МАН дотор шуурсан хар шуурга эрчээ авч, Ерөнхий сайдын суудал хүчтэй ганхсан долоо хоногийн ажлын сүүлийн өдөр. Зарим тохиолдолд “хар баасан гараг” ч гэх нь байна. Төрийн эрх баригч нам, парламентад 65 суудалтай МАН-ын дотоод тэмцэл газар авсан нь Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш олонд ил болсоор эдүгээ бүр эрээгээ барах болсон. Үүний илрэл Шадар сайд эрхэмийг дагаж, чагнасан, гүйцэтгэх ажиллагаа, гэрчийн этгээдийг сүр дуулиантай баривчлан саатуулсан үйл явдал, Ерөнхий сайдын Цагдаагийн ерөнхий газрын даргад бичсэн хүсэлт, УИХ-ын даргын байгаа байдал гэх мэтээр зун намрын завсарын хэд хоногийг зугаатай, үзэх юмтай өнгөрүүлөх болов, монголчууд маань.
Толгой хагаравч малгай дотроо хэмээн асуудлыг хүрээндээ авч үлдэж чаддаг 90 жилийн туршлага аргагүй л энэ цаг дор задарч бутран, эцэг өөр, эх нэг хүмүүжил муу хэдэн бандитай айл шиг асуудал болгон нь гадагш дэлбэрч урсах болсон МАН-нд өнөөдөр туршлагатай, тулхтай, олны итгэлийн хүлээсэн улс төрчид үлдэхгүй болов уу гэлтэй нэр хүнд нь унав.
Буруудвал тэр чигээрээ буруудчихдаг кноп дээрээ дарсан юм шиг уруудах тус намын гишүүдийн дунд намаа цэвэрлэх өөрчлөх яриа газар авч, эхнээсээ үйл хэрэг болон хүрээгээ тэлэх болсоор ёстой л даравч далдайж, булавч бултайх гэдэг болж, байгуулагдаад зургаахан сар болж байгаа Засгийн газраа унагаахаар гарын үсэг цуглуулаад эхлэв. Хортой, хүчтэй энэ гарын үсэг долоогийн тоогоор эхэлж, 10 хүрээд байгаа бол Засгийн газартайгаа хамт Улсын их хурлын даргын суудлын асуудал ч хүндхэн болж эхэлсэн аж.
Хэдийгээр Засгийн газар байгуулагдаад зургаан сар ч болоогүй байхад унагаах тухай асуудлыг дотооддоо сөхсөнийг олон нийтээс ихээхэн нууцалж, уг мэдээллийг МАН-ын зүгээс тухай бүрд нь үгүйсгэж байсан ч сүүлийн үед нам доторхи үл ойлголцлын асуудлаас үүдэн, УИХ-ын нэр бүхий долоон гишүүн нэгдэж огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Өчигдөр долоо байсан гарын үсэг өнөөдөр 10 хүрч байгаа нь асуудал ямар төвшинд хүрээд байгааг харуулж байна. Учир нь холбогдох хуулийнхаа дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэн нөхцөлд УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг.
Асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг хүлээж авах горимтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл Ерөнхий сайд огцорно гэсэн үг. Тэгэхлээр одоогийн Ерөнхий сайдын хувьд маш хүнд өдрүүд үргэлжилж байна гэсэн үг. Учир нь тэр МАН-ын даргад өрсөлдөхөөр бэлтгэлээ эхлүүлсэн. Түүний өрсөлдөгч мэдээж У.Хүрэлсүх. Харин МАН-ын даргад нэр дэвшихэд парламент дахь эрх баригч намын 65 гишүүний 30 нь У.Хүрэлсүхийг шууд дэмжихээ илэрхийлээд буй.
Харин үлдсэн 35 гишүүн нь МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, “гал намжаах” асуудлыг дэмжихээр тохиролцсон гэдэг. Гэхдээ энэ хэр үндэслэлтэй яриа болохыг цаашид үргэлжлэх үйл явдлууд бэлээхэн харуулах болно. Хэдийгээр УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд намд шинэчлэл хийхийг дэмжиж байгаа ч ерөнхий байдлаараа ирэх сард болох Бага хурлын шийдвэрийг харсан байдлаар байр сууриа илэрхийлэх сонирхолтой буй гэдэг. Харин өөх ч биш булчирхай ч биш энэхүү байдлыг хэзээний омголон хурц араншинтай Шадар сайдын огцом огцом алхамууд өөрчилж мэдэх баал үүсээд байна. Гэвч түүний энэ байдлыг тооцоолсон нөгөө тал тээг тавих эхний алхамаа тавьсан нь Шадар сайдын дагасан гэрчийг сүр дуулиантай баривчлах байж таарсанаар барахгүй олон нийтийн дургүйцлийг маш ихээр хүргэсэн үйл явдал болчихов.
С.Баяр
+ There are no comments
Add yours