайр найргүй булж байсан ч А.Цэцэгдарь маань тоож байгаа царай алга, харин би л техникийн тоосонд булагдаж, бүхий биеэр нэвтэрч байна уу хэмээн булах улаан, шар шороонд багтарч уначих гээд баларч байлаа… А.Цэцэгдарь, “тариаланчид элэгсэг, дотно харилцаатай байдаг. Нэг гэрийнхэн л гэсэн үг. Хэнд хаана ямар техник байна, дутагдаж байгаа нэгэндээ шууд л авчраад л өгнө. Үүнд, шөнө өдөр гэсэн ялгаа байхгүй, угаасаа тариалан эхлэхээр тариаланчид шөнө орой гэсэн цаг байхгүй болчихдог юм. Зовлон жаргалаа бүрэн мэдэх хүмүүс болохоор хэнд ямар техник дутаж байна тэрэндээ туслах гээд л зүтгэнэ. Миний хувьд 300 га газар буудай тариалж байгаа. Хүмүүс рапс тариалдаг. Харин би рапс тариалахгүй ээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамрагдаж буудай тариалж байгаа. Рапсыг тариалбал намар бэлэн мөнгөөр худалдаалдаг ч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамрагдах боломжгүй байдаг. Тиймээс над шиг тариаланчид бол рапс тариалах гэж зүтгэдэггүй юм” хэмээн цайлганаар өгүүлээд инээмсэглэсэн.


Байнгад инээмсэглэх тэрбээр тариаланчдын хувьд хамгийн залуу, бас бие дааж тариалж байгаа цор ганц эмэгтэй тариаланч. Амьдралаа тариаланд зориулж зүтгэж байсан аав нь 2014 онд элэгний өвчнөөр өөд болоход дөрвөн охинтойгоо торойж үлдсэн ээж нь дунд охиноо аавынхаа хөдөлмөрийг үргэлжлүүлэхээр зүтгэнэ гэж зүүдлээ ч үгүй гэсэн. Учир нь манай нийтлэлийн баатар маань гоо сайханч мэргэжилтэй 22-хон настай жаахан охин байв. Гэтэл хавар болж тариаланчид, ногоочид ид хөдөлгөөнд орох үеэр хашаандаа хөглөрөх техникүүдээ засварлаж, хаврын тариалалтад гарна аа, аав маань баярлах болно хэмээн хатуу хэлсэн жаахан охиноо хэчнээн хориод дийлээгүй ээжид хааяа нэг ирж, хуруу, хошуу нэмээд буцахаас өөр сонголт үлдээгүй гэнэ. Учир нь А.Цэцэгдарийн ээж агрономич мэргэжилтэй, нутагтаа нэртэй ногоочин. Дулааны улиралд гэрийн бараа ховор хардаг энэ гэр бүлийнхэн монгол хөрсний шимийг хүртэж, шүтэж амьдардаг аж.


Сэтгүүлч, -Ингэхэд чамаас өөр тариаланч залуу охид байдаг уу?
Цэцэгдарь,-Байгаа. Гэхдээ цөөхөн дөө.
Сэтгүүлч,-Тариаланч хүн алдаа, оноогоо 100 хувь үүрдэг, хатуу салбар. Залуухан эмэгтэйчүүд энэ салбарт ажиллахад маш их тэвчээр, сэтгэлийн хаттай байж амжилт гаргадаг байх?
Цэцэгдарь,-Тийм шүү. Алдвал цөм шатна, ганц центр ч үгүй талбайгаас буух хамгийн хэцүү… Эмэгтэйчүүдийн хувьд хатуу, тэвчээр шаарддаг салбар мөн. Гэхдээ тариаландаа, талбайдаа дурласан хүнд бол ямар сайхан гээч… Миний хувьд өмнө нь аавтайгаа хамт ажилласан учир арай бага хариуцлага үүрч байсан. Зөвлөлдөнө, мэдэхгүйгээ асууна, алдаа гаргахаас өмнө, амжиж засна… Харин одоо бол 100 хувь толгой даана… Мэдээж сайхан хамт олон болсон тариаланчид байна. Хэрэгтэй үед цааргалахгүй тусалдаг, олон жилийн туршлагатай, хөдөлмөрч тариаланчдаас үг сонсоно, туршлага судална… Гэвч аавыгаа үгүйлэхгүй нэг удаа байхгүй дээ.


Сэтгүүлч, -20 гаруйхан насандаа тариаланч болно гэдэг шийдвэрийг гаргана гэдэг…?
-Цэцэгдарь, -Та над шиг талбай дээр, аавыгаа дагаж өссөн бол миний шийдвэрийг шууд ойлгох байсан байх аа. Бороо орохыг хараад ямар их баярладаг гээч, тариаланчид. Яг тэрэн шигээ ханатал ургасан талбайдаа халиурахыг нь хараад алхах… ямар гоё гэж санана… гэрт орох ч хүсэл төрөхгүй…
Сэтгүүлч, -Түрүүн чи өөр шигээ залуухан бүсгүйчүүд тариаланчаар ажиллаж байгаа гэсэн?
-Цэцэгдарь, -Тиймээ, Тэд аавтайгаа… хамтдаа ажилладаг учир над шиг алдаа оноогоо 100 хувь үүрэхгүйгээрээ давуу талтай… Тариалангийн ажил дурлаж хийдэг ажил. Түүнээс хүссэн хүн бүхэн ажиллахад хүнд… Дурласан хүн бол хүнд, хэцүүг мэдэхгүй ажиллана шүү дээ. Тиймээс ургацгүй жилийн хойтон хавар нь дахиад л талбайгаа хагалах гээд л гарч ирнэ…
Сэтгүүлч, -Энэ том техникүүдийг чи жолоодох уу?
-Цэцэгдарь, Барилгүй яахав, гэхдээ яг одоо бол би талбайдаа техник, жолооч хоёрыг түрээслэсэн байгаа. Талбай бага, ашиггүй ажиллаад байгаа учир техник худалдаж авах хөрөнгө тааруу. Харин азтай, энэ жил Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үрийн будаагаа авсан.
Сэтгүүлч, -Тариаланчид рапс их тариалдаг. Ашигтай байдаг гэж ярилцдаг?
-Цэцэгдарь, -Намар бэлэн мөнгөөр авдаг учир ашигтай. Гэхдээ би рапс тариалахгүй. Буудай тариалах хамгийн гоё. Халиурсан тариан түрийн дунд алхахаар өөрийн эрхгүй инээд алдана шүү дээ…\инээмсэглэв\
Сэтгүүлч,-Чамтай ярилцах сайхан байлаа. Энэ том талбайд ийм залуу охин ингэж ажиллаж байгааг хараад бахархаж байна, өөрийн эрхгүй бахархаж байна…?
-Цэцэгдарь, -Аавтайгаа байхдаа, ямар нэгэн дэмжлэг боддоггүй байлаа. Харин одоо бол намайг дэмжих аав байхгүй учир, бүхнийг маш зөв, нарийн тооцож ажиллах ёстой гэдгийг өөртөө ажилдаа гарахын өмнө болгон сануулдаг. Тийм ч учраас би талбай руугаа, буудай руугаа өөртөө итгэлтэй алхдаг. Бас тэндээс өөртөө хамгийн чухал аз жаргал, сайхан энергийг, эрч хүчийг мэдэрнэ… ингээд алхаж очоод ажиллахаар ядрахаа мэдэхгүй шүү дээ.
Сэтгүүлч,–Цэцэгдарийн хамгийн сайхан үе… хэзээ вэ?
-Цэцэгдарь,-Мэдээж, аавтайгаа тариалдаг байсан жилүүд сайхан. Харин одоо хамгийн сайхан үе ургацтай жилийн намар болсон. Хамгийн сайхан газар хагалсан талбай, хамгийн хэцүү үе ургацгүй жилийн талбайг харах. Энэ үед уйлмаар санагддаг ч би эрхэлж туних ёсгүй, өөртөө хүч өгч зүтгэн, гарц олж ажиллах ёстой хүн гэж өөрийгөө зоригжуулдаг. Аавтай охид шиг биш аавыгаа нөхөж ажиллах ёстой охин шүү гэж өөрийгөө шахаж ажиллана… \инээмсэглэв\
Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн. Учир нь миний явах ёстой машин ирсэн юм. Мөн газар тариалангийн бүс нутгаар сурвалжлага хийхээр явсан сэтгүүлчдийн багт багтаж, олон жилийн дараа орон нутгийн томилолтоор хөдөө явахдаа би тариалангийн талбайд ийм сайхан охинтой, ийм эрч хүчтэй бүсгүйтэй таарна гэж бодоогүй юм. Аливаа юм учиртай, ундаргатай байдгийн адил бороо хүссэн тариалангийн талбайд бодолд унагаасан ийм сайхан эрч хүч, тэр дундаа өөртөө мянган хувь итгэлтэй сайхан охинтой таарсан маань хамгийн сайхан байлаа. Ургах нартай уралдан хотоос гарсан сэтгүүлчдийн баг нар хэвийх алдад бага үдэд Төв аймгийн Угтаалцайдамын хөндийд Ёл хадны өмнөх талбайд давхиж хүрсэнээр сэтгүүлч миний бие энэхүү нийтлэлийнхээ баатартаа тааралдсан юм… ирэх намар эргэж уулзаж их ургацын арвин дээжтэй ярилцлага, сурвалжлага хийнэ ээ…
Сэтүүлч Х.Ган-Ялалт

8Comments

Add yours
  1. 5
    Уншигч

    Ёстой мундаг охин байна. Амжилт хүсье. Жил бүрийн намар арвин ургац хурааж сайхан инээмсэглэлээр дүүрэн яваарай

  2. 6
    suvdaa

    saihan sanagaj bna bi tarialanchiin gergii minii hvvhdvvd bas ingej yvaa mundag ohind amjilt hvsie ih tevcheertei hodolmorch hvmvvs ene salbart ajilldag ym da

+ Leave a Comment