ХОЁР ХҮҮХЭД МӨНДӨРТ ЦОХИУЛЖЭЭ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо.

Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна.

Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон гэсэн урьдчилсан мэдээлэл ирүүлээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн суманд ажиллаж байна.

Уг гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Булганы Хутаг-Өндөр суманд теннисний бөмбөг болон өндөгтэй зүйрлэхүйц хэмжээний мөндөр өчигдөр  орж, байгалийн аюулт үзэгдэл болсон байна. Бид Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяртай холбогдож, үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Өчигдөр үдэш 18.15 цагаас 18.30 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр орсны улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдэд багагүй хохирол учирсан байна. ОБГ-ын даргын хувьд би ажлын хэсгийг ахлаад газар дээр нь ажиллаж байна. Тус сумын төвд байрлах 50 гаруй байшингийн дээвэр цөмөрч, 150-160 машины цонх хагарч, 20 айлын гэр нурсан байна. Голчлон хойшоо харсан цонхнууд хагарсан. Мөндрийн хувьд одоо ч хайлаагүй байна. 3,5 см голчтой мөндөр бууснаас чамгүй хохирол учирчээ. Иргэд болоод улсад учирсан хохирол эцсийн байдлаар гараагүй. Хүн бэртэж, гэмтээгүй, мал өртсөн гэх мэдээлэл одоогоор ирээгүй байна гэлээ.

Мөндөр зурвасхан хугацаанд 400-500 метр өргөн зурвасаар орж, ийм гамшиг тохиолджээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас түр зуурын бороотой, салхитай гэж мэдээлж байсан ч мөндрийн тухайд урьдчилан мэдээлэх боломжгүй байсан бололтой. Байгалийн аюулт үзэгдэл Хутаг-Өндөр суманд төдийгүй Хөвсгөл аймагт буусан гэсэн мэдээлэл байна.

Гэрэл зургийг фэйсбүүкийн Dorj Batnyagt хаягаас авав.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороотой, ган тайлагдаж, газрын өнгө сэргэж байна. Бороо хурын дэмээр түймрийн сураг ч намжиж байна. Өчигдөр /2017.07.24/ Булганы Хутаг-Өндөр суманд теннисний бөмбөг болон өндөгтэй зүйрлэхүйц хэмжээний мөндөр орж, байгалийн аюулт үзэгдэл болсон байна.

Аймгийн онцгойтой холбогдоход “Хүчтэй мөндөр байшин сав, машин тэрэг, мал хуй дайрч их хохирол учруулсан” гэсэн байна. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд бид энэ тухай эргэн мэдээлэх болно.

Г.Саруул

+ There are no comments

Add yours