Улаанбаатарыг уяач, улаан намыг бөх удирдах уу

Хаврын салхитай зэрэгцэн дэгдсэн намын даргын буухиаг хариг намын залуус хүчтэй сэвэх болов. Тэдний энэхүү чимээгүй тэмцэл том намын хагарлыг булавч бултайж, даравч дардайж харуулах нь содон гэж… Тун удахгүй МАН-аас Нийслэлийн намын даргаа сонгох сонгууль болно. Мэдээж нийслэлийн намын даргад сонгогдсон этгээд Улаанбаатар хотын дарга болох нь тодорхой. Тиймээс хэний фракциас хэнийг сонгож, ямар фракциудын тулаанд хэн ялсанаар маргаан бужигнаантай намаа төвхнүүлэх ажил хэрхэн төвшрөх бол гэсэн хүлээлт энэ намын төдийгүй эрх баригч намын буулганд амьдарч байгаа жирийн монголчуудын ч анхаарлыг татаж буй нь лавтай.
Намын сонгуультай зэрэгцэн нэр нь хамгийн ихээр яригдсан хоёр Амар буюу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан хоёрын хувьд улс төр сонирхогчдын анхаарлыг өөр зүгт татах гэсэн бяцхан заль болохыг өнгөрсөн хоёр хоногт болсон үйл явдлууд харуулаад байгаа…
Ингэхэд, нийслэлийн намын даргаар хэн сонгогдох бол гэж үү… Одоогийн хотын дарга Су.Батболдтой өрсөлдөж, тэр бүү хэл өвдөг шороодуулан гарч ирэх хэн байгаа бол М АН-д… Нөгөө талаараа монголын улс төрд цаст уулын цагаан барс болоод буй МАН гэх том дээвэртэй, тавцан, шал нь сэмэрсэн нь хэдийнэ ил болоод бужигнаан нь малгайдаа бүү хэл тогоондоо багтахаа байгаад байгаа МАН-ын хувьд эрх барьж байгаа хэдий ч сөрөг хүчнээс багагүй хэмжээнд хараат байгаа нь олонд ил болоод удаж буй талаар улс төрч монголчууд өвөр зуураа шивэр авир гэх…
Тиймээс нийслэлийн намын даргатай зэрэгцэн Сүхбаатарын талбай дээр гарч ирсэн майхантай жагсагчид буюу Үүл даргын заавартай “үндсэрхэг” жагсагчид ч “санамсаргүй” тохиосон учрал биш нь анзаарагдах… Ингэхэд, энэ Улаанбаатарын дарга буюу МАН-ын нийслэлийн намын даргаа хэн сонгогдох бол, өө нээрээ сонгогдохоос өмнө өрсөлдөгчид тодрох ёстой…
Ханцуйндаа манцуйлах шахам нууж байгаа тэр өрсөлдөгчид хэн бэ… хэний франкийнхан бол… Одоогийн хотын даргатай өрсөлдөх, нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчид энэ удаа Сонгинохайрхан дүүргээс “тодорч” байгаа бололтой.
Нийслэлийн хамгийн том гэр хороолллын бүстэй хоёр дүүргийн нэг Сонгинохайрхан час улаан дүүрэг. Тийм ч учраас Н.Учрал, Д.Сумьяабазар, Х.Нямбаатар гэсэн гурван гишүүнтэй гэж байгаа. Харин энэ гурван гишүүний хоёр нь буюу Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нар энэ удаагийн Нийслэлийн намын даргад Су.Батболд буюу хотын фракцийнхантай өрсөлдөх гэнэ. Их хурлын гишүүдэд хотын даргын албан тушаал “хэрэгтэй” эсэхийг мэдэхгүй юм. Харин ирээдүй харж байгаа том амбицтай залуучуудад хотын намын даргын албан тушаал “маш их” хэрэгтэй нь ойлгомжтой.
Тиймээс энэ удаагийн нийслэлийн намын даргад нэр дэвшигчдийн тулаан намд үргэлжилж, хотод өнжих болов уу гэсэн найдлага уяач, унаач Су.Батболдод тулгарч байх шиг…
Ингэхэд хотын дарга хэвээрээ үлдэж хотын намын дарга их хурлын гишүүн эрхэм болох хөзөр шидсэн МАН-ны тэмцээн цаашид аймгийн дарга нарыг халах солих, алдаа гаргасан нөхдийг чөлөөлөх асуудлаар нэлээд хурц явагдах яриа дэгдэж буй… хаврын салхитай хамтдаа дэгдэх тэрхүү салхины чимээг эрхэм уншигчид та бүхэндээ цаг тухай бүрт нь эргэж мэдээлж байх болно оо…
Сэтгүүлч Н.Харанга

+ There are no comments

Add yours