“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум өнөөдөр эхэллээ. Уг чуулган маргааш хүртэл үргэлжлэх юм. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм нөхөд өө,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгаж, “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” сэдэвт өнөөдрийн чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж байна.
Өнгөрсөн сард манай хөрш БНХАУ-ын Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь гурван конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан билээ. Иймээс өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол Улсаас оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтын тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад би маш баяртай байна.

Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орон юм. Зөвхөн өнөө жилийн байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож, ихэнхи нутгаар хуурайшил, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж, зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа. Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч бид энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна.
Энэхүү зорилтыг бид Монгол Улсын Засгийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ хөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх чадавхи, үйл ажиллагааны уялдаатай холбоотой бэрхшээлүүд тулгарч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг хэрэгжүүлж чадахгүй байна. Ялангуяа санхүүжилтийн хувьд дан улсын төсвөөс хараат байх, зөвхөн төр засгийн байгууллагууд хариуцаж гүйцэтгэх нь төдийлөн оновчтой биш байна. Ийм учраас төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, иргэдийн хөрөнгө оруулалт, санаачлагыг дэмжих, үүний тулд холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байна.
БОАЖЯ өнгөрсөн 9 дүгээр сард олон улсын Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагаар томилогдсон Хас банк, мөн Монголын банкны холбоотой хамтран ногоон санхүүжилт, ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл солилцох чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.
Харин өнөөдөр, маргааш 2 өдөр хуралдах энэхүү чуулган нь илүү өргөн хүрээг хамрах бөгөөд чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх талууд энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх явдал юм. Энэ утгаараа өнөөдрийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага, Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ болж байгаад ихээхэн баяртай байна. Ийнхүү оролцогч талуудын төлөөлөл хуран чуулж, санал солилцох боломж бүрдүүлэх талаар бидний санаачлагыг бүх талаар дэмжиж, хамтран ажилласан ХБНГУ-ын холбогдох байгууллагууд, мөн Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллагад тусгайлан гүн талархал илэрхийлж байна.
Чуулганы хэлэлцүүлгийн үр дүнд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаар хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд тус чуулганд цаг заваа гарган оролцож буй та бүхэнд дахин талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Баярлалаа.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
