“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын ЭМЯ, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо, Монголын Элэгний эмгэг судлалын холбоо хооронд хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “ЭМЯ-наас хепатитын вирусын тархалтыг бууруулах, хепатитын вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулахаар олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэхүү гэрээг байгуулж буй явдал юм. Бид хамтын ажиллагааны хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөгөө авах, эмч, мэргэжилтнүүдээ гадаад, дотоодын сургалтад хамруулж, судалгаа шинжилгээний ажлыг нотолгоонд суурилсан, мэргэжлийн түвшинд хамтран зохион байгуулах боломж гарч байгаад талархалтай байна” гэв.Энэхүү санамж бичгийг байгуулснаар Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад зөвлөгөө өгч, хепатитын вирус, түүний шалтгаант элэгний эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад сургах үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх юм.
Харин Монголын Элэгний эмгэг судлалын холбооны хувьд олон улсын эрдэмтэн судлаач, зөвлөхүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах талд хамтран ажиллахаар боллоо.
+ There are no comments
Add yours