Thursday, October 3 2024

Ц.Бямбасүрэн: Уулнаас ухаж авчирсан тарьц, суулгацын худалдааг журамласан

-Стандартын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа маргааш нээлтээ хийнэ-

Монгол Улсын Төрийн тэргүүн зарлиг гаргаж жилдээ ганц удаа биш, хавар, намар бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ намрын  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ долоо хоногийн бямба гариг буюу аравдугаар сарын 14-нд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Мод тарих иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах асуудал их чухал. Энэ талаар ямар ажил зохион байгуулах вэ?

-Өмнөх жилүүдэд хэн дуртай нь, мод ургуулж байгаа хүн болгон шахам үзэсгэлэн худалдаагаар тарьц, суулгацаа худалддаг байсан. Өнгөрсөн хавраас үзэсгэлэн худалдаанд борлуулж буй тарьц суулгацанд хяналт тавьж эхэлсэн. Уулнаас ухаж авчирсан, эсвэл импортын, хууль бусаар оруулж ирсэн тарьц, суулгац худалддагийг журамлаж байгаа.  Иргэдийн хувьд энэ сарын 10-11-нд буюу маргааш, нөгөөдөр  МҮЭСТО-д зохион байгуулах үзэсгэлэн худалдаанаас стандартын тарьц, суулгац худалдан авч болно. Үзэсгэлэнгийн үеэр мэргэжилтнүүд мод тарьж, арчлах талаар зөвлөгөө мэдээллээр хангана.

-Иргэд мод тарихаар суулгац авдаг. Харин хаана тарих вэ гэдгээ мэддэггүй. Үүнийг хэн зааж өгөх ёстой вэ?

-Ойн тухай хуульд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар иргэний мод тарих талбайг сонгон өгч, тарьсан модны арчлалтыг зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу иргэд амьдран сууж буй хороондоо хандах учиртай. БОАЖ-ын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний албан даалгаварт аймаг, нийслэлийн хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мод тарих газрыг суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төвлөрсөн байршилд, тодорхой зураг төслийн дагуу зохион байгуулна гэж бичсэн. Энэ албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамнаас зураг төслийн загвар хувилбаруудыг бий болгож “Хэрэв та нарын мод тарихаар сонгосон талбай чинь нэг га орчим бол энэ хувилбаруудаас ашиглаарай” гэж санал болгож байгаа. Энэ зураг төслийг яамнаас дүүрэг, хороодод хүргүүлсэн. Тэгэхээр иргэд хаана мод тарихаа сум дүүрэг, баг хорооныхоо Засаг даргаас асуух хэрэгтэй.  Арчилгааг үр дүнтэй байлгахын тулд хашаа хамгаалалттай газар байрлалаа зөв сонгох ёстой. Жишээлбэл, нийслэл аймгийн төвүүдэд гэхчлэн суурьшлын бүс хамгийн тохиромжтой. Эмнэлэг сургууль цэцэрлэгийн хашаа илүү тохиромжтой.Яагаад гэхээр эдгээр газруудад иргэд идэвхтэй амьдралыг өрнүүлж байдаг учраас хяналт тавих боломжтой гэсэн үг.

-Иргэдийн тарьсан модыг хэн арчлах ёстой вэ. Иргэд үү, дүүрэг хороо нь уу?

-Иргэдийн тарьсан модны арчлалт хамгаалалтын ажлыг жилийн турш тухайн сум, дүүргийн засаг захиргааны байгууллага мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ хүн ам ихээр суурьшсан нийслэлийн хувьд Ботаникийн цэцэрлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тасганы овоо гэхчлэн байнгын арчилгаатай, харуул хамгаалалттай газруудад иргэдээр мод тариулах нь зөв.

-Сайн дураараа мод тарих гэж байгаа иргэдэд хандаж мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?

-Монгол орны уур амьсгалтай уялдуулаад ногоон байгууламжийн төлөвлөлт маш сонирхолтой байдаг. Тэгэхээр анхан шатны сургалтаар жижиг мод, монос гэхчлэн тарихаар таван жилийн дараа ямар хэмжээтэй болсон байх вэ гэдгээ төсөөлж төлөвлөөд модоо тарих ёстой. Жишээлбэл, орон сууцад амьдардаг айл цонхныхоо доор улиас мод тарьчихаад тун удахгүй таван жилийн дараа хоёр гурван айлын цонхыг хааж ургах жишээтэй. Энэ нь буруу төлөвлөлт. Мөн цонхныхоо доор ялаа, шумуул, хортон шавж цуглуулдаг үнэртэй жимсний мод тарьчихвал хэцүү. Нөгөө талаас хүүхдийн тоглодог тоглоомын талбайд өргөстэй мод таривал энэ нь бас буруу. Иймээс модоо зөв сонгож,  анхан шатны гарын авлагын дагуу төлөвлөх хэрэгтэй.

+ There are no comments

Add yours

You May Also Like: