Мөнгөний боол

Миний нэг танил залуу АНУ д их л удаан ганцаараа ажилласан юм. Нэг л ѳдѳр шийдвэр гаргаад Монгол руугаа буцсан түүнийг Монголдоо очоод хорт хавдрын улмаас нас нѳгцсѳн гэж сонссон. Яагаад ч юм бэ надад их л харамсалтай санагдсан сан. Түүний ингэж ажиллаж олсон мѳнгийг албатай юм шиг шилжүүлгээр авдаг байсан хүмүүс харамсаа болов уу? Эсвэл үзэн ядаа юм болов уу? гэдгийг би мэдээгүй л дээ.
…Миний танил нэг залуу АНУ д бараг 20 гаруй жил цэвэрлэгээний ажил хийсэн. Хэдийгээр тэр АНУ д албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй ч ѳѳр хотуудаар бараг аялж үзээгүй, аялахыг ч хүсдэггүй, олсон мѳнгѳѳ хураагаад л, тоолоод л, хэн нэгэнд зарцуулаад л… Ѳдѳр нь унтаад л шѳнѳжингѳѳ ажиллаад л …Тэгж олсон мѳнгийг нь татвар маягаар Монголдоо байнга авдаг тэр хүмүүс энэ хүний зовлонг ойлгодог, эс ойлгодог нь эргэлзээтэй.
…Миний нэг танил 6 ѳдѳр “махийтлаа” ажиллачихаад амралтын нэг ѳдрѳѳ жаал пиво аваад л гэртээ ууна. Юу ч бодохгүй, юу ч бодохыг хүсэх ч үгүй түүний хацар даган урсах хѳлсийг хэн ч арчихгүй. Ядарсандаа гомдсондоо, архинд халамцсандаа шанааг нь даган урсах нулимсаа гараараа хааяа нэг ѳѳрийн гараараа шудрах авч хэнд гомдлохгүй. “Энэ бүхэн эцэс болж жаргана” гэдэгт тэрээр огт итгэдэггүй, гэхдээ оногдсон тавилангийнхээ ѳмнѳ харин ч сѳхѳрдѳггүй.
“Модны мѳчир дээрээс унасан долларыг газраас түүн авч хураадаггүй” Америк оронд дусалсан хѳлс, урссан нулимсынхаа тѳлѳѳсѳнд зовж яваа олон монголчууд бий. Тэд ,та нарт тоочдоггүй болохоос үүрийн тэмдэгрэх гэгээнээс үдшийн гялаан тодрох хүртэл хугацаанд борви бохисхийлгүй ажиллаж, эрхэмсэгээс дорой хүртэлх хүмүүсийг царай алдан инээмсэглэж, хичнээн ядарч байвч хүчээр л хѳл дээрээ тогтон байж ажилладаг юм. Үүний тѳлѳѳ авсан хѳлс нь ѳѳрийн мѳн чанараа, газар нутгаа худалдан байж олдог мѳнгѳнѳѳс л үнэ цэнэтэй болоод тэр тэд нүүр бардам инээдэг юм. Тэд 6 ѳдѳр сунаж унатлаа ажиллаад олдсон нэг ѳдрѳѳ тэнхэл авах гэж ѳдѳржингѳѳ унтана. Харин дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг хурдаа огт ѳѳрчлѳхгүй.
Хүмүүс их мѳнгѳ олохын тулд бүхнээ умартан ажиллана. Ингэж ажиллаад олсон мѳнгѳѳ хурууныхаа ѳндгѳѳр тэмтрэн тоолохдоо учиргүй баярлана. Урсах ѳдрүүд, дуслах хѳлсүүд, мѳнгѳ нэхсэн шаналлаас үүдэлтэй зовлон энэ л үед юу ч биш. Инээмсэглэнэ, дараа нь инээнэ. Бид ѳлссѳндѳѳ гадил жимс олоод бархирч буй сармагчингаас огт ялгаагүй. Тэд модноос модонд дүүлдэг бол бид тѳлбрѳѳс тѳлбрийн хооронд савчиж амьдарна. Бид толгойдоо цалингийнхаа хэмжээг нэмж бас хасна. Ѳѳрийнхѳѳ тухай огт бодохгүй. Бааранд савчин бүжиглэж буй мангар бацаан, буудалд биеэ үнэлэн тааз ширтэн үүнийхээ тѳлѳѳ авах мѳнгѳѳ тоолон буй янхануудын тѳлѳѳ урссан хѳлснийтоогоор доллар авч бүй тэд энэ тухай мэдэхийг ч хүсдэггүй, мэдээд ч тэдэнд хэрэг нь үгүй. Энэ амьдрал тэднийг мѳнгѳний боол болгож байна.


“Их мѳнгѳ олж нэгэн цагт жаргана даа” гэдэг гэнэхэн мѳрѳѳдѳл цаг хугацааны тасралтгүй урсгал дунд аажим аажмаар живж одно. Мѳнгѳ олохын тѳлѳѳх хѳдѳлмѳр, хэн нэгний хэрэгцээг хангах гэсэн адбиш мѳрѳѳдѳл энэ л урсгал дунд живж одно. Нэг л мэдэх дор нүүр дүүрэн үрчлээ, нулимс цийлэгнэсэн гунигтай харц, нулимсанд холцруултсан хацар… Хичнээн ихээр гуниглавч эргэж ирэхгүй жаргал, хичнээн ихээр сѳрѳвч барж үл чадах зовлонгийн ѳмнѳ аргаа баран сѳхѳрдѳг. Харин цаг хугацаа жирэлзэн урсах голын мяралзаан, хѳгжилтэй еэ эгшиглэх шувуудын ганганаа, илчин дунд нь дулаацах, даарахын сѳргѳлдѳѳнд ѳнгѳрѳх нарны илч мэт хурдан ѳнгѳрах аж. Бусдын ѳмнѳ аальгүйтэн инээх цовоо дуун нэгэн цагт сѳѳнгѳтѳж, бусдын харцыг булаан ширвээтэх гоо үзэсгэлэн аажим аажмаар үрчлээтэж, бусдын сэтгэлийг татаж асан омог бардам зан цаг цагийн аясаар мохон учирлах цаг дор бид цаг хугацааны боол гэдгээ мэдэрдэг.
Би юу гэж боддог гээч! Чи зүгээр л ѳѳрийнхѳѳ зоргоороо амьдар. Хэн нэгнийг хайрлаж чадвал ѳѳрийн болгож ав, эс чадвал зай барьж холдоод хэн нэгэн түүнийг чин сэтгэлээсээ хайрлах боломж олго. Чи ѳѳрийн хийж чадах зүйлээ барьж аваад бусдаас илүү сайн хийхийг хичээ, эс чадвал ѳѳрѳѳсѳѳ илүү хийж чадах нэгэнд боломж олго, чадсан түүнд таларх. Чи амьдралд тохиолдсон элдэв асуудлынхаа талаарх шийдвэрийг ѳѳрѳѳ л гарга. Шийдвэр тань зѳв сайн бол ѳѳртѳѳ таларх, шийдвэр тань буруу муу бол бусдад гомдолохгүйгээр ѳѳрѳѳ лайгаа үүр, ѳѳрѳѳ шийтгэлээ амс. Хийх гэж буй ажлынхаа талаар бусдад хэзээ ч 100 % бүү найд, зѳвхѳн ѳѳртѳѳ л найд. Хэнд ч лаахайдахгүйгээр ѳѳрийн чадах зүйлээ ѳѳрѳѳ л хий, бусдаар хийлгэх бол тэдэнд итгэ, тэднийг аргад. Үр дүн нь хамгийн чухал юм шүү дээ. Боломж олдвол бусдад туслаад л мартаж орхи, тусалж чадахгүй бол саймширч худлаа бүү амла. Бусдын чамд тусалсан тусыг бүү март, боломж олдвол ачийг хариулахыг хичээ, боломж олдохгүй бол юу ч амлахгүйгээр мэнд устай яв.
Хэрвээ та анзаараад ажих ахул, энэ амьдрал их л энгийн, яг л юу ч болоогүй мэт алгуурхан урсдаг гол мѳрѳн мэт. Урсгалдаа бүхнийг хаман урсах мѳртлѳѳ амар амгалан, намуухан. Бид л ѳѳрсдѳѳ эдийн шунал, мунхаг тачаалаасаа болж ѳѳрсдѳѳ л зовлон болгон хувиргадаг. Голын урсгал руу элдэв хог хаягдлаа хаяж, бохир заваан бүхнээ гол руу урсгаж дараа нь халаглан гашууддагтай адил. Цаг хугацаа хийгээд мѳнгѳний боол болж амьдрах нч бидний хандлагаас л шалтгаалдаг. Ѳѳрѳѳ шударгаар хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳѳ ѳѳрийн баяр баясгалан сэтгэлийн таашаалдаа зарцуулах хэрэгтэй байнаа. Сайхан аял, сайхан баярла, найзуудтайгаа суу, зүгээр л инээлд. Ѳѳртѳѳ таалагдсан бүхнээ хий. Ѳѳрийгѳѳ болон хайртай хүмүүсээ баярлуул. Зүгээр гоё, шоолсон хүмүүсийн ѳѳдѳѳс инээ. Заримдаа гунигаа тайлтал бужиглэ, чамайг шохоорсхон хэн нэгний ѳѳдѳѳс зүгээр л аалигүйтэн инээ, тэр ёс суртахууныг нулимж орхи. Машинаа асаагаад хѳгжмѳѳ чангалаад хар хурдаараа давхи, салхинд үсээ хийсгэ, чанга чангаар инээн хашгир.
Чи бид энэ ертѳнцѳд ирээд л буцна. Ѳдѳржин шѳнѳжин ажиллаж олсон мѳнгѳѳ үүрэг мэт хэн нэгэнд зарцуулахад тэр нѳхѳр ѳѳрѳѳ зовж олоогүй болохоор үрээд л дуусгана, салхинд хийсэх мэт. Ѳѳрѳѳсѳѳ харамлаж цуглуулсан мѳнгийг тань ѳрѳѳл нэгэн таны ѳмнѳѳс үрж цацаад л дуусгана, авлагатай мэт. Хэнд тусалж, хэнийг хорлож буйгаа бид мэддэггүй. Амьсгаа хурааж авсанд ороход тань харамсаж гашуудах хэрнээ үргэлжлэх амьдралын зааг дээр ѳѳрийн тань ѳмнѳѳс хэн ч юу ч хийхгүй. Гашуун мѳртлѳѳ үнэн нь энэ. Амьдралд цаг хугацааны болоод мѳнгѳний боол болж бүү амьдар даа анд минь, ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ л амьдар. Ухаантай хийгээд утгатай амьдрах нь ѳѳр хэнээс ч бус ѳѳрѳѳс тань шалтгаалдаг. Ѳргѳн уудам энэ орчлонд ѳѳрийнхѳѳрѳѳ зорилготой амьдарна гэдэг ѳѳр хэний ч бус ѳѳрийн тань сонголт. Яг анзаараад харах ахул энэ амьдрал их энгийн юм шүү дээ. Хүвь заяаныхаа эзэн нь та ѳѳрѳѳ, ѳѳр хэн ч биш. Цаг хугацаа болон мѳнгѳнийхээ эзэн нь бай. Тэгээд л гүйцээ.

copy from галбадрах

+ There are no comments

Add yours