Thursday, March 28 2024

‘Шилэн Цогоо’ төмөр замаас машин унаж, бензин тосоор хангуулдаг нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн удирдлагуудтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ээс машин гаргуулж унадаг, бензин тосоор хангуулдаг байсныг АТГ-аас тогтоосон тухай АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэв. Түүний хэлснээр, энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэв.

Харин энэ асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлээс утсаар тодруулахад “Би УБТЗ ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ-ийн орлогч дарга. Монголын талыг хариуцсан орлогч даргын хувьд албан хэрэгцээндээ тус байгууллагаас машин гаргуулж унадаг. Зам, тээврийн дэд сайд нар энэ газраас машинаа гаргуулдаг байсан. Энэ жишгийн дагуу л явж байгаа. Гэхдээ би Засгийн газрын баазаас тусгайлан машин гаргуулаагүй, давхардуулж болохгүй. Машины шаардлага гарсан үед УБТЗ-аас дууддаг. Жийп, жижиг тэрэг гээд өөр өөр машин ирдэг. Г.Баасанг С.Эрдэнийг ХАХНХ-ын сайд байхад сар бүр авдаг есөн сая төгрөгөө тайлагна гэж өмнө шүүмжилж байсан юм. Тэрэнд л өс санаж явдаг юм байлгүй, тэгээд АН-ын захиалгаар улс төр хийлээ. Би Г.Баасан шиг төрийн бус байгууллагын ажил хийгээгүй, төрийн ажил гүйцэтгэж байна.” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилжээ. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргын албан тушаалыг эрхэлдэг. Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригтыг Худалдан авах ажиллагааны албаны даргаар, хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэгийг Хөдөлмөр харилцааны албаны даргаар томилон ажиллуулж байжээ.

Хууль бус дээрх томилгоог цуцлах шаардлагыг  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн УБТЗ ХНН-д хүргүүлжээ. Ингээд УБТЗ ХНН-ээс шаардлагыг нь биелүүлж, аравдугаар сарын 2-ны өдөр дээрх хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдсэн аж. Үүний дараа АТГ-ын хяналт шалгалтын төлөөлөл болон Олон нийтийн зөвлөлийн гишүүд УБТЗ ХНН-д очиж ажиллахад зөрчилтэй дарга нараа ажлаас нь халалгүй харин орлогч болгон албан тушаалыг нь бууруулан ажиллуулж байсан нь илэрчээ. Үүнээс гадна УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд ирсэн аж. Энэ тухай Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн ‘УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая ам.доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ ХНН-д ОХУ-ын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан’ гэдгээ мэдэгдэв.

+ There are no comments

Add yours

You May Also Like: