Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Хүннү, Сяньби, Уйгар гээд эртний төрт улсын түүхийн өлгий арын сайхан хангай нутгийн ард иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Ийнхүү 16 дахь аймагтаа ажиллаж буй тэрээр өчигдөр Завхан аймгийн Улиастай хот, Тосонцэнгэл, Их-Уул сумын иргэд сонгогчидтой уулзсан билээ.
Хөдөө хотгүй бороо хургүй, зуны бүгчим өдрүүд ар араасаа хөвөрч, зуншлага тааруу байгаа ч арын сайхан хангай нутагт зуншлага харьцангуй гайгүй байгаа аж. Гэвч, муйхар төрийн мунхаг шийдвэр, ард түмний нуруун дээр тохсон ачаа, төрийн албан хаагчдыг хоморголон халсан гээд тус аймагт өрнөж буй элдэв асуудлаас үүдэж архангайчууд бухимдалтай байна. Тиймдээ ч амласандаа хүрдэггүй, төрийн албыг хуйвалдан худалддаг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгохгүй хэмээн хэлж байна.
Нэр дэвшигч Х.Баттулга аймгийн Нутгийн удирдлагын ордонд иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ “Сонгуулийн сурталчилгааны ажлынхаа хүрээнд 16 дахь аймагтаа уулзалт хийж байна. Миний бие ЗТБХБ-ын сайд байхдаа 21 аймгаа нийслэлтэй холбох автозамын нэгдсэн бүтээн байгуулалтын зураг төслийг нь батлуулж байв. Энэ ажил эхнээсээ биеллээ олж, автозамын сүлжээнд холбогдоогүй цөөн хэдэн аймаг үлджээ. 10 хоногт 16 аймагт ажиллана гэдэг зам харгуйгаас шууд хамаарах зүйл. Хийж бүтээсэн замаараа торж саатах юмгүй давхиад ирэх сайхан юм.
Хэдий зам харгуй тавигдаж, хөдөөд хөгжил цэцэглэлт өрнөж байгаа ч малчид руу, хөдөө рүү чиглэсэн бодлогын ажил тэр бүр хэрэгжихгүй байна. Өдгөө 90, 100 жилийн ойгоо тэмдэглэж буй аймаг, сум олон байгаа ч цэцэрлэг, сургуулийн асуудлаа цэгцэлсэн нь гарын арван хуруунд багтахаар л байна. Яагаад сумын төвийн хүүхдүүд хотын жаалууд шиг хананаас нь халуун ус гоождог, дотроо 00-той газар амьдарч болохгүй гэж. Үүнийг өөрчлөхийн төлөө сумдад “Шинэ сум” гэх төсөл хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн ч Баянхонгорын хоёр суманд хэрэгжээд л цааш явсангүй, явуулсангүй.
Мөрийн хөтөлбөртөө байгаль орчин, түүхэн дурсгалт газруудыг хамгаалах, нөхөн сэргээх гэхчлэн байгаль экологийн асуудлыг тусгайлан авч үзсэн. Миний бие 2010 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт хийгдсэн Хүннүгийн үеийн булшны малтлага, судалгааны ажилд хөрөнгө оруулсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Археологич Эрдэнэбаатартай хамтран хэрэгжүүлсэн эл ажлын хүрээнд монголчүүд бидний төрт ёсны түүх хоёр биш дөрвөн мянган жилээр ч яригдах боломжтойг тогтоосон нь бий. Гол модны булшнаас алтадсан сүйх тэрэг, аяга шаазан, хөгжмийн зэмсэг гээд асар их түүхийн биет өвүүд олдсон нь архангайчуудын хувьд түүхэн ач холбогдол бүхий үнэт баялаг билээ. Төрт улсын түүхийг урагшлуулсан эл судалгааны ажилд оролцсоноороо бахархаж явдаг” гэв.
Архангайнхантай уулзсан уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Архангай аймгийн уугуул Р.Гончигдорж, Д.Ганхуяг, аймгийн Ардчилсан намын дарга М.Батжаргал нар оролцсон юм.
М.Батжаргал: Тэмээ гэж хэлчихээд ямаа гэж зүтгэдэг төрийн тэргүүн хэрэггүй
Аймгийн Ардчилсан намын дарга М.Батжаргал уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид 27 жилийн түүхтэй ардчилсан нийгмээ аварч үлдэх, тусгаар тогтнолоо хамгаалах, эцсийн эцэст Монгол Монголоороо үлдэх, Монгол ялах эсэхийг шийдэх түүхэн сонголтын өмнө тулж ирээд байна. Эрх баригч МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ард түмнийг олон сайхан амлалтаар хуурч, 65 суудал авсан ч амласан амлалтаа умартаж, бүрэн дүүрэн няцаад байна. 2008 онд төр түмнийг хагалан бутаргаж, иргэд рүүгээ буу шагайж, таван хүний халуун амийг бүрэлгэсэн нам өдгөө “Эвтэй Монгол” хэмээн уриа дэвшүүлж, ард түмнийг тэнэг мэтээр доромжилж сууна. Тэнгэр заяат монголчууд бид тэмээ гэж хэлчихээд ямаа гэж зүтгэдэг төрийн тэргүүнтэй болох юм гэж үү. Тэмцэж байна хэмээн хоосон хийрхэж, таарсан намаа самарч явдаг тоглоомын Ерөнхийлөгчтэй болох юм гэж үү. Үгүй, хий хоосон ярихаасаа илүү хийж бүтээж харуулдаг хөдөлмөрч Ерөнхийлөгчтэй болно. Эцэг өвгөдийнхээ захиасыг ирээдүй хойчдоо уламжлах эх оронч эгэл хүмүүн Халтмаагийн Баттулгаар удирдуулмаар байна. Архангайчууд та бидний сонголт мэргэн байх болтугай” гэв.
Уулзалтын дараа иргэдээс ирсэн санал сэтгэгдлээс онцоллоо.
Б.Ганбазар: Архангайчууд саналаа худалдахгүй
Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн малчин
Хангай сумынхаа малчин ардын өмнөөс үг хэлэх болсондоо баяртай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тэр, шүүх цагдаа, төрийн эрх ч нөгөө талд байгаа энэ үед биднийг эв нэгдэлтэй байхыг сануулсан, тэнцвэргүй сонгууль болж байна. МоАХ анх байгуулагдаж цусгүй хувьсгал хийхдээ ч мөнгө төгрөг тарааж байгаагүй юм шүү. Тэр бол жинхэнэ үзэл бодлын сонгууль байсан. Гэтэл өнөөдөр ард түмний саналыг тав, аравхан төгрөгөөр худалдаж авдаг муу муухай юм дэлгэрч ээ. Бидэнд энэхүү хар хүчийг ялах боломж дүүрэн байгаа гэдэгт итгэл төгс байна. Архангайчууд саналаа худалдахгүй.
Ц.Нарантуяа: Бидний үр хүүхэд аль ч намын гишүүн биш шүү дээ, Энхболд дарга аа
Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн
Ардчиллын өлгий архангайчууд үе үеийн сонгуульд ялагдаж үзээгүй. Гэтэл өнгөрсөн оны луйврын сонгуулийн дүнд төрийн албанаас мянга мянган эмэгтэйчүүд, ээжүүдийг халлаа. Энэ дунд өрх толгойлсон эхчүүд олон бий. Угтаа, тэдний үр хүүхэд аль ч намын гишүүн биш шүү дээ. Энхболд дарга аа, энэ чинь тэгээд ээлтэй төр юм уу. Тэртээ 40-өөд оны хэлмэгдүүлэлтийн үед эр нөхрөө алдсан эхчүүдийн зовлонг монгол бүсгүйчүүд одоо ч үүрсээр байна. Архангайн эмэгтэйчүүд, ээжүүд монгол бүсгүйчүүд тэмцэж чаддаг гэдгийг дахин харуулж, Халтмаагийн Баттулгад саналаа өгнө. Таныг элдвээр харлуулсан энэ бүх гүжир гүтгэлгийг эх хүний цагаан сүү цайруулна гэдэгт итгээрэй.
АН-ын сонгуулийн ерөнхий штаб
+ There are no comments
Add yours