Tuesday, October 8 2024

Д.Дуламсүрэн: Үр ашиггүй зардлыг танаад багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж байна

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-г дэмжиж байгаагаа илэрхийлж, төр засагтаа үгээ хэлэхээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн “Монгол Улс боловсролыг тэргүүлэх салбар гэж тунхаглан зарладаг боловч тэнд ажиллаж байгаа багш, ажилчдын нийгмийн асуудал өнөөдөр тартагтаа тулчхаад байна.

 Өнөөдөр Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн доод хэмжээнд байгаа. Хоёр жил ажилласан багш 384,000 төгрөг гар дээрээ авч байна. 31 жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй багш өнөөдөр 581,000 төгрөгийн л цалин авч байна.

Манай холбооноос энэ талаар олон судалгаа хийсэн. Үүнээс үзэхэд багш нарын цалинг нэмэх боломж төрд бий. 

Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлж, боловсрол олгож байгаа багш нартаа төр тодорхой хэмжээний мөнгө зарцуулах ёстой гэж манай холбооноос шаардаж, хүсэж байна.

Монгол Улсын эдийн засаг өнөөдөр хүнд байгааг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ, Монголын төрд зарцуулагдаж байгаа төсвийн зардлын тайлан, статистик мэдээнүүдээс үзэхэд Монголд үр ашиггүй, төр тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлууд маш их байна. 

Тухайлбал, 2017 оны төсвийн задаргаанаас үзэхэд Засгийн газар, УИХ-ын нэг удаагийн шийдвэрээр гаргадаг 900 гаруй тэрбум төгрөгийг зарцуулчихсан байх юм. Үүний 30 хувийг л багш нарын цалинд зарцуулахад багш нарын цалинг 30-40 хувь нэмэгдүүлэх боломж байна.

Мөн багш нарын цалинг ямар эх үүсвэрээр хаанаас танаж болох вэ гэдэг дээр бид судалгаа хийж байгаа. Тухайлбал, Шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан зардал 25 тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 199 тэрбум, барилгын засварт 73 тэрбум төгрөг байна.

Энэ бүхнээс үзэхэд, зөвхөн төсвийн тодотголоор багш нарын цалинд гаргаж өгч болох 300 тэрбум төгрөг байгаа юм. Төр тэвчээд эхний ээлжинд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх боломж байна.

Бид багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороотой хамтран ажиллаж байгаа. Өчигдөр тус хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОУВС-ийн суурин төлөөлөгчийн газарт багш нарын цалинг 50 хувь нэмэх шаардлагыг тавьсан байгаа. Энэ шаардлагыг манай эцэг эхчүүдийн холбоо дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна” гэв.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: