40 тонны чингэлэг унагааж, таван хүн гэмтээсэн хэргийг шийдвэрлэжээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа.

ХУД, СХД, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХМОНХМ Ж.Энхбаяр  “Гаалийн 36 байцаагч нарт холбогдох хэргийг 2017 онд шийдвэрлэсэн. Энэ хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр ороод хэвээр батлагдсан.

Одоогоор Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ажлын албанд гомдол гаргасан байгаа. СХД, Баянхошуунд 2017 оны долоодугаар сард 40 тонны чингэлэг автомашин дээр унаж олон хүн гэмтсэн хэргийг 2018 оны нэгдүгээр сарын 09-нд шийдвэрлэсэн.

Хэргийг үйлдэгч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн.

Түүнчлэн насанд хүрээгүй гурван хохирогч, бусад авто тээврийн хэрэгсэлд гарсан хохирол болох нийт 19 сая төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан болохыг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй гэдгээр шийдвэрлэсэн байгаа. Одоогоор олны анхаарал татсан өөр хэрэг бүртгэгдээгүй байна” гэв.

СХД нийт 315 мянган хүн амтай. Хүн амын тооноос хамаараад гэмт хэрэг үйлдэх байдал өндөр байдаг гэдгийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг хэлж байлаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 461 эрүүгийн хэрэг хүлээж авсан. Үүнээс 64 хэргийг прокурорт буцааж 341 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

2017 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар тус шүүх нь хүнийг алах гэмт хэрэг 25, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 18, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 35, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 12, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих 39, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 175 гэмт хэрэг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 13 үйлдэгдсэнээс 14 хүртэлх насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нь 7, 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг нэгийг хүлээж авсан дүн мэдээтэй байна.

СХД-ийн хувьд хүнийг алах, хүчиндэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours