ТЭР НӨХРӨӨ ХӨНӨӨСӨН…

 НАСААРАА ТЭВЧСЭН ТЭВЧЭЭР АЛДУУРАХАД… хүний амь эндсэн байдаг нь ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН үр дагавар… Насан туршид нь дарамтлаад нэг л далайлтад амиа алдсан түүх буюу эхнэрийн зовлон дээр эр нөхөр жаргадаггүй гэдгийг харуулсан нэгэн хэргийн талаар энд өгүүлсү. Нөгөө талаар гэр бүл дэх дарамт, хүчирхийлэл, айдас зодуур адаг сүүлд нь аймшигт хэргийг өдүүлдэг болохыг энэхүү бодит явдалд өгүүлсэн болно. Ухаарлыг авахтун…

Нулимстай, хэрүүлтэй амьдрал, харгис нөхрийн зодуураас үүдэлтэй гэмтэлтэй бие нь олон удаа төрөх явцад гам алдсанаас үүдсэн сав хөөрөх өвчнөөр олон жил шаналсан бүсгүйг Т.Бурмаа гэдэг. 1957 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн тэрбээр 1974 онд нөхөр Сүрэнтэйгээ гэр бүл болон эр нөхрөө даган нутгаасаа гарч Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйд төвхнөж амьдарч эхэлсэн аж. Т.Бурмаа нийтдээ 12 удаа төрсөнөөс долоон хүүхэд нь эрүүл энх өсч буй ч халамж муутай нөхрийн харгислал, жил дараалан төрүүлсэн олон хүүхдийнхээ төлөө унтах нойр, идэх хооло хасан зүтгэсэн ч амьдрал ахуйн гачигдал, тохь муутай амьдралын нэрмээс зэргээс үүдэж сэтгэцэд нь өөрчлөлт орсон байна…

ДАРАНГУЙЛЛААС ҮҮДСЭН ҮХЭЛ…

Хаврын сүүл сар буюу тавдугаар сарын 29-ний өглөө үүр хаяарч байхад эр хүний хахир хоолойгоор сэтгэлд хүйт ормоор архирах шиг хашгирах чимээнээр нойрноосоо сэрэн ухасхийн өндийсөн Ариунаа охины нүдэнд аав нь толгойгоо гилжийлгэн хүзүүнээсээ цус асгаруулан сөхөрч унаж байхтай нь зэрэгцэн баруун гартаа сүх барьсан ээж нь хаалгаар гүйж гарч байхыг харах нь тэр… Ухаан нь саруул биш ээжийгээ гэх үү, улаан цусандаа хутгалдаж шаналж байгаа аавыгаа гэх үү… хэсэгхэн хоромд алмайрч сатаарсан Ариунаа охин нэн түрүүнд цусандаа хутгалдан үүдэнд сөхөрч унасан аав дээрээ гүйж очин гартаа тааралдсан давуу, хувцасны тамтагаар бургилан асгарах цусыг тогтоох гэж баахан оролдож… нэг харахад аав нь амьгалахаа байж, хамаг бие нь сулран хоолой нь хоржигнон цустай хөөс жавьжаар нь цахарч ирсэнээ бүхий л бие нь хөдөлгөөнгүй болжээ…
Энэхэн зуур ээжийгээ сүх аван гэрээс гарсаныг санасан охин ухасхийн гарахад улайрсан тэнгэрийн хаяатай зэрэгцэн урд гол чиглэн унан тусан хэрэндээ л хурдаараа гүйж байгаа ээжийгээ олж харах нь тэр… Сүүлийн үед өвчиндөө шаналахдаа, аль эсвэл архи ууж ирэн зодох нөхрийнхөө гарын аяыг дийлэхээ байхаараа “усан унаж үхэж, төгсдөггүй зовлонгоос салмаар байна” хэмээн уухирдан хашгирдаг ээж нь Онон голын ус руу үс гэсгээ сэгсэлзүүлэн гүйж явахыг харсан Ариунаа охинд хаанаас нь гарсан их чадал юм бүү мэд, хамаг хурдаараа ээжийгээ зогсоохоор чавдаж байв…
Үнэндээ хөөрхий охин хичнээн гүйгээд ээжийгээ гүйцэх нь өнгөрч байгааг өглөөний хар чийгээр уур цухал болсон хөршийнхөө дуу чимээнээр сэрсэн айл саахалтынхан нь бүгд харан халаглаж зогссон гэдэг. Ухаан самуурсан эхээ үхлээс аврах гэж хар тэнхээгээ шавхан гүйх охины цөхрөл тасрахын даваа дээр голын ирмэг дээр ээжийгээ арай хийн гүйцсэн охин хормойноос нь шүүрэн авсанаа ахиулан хөлөөр нь тэвэрч аваад “миний ээжээ болиоч ээ, охиндоо хайртай л юм бол миний үгэнд орж, наддаа үлдээч дээ, ээжээ, гуйж байна, тэгэх үү” хэмээн хашгиран уйлах чимээтэй зэрэгцэн дүү нар нь ч гүйлдсээр очиж, гаслант эхийнхээ гар хөлөөс зууран уйлалдаж эхэлсэн байна.
Царай нь цонхийж, нүд нь гөлөрсөн хөөрхий эх хормой хотоос нь чаргуулдан уйлалдах хүүхдүүдээ сая л харсан мэт гэнэт сэхээрч, нэг бүрчлэн тойруулан харсанаа бага хүүгийнхээ сөөсгөр даахь, халтар хацрыг нь илж, наалдсан хог шороог нь түүж арчин, алгаараа энхрийлэн илж сууснаа гэнэт өндийж, “Миний хүүхдүүд ижийгээ явуулчих, ээж нь явчихья, энэ өвчин шаналал ээжийг нь үхүүлээд удаж байна. Амьд үхдэл шиг ингэж явахаас залхаж байна, ядарч туйлдсан золгүй эхээ зүгээр л явуулчих, миний хүүхдүүд ээждээ хайртай бол амар амгалангий далай руу үдэж өгөөд буц. За тэг ээж нь гуйж байна” хэмээн өгүүлээд хүүхдүүдээ түлхэн биеэсээ холтгоод ухасхийн боссоноо царай нь цонхийн хэвлийгээ нэг гараараа даран нөгөө гараараа ширэлдсэн үстэй толгойгоо барин ухаан алдаж унах нь тэр…
Энэ үед хүүхдүүд ижийгээ бүчин шавж, хормой хотноос нь зууран чирсээр голын эргээс холдуулж чаджээ. Хэсэг хугацааны дараа ухаан орсон ээж нь хүүхдүүддээ дийлдсэнээ ойлгосон уу “тэнгэр ээж минь би хаачих вэ, ээж минь ээ” хэмээн цурхиртал уйлж байснаа гэнэт ухасхийн босч гэрээдээ гүйж. Ямар ч байсан голын усанд унахгүй боллоо хэмээн баярласан хүүхдүүд нь араас нь гүйлдсээр гэртээ ирэхэд ээж нь “гар нүүрийнхээ цусыг угаацгаа” гэсээр шанаганд ус хийчихсэн угтаж… Энэ үед тэд нарт туслахаар хөрш зэргэлдээ айлын хүмүүс ирж, эмч, цагдаа дуудаж, бүсгүйчүүд нэгдэж, хөөрхий бүсгүйг тайвшруулж байжээ…

АМИЙГ НЬ ХӨНӨӨТЛӨӨ ҮЗЭН ЯДСАНЫ УЧИР…

…Сав хөөрөхөөрөө л зүрх нь оволзон, хамаг бие нь шархирч, байж ядахдаа “бушуухан л үхэж энэ зовлонгоос салахсан. Даанч энэ хатуу харгис хүнд олон хүүхдээ орхиод яваад өгч чадахгүй байна” хэмээн нулимсаа залгин байж байнга өгүүлдэг Бурмаагийн зовлонг хөршүүд нь бүү хэл сумынхан нь андахаа байж. Нөхөр нь халамжгүй, архичин, архи хэтрүүлэн ууж ирээд гарын шүүсээ ядарсан эхнэртээ гаргаад зогсохгүй охидоо 16 нас хүрсэн хэмээн гэрээсээ хөөж зодох болсон учир сум даяараа зовсон бүсгүйн тавиланг ярих болсон ч туслах гэж оролдсон нь үгүй гэнэ. Бурмаа бүсгүй хоёр ч удаа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн учир сүүлийн жилүүдэд өвчин нь холын хүмүүст мэдэгдэм сэдрэх нь гайгүй байсан тухай нутгийн иргэд, хүүхдүүд нь цагдаад гэрчилж. Мөн их өвдөж шаналахдаа “өөрийгөө хороогоод ч болов зовлонгоос салахсан хэмээдэг. Би үхмээр байна, даанч архи уухаас өөр нэмэргүй аавтай нь энэ нялх хүүхдүүдийг орхиод явна гэхээр гол тасарч өгөхгүй байна. Ойрдоо бие маань өвдөөд зүр хөөрөөд болдоггүй” хэмээн хөрш О.Цэрэнчимэддээ аминчирхан өгүүлсэнийг ч сэтгэл сайтай хөрш нь хуулийн байгууллагад хэлж тэмдэглүүлсэн байна.
Харин охин Ариунаа: ээж маань 12 удаа төрсөн. Саяханаас өвчин нь хүндэрсэнээс болж “гол руу ороод сайхан сэрүүцмээр байна. Халуу шатсан өвчнөөс хүйтэн ус, гол хоёр л намайг аварна. Охин минь том болж байна, дүү нараа асраад алзахгүй болчихлоо” гэж их ярих болсон. “ээж нь аавынх нь зодуурыг даахаа байлаа. Миний биед эрүүл газар ч алга, энэ өвчин ч газар авч байх шиг байна, ээжийнх нь амгалан байх ганц газар гол л байна” гэж байнга ярих болсон. Аавын зодуур ээжийн биед төдийгүй сэтгэлийг нь ч шархлуулж дуусгасан. Тиймээс аавын аминд хүрсэн. Хэрэг гарахын өмнөх шөнө аав архи ууж ирээд агсам тавиад “намайг 16 нас хүрсэн гэрээс зайл, үүнээс цааш тэжээж чадахгүй гэж зодоод, ээжийг галзуу авгай, чамд галзуурахаас өөр хийж чадах зүйл байхгүй, галзуу ээжээ тойрсон галзуу хүүхдүүд гэх мэтээр доромжилж бүгдийг нь зодсон”. Ээж аавыг аргадаж, биднийг зодуулахгүй гэсэндээ өөрөө зодуулж, аавын нүдэнд өртөхгүй газар дүү нараа аваад унтаж бай. Ээж нь аавыг нь унтахаар та нар дээр очно гэсэн. Тэгээд ээжийн үгэнд ороод дүү нараа пүнзэнд унтуулж байгаад би унтчихсан байсан. Гэнэт аав хашгирахаар нь сэрэхэд… тийм асуудал болсон байсан… гэдэг мэдүүлэг өгсөн байдаг.
Цагдаагийн байгууллагаас хүний амь хөнөөсөн, амиа хорлох магадлалтай байсан учир Бурмааг эмнэлгийн хяналтад байлгаж, цагдаагийн хяналтад оруулсанаар эмнэлгийн байнгын тусламж авч, мөн хүүхдүүдтэй нь чөлөөтэй уулзуулж байсан учир бие нь амархан дээрдэж мэдүүлэг өгөх боломжтой болсон байна. Тэрбээр мэдүүлэгтээ, “Би 1974 онд нөхөртэйгээ гэрлээд Номгонд ирж, суурьшсан. 12 удаа төрж, долоон хүүхэдтэй. Манай хөгшин ээж бидний хүүхдийг асарч, манайд хамт амьдардаг байсан. Гэтэл хөгшин ээжийг маань нөхөр маань зодчихдог, намайг өмөөрлөө гээд хамт зодчихно. Би маш их гомддог байсан. Сүүлдээ хүүхдүүдээ зоддог болсон. Манайд түүнд зодуулаагүй хүн байхгүй. Архи их ууна. Тэр хэрэг гардаг өдөр гэхэд Дарханаас ирсэн Нохойжав гэдэг хүнтэй гэрт нэг, гадаа нэг гээд хоёр шил архи уусан. Нохойжав орой буцахад нөхөр гэртээ ирээд агсам тавьсан. “16 нас хүрсэн нь маргаашаас зайл, Энэ гэрээс зайлж замаа бодоцгоо, 16 нас хүртэл чинь тэжээлээ болоо биш үү. Харин 16 нас хүрээгүй нь наад галзуугаа тойроод байж бай” гэх зэргээр доромжлон харааж зүхэж байснаа зодож эхэлсэн. Үнэндээ тэр шөнө унтаж чадаагүй, бие өвдөж, сэтгэл гутран маш ихээр тарчилж байсан. Тэгж байгаад гэнэт нөхрөө алая гэдэг бодол орж ирсэн. Нэг л мэдэхэд сүх аваад цохичихсон байсан. Бүүр түүрхэн санадаг. Нэг мэдэхэд хүүхдүүд ирчихсэн, би өөрөө гол руу үсрэх гээд зогсч байсан. Хүүхдүүд зууралдаагүй бол би гол руу орох байсан. Угаасаа гол руу орохоор халуу шатаж өвддөг намдах байх гэж дандаа боддог. Бас гол руу орвол тэнд намайг доромжилж зодох хүн байхгүй гэж дандаа бодогддог болсон. Тэгээд л гол руу орох гэж байхад хүүхдүүд хориглоод оруулаагүй. Тэгээд хүүхдүүдээ харсан чинь гар хөл нь нил цус болсон байхаар нь гэртээ ирээд угааж өгсөнөө санаж байна. Өөр санах зүйл алга…” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг…
С.Баяр

+ There are no comments

Add yours