Тусгаар тогтнолын ордонд “түймэр” дэгдэж эхэлж. Даравч дардайж, булавч бултайсаар, цагаан ордоны зүгээр саарал утаа савсах болсон учир хэрнийн хэрүүлийг тоодоггүй иргэд хүртэл чих тавин хүлээж, чимээ сонсох гэж мэрийх болов. Баргийн асуудлыг дотроосоо гаргалгүй дарчихдаг, тэр хэрээрээ эв нэгдэлтэй харагдаж, ард түмнээсэ кок авч чаддаг МАН-ын цагаан байранд хуучныг сөрсөн их нанчилдаан чимээгүйхэн газар авч, хүрхрэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч, тэснэ тэснэ гэж үүнээс илүү хэрхэн тэсэх билээ гэдэг монгол хэлц бий. Харин энэ хэлц амьдрал дээр батлагдсан зүйл болсон Цагдаагийн ерөнхий газарт хандсан Ерөнхий сайдын хүсэлт, Шадар сайдын зөвлөхийн сэтгүүлчдэд хандсан мэдээлэл байв.
Аргагүй л, 90 жилийн түүхтэй, хэрийн хэргийг нам дотроо хав дарчихдаг МАН гэгч аймшигт мангасын хүч суларчээ. 90 жил гэдэг нэг биш үеийг төрүүлэх цаг хугацаа. Өмхөрч, өвгөрч, өөр дотроо өсөн бойжсон их цаг үеийг тээсэн МАН гэх мангар том хөлөг онгоц, олон жилийн хар хордоо дотроосоо идэгдэн идэгдсээр 90 жилийнхээ босгон дээр ийнхүү хөл алдан задрахдаа тулав.
МАН-д бий болж буй, зарим нэгний гэрчилж буйгаар найман сарын сүүл, есөн сарын эхээр дэлбэрэх “галт уул” хайлж эхэлжээ. Харин үжгэрч, хөгширсөн энэ галт уулыг дотроос нь дэлбэлж, гаднаас нь өрдөж буй этгээдүүдийг учир мэдэх хүмүүс С.Баяр, М.Энхболд нарыг гэлцэх нь чихний гадуур өнгөрсөнгүй. Уг нь хөөрхий МАН-ыхан, энэ талаар дээр дооргүй шивнэлдэж, дээлийн энгэр, цамцны ханцуйндаа чимээгүйхэн ярилцаж буй ч өдөр өнгөрөх тусам хэн хэнээсээ илүү чанга дуугарч, аль чанга дуу гаргасан нь ялах юм байна хэмээн ойлгож муйхарлах болсноор тэдний шивнээ хүрээгээ халин асгарах нь тэр. Эдүгээ сошиалаар “С.Баяр нүхийг нь ухаж, М.Энхболд намаа булшилж байна. МАН-д үүрлэсэн луйварчдын нүгэл нь нүдээрээ гараад эхэллээ. Түүнийгээ далдлахын тулд намын шударга нөхдөө намрах оролдлого хийж буй нь даарин дээр нь давс асгасанаас ялгаагүй болов. Намын даргын албан тушаалаа өгч буй нь ёс зүйтэй мэт харагдах гэсэн ээлжит хууран мэхлэлт, харин өөрийнхөө хэр хэмжээг мэдэж, ард түмэндээ адлагдаж буйгаа хүлээн зөвшөөрч, ойлгож буй хэрэг юм” гэлцэх болов. Мэдээж амттайхан суудлаа аргагүйн эрхэнд орхиж буй ах нар араа бодолгүй шууд гараад явах нь түүхэнд хазгай. Тиймээс гарын доор, үгнээс гарахгүй “хүүхэлдэй”-гээ бэлтгэж, “усанд оруулж, үсгийг нь самнан гоо сайхан болгож өгөөд болж өгвөл өөрийн суудлаа өвлүүлж үлдээх чин сэтгэл бий нь тодорхой болсон нэг тал.
Угсаа залгамжилсан хан хүү шиг “болор суудал”-г эзэлсэн бүлэг этгээдийн алдаа гаргахыг хүлээн, өөрсдийнхөө ээлжийг хүлээн өнө олон жил алдан онон хүлээсэн хүлээлтийн эцэст арай хийн олдож буй том боломж. Зөв хөдөлбөл өөрийн болгохоор барахгүй, өөрсдийн түүхийг бичиж үлдээх алтан боломжийг өнхөрөөд ирж байхад зүгээр л хараад өнгөрөхийг хүсээгүй нөгөө тал. Олон жилийн хүлээлт, мөрөөдлөө өөрийн болгож, өөрсдийн эрин үеэ зарлах боломж, хөрсгүй талын цусгүй “дайн”-д хөөрч мордсон багаа зөв гэж харсан зүг рүүгээ зугуухан залж, цагаан цаасан дээр тод хараар мөрөө үлдээж, түүхээ бичих гэсэн их тачаал. Ганцхан алхам л буруу бол хормын зуур бусгаад алга болж орхих үүлэн чөлөөний нар шиг их аз… өнөөдөр МАН гэх хөлөг онгоцыг дайвалзуулж, аз, олзонд улайрсан нөхдүүд бие биенээ тасчин идэхээр улайрах нь аймшигтай.
Монгол Улсын Ерөнхий сайдыг монголчууд мэл гайхаж, цэл хөхөрч хүлээж авсан цаг саяхан. 60 тэрбумын углуургад жаахан л танилтай, мөнгөтэй бол зөөлөн суудалд намбайж болохыг өөрсдийн биеэр үлгэрлэн харуулсан МАН-ыг монголчууд мөргөх шахам нэгэн дуугаар сонгоод “шилэн дээрээ шээлгэх” гэдэг ямар муухай үг болохыг өөрсдийн биеэрээ харсан, үзсэн, туулж байна. Тийм ч учир улаан хараал, тэмцэл, хэрүүл дундаас сөрөг намаас Ерөнхийлөгч сонгон мөн л ирээдүйгээ сонгох их сонголтыг азаа үзэх зарчмаар хийсэн ард түмэн гэгдэх монголчууд өнөөдөр МАН гэх малгайн доторх албан тушаалын тэмцэл малгайнаасаа хальж гудамжинд гарч ирэхийг хараад алгаа ташин баярлаж байгаа нь хурц өнцөг.
Монгол Улсын Ерөнхий сайд иргэний хувиар цагдаагийн байгууллагад хандаж. Тэр Монгол Улсын Засгийн газар гэх малгайгаа тайлан байж, өөрийх нь эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар нэгд нэгэнгүй тайлбар гарган, асуудлыг хурцадахаас өмнө шийдвэрлэж өгөхийг Цагдаагийн ерөнхий газраас хүсч.
Омогтой, шартай, эртэй гэгддэг Шадар сайдыг зөвлөх нь төлөөлж, “Сарын өмнө бидэнд Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар мөрдөж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг Шадар сайдад танилцуулахад “Хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй” гэж үзсэн. Ийм учраас долдугаар сарын 3-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэндэд халдах зохион байгуулалттай үйл ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж, яаралтай арга хэмжээ авна уу” гэж бичсэн байгаа. Одоогоор дээрх газруудаас ямарваа нэгэн хариу ирүүлээгүй байна. Дөрөв хоногийн өмнө мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт хандсан” гэв. Түүгээр зогсохгүй, “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар чагнах, тагнах ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын албанд мэдээлэл ирүүлсэн” хэмээх.
Энд хэн нь үнэн ярьж, хэн нь шоудаж байгааг цаг хугацаа харуулахаас, тэрний зөв, үүний буруу гэх дүгнэлт өгөх нь эртэднэ. Учир нь бохир улс төрөөр нэр нүүр, суудлаа бэхжүүлэх гэсэн хорт явуулгад үзэгчид болсон жирийн иргэд, мөн ялагдсан тал л хохирдог болохоор…
Сэтгүүлч С.Баяр
+ There are no comments
Add yours